“Хөдөлмөрөөр манлайлагчдын форум” уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөрөөр манлайлагчдын форум” уулзалт боллоо

Г.Батхүү: Улс орны хөгжил баг, сумаас эхэлнэ

“Хөдөлмөрөөр манлайлагчдын форум” уулзалт боллоо. Энэхүү чуулганд Монголын бүх аймаг, нийслэл дэх Монголын баг, сумдын үндэсний холбоо МБСҮХ-ны зохицуулагчид, баг хорооны хөдөлмөрөөр манлайлагчид, Солонгосын Шинэ тосгоны удирдагч Ха Са Ён тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Баг, хорооны манлайлагчдыг туршлага солилцуулах, дэмжих зорилготой энэхүү чуулганыг нээж УИХ-ын дэд дарга, Монголын баг, сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч Г.Батхүү хэлсэн үгэндээ, “Энэхүү чуулга уулзалт нь Монголын баг, сумдын үндэсний холбооны хувьд анхных гэдгээрээ онцгой ач холбогдолтой билээ. Хүн ямар ч нөхцөлд санаачлан чармайвал төрийн хишиг, бусдын гарыг харж горилохгүйгээр ямар ихийг бүтээн элбэг хангалуун, нэр төртэй амьдарч болдгийг харуулсан, харуулж яваа олон манлайлагч энэ танхимд сууж байна. Монгол Улс 330 сум,  1578 баг, есөн  дүүрэг, 152 хороотой. Монголын баг, сумдын үндэсний холбоо эдгээр засаг захиргааны нэгжид нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэн,  иргэд амьдран суугаа нутгийнхаа эзэн болж, хөгжил, сайхан амьдралыг цогцлоох боломжийг манлайлагчдын хамт бүрдүүлэхээр зорьж байна. Хүн бүрийн амжилт, бүтээл бүхний ард тодорхой шалтаг шалтгаан байвч энэ бүхнийг нэгтгэж буй нэг л хүчин зүйл бий. Тэр нь өөрийн  хүчиндээ итгэсэн, оюун ухаанаа дайчилсан, уйгагүй хөдөлмөр юм. Иймээс бид  хөдөлмөрөөрөө манлайлагч хэмээн тодотгож байгаа юм. Хөдөлмөрөөр манлайлагчдын ажил бүтээлийн хэлбэр бол өрхийн үйлдвэрлэл юм.  Өрх гэртээ хүмүүст хэрэгтэй, борлуулалт сайтай бүтээгдэхүүн  үйлдвэрлэж байгаа  туршлагыг дэмжих ёстой. Монголын баг, сумдын үндэсний холбоо өрхийн үйлдвэрлэлийг багаараа, хэсгээрээ, саахалтаараа хамтран эрхэлдэг болгох зорилт тавьж байна” гэлээ. Мөн Ц.Лоохууз гуай “Монгол хүний аж төрөх ухаан”-ы талаар хууч хөөрч,Солонгосын Шинэ тосгоны удирдагч Ха Са Ёны амьдралын тухай баримтат киног оролцогчдод үзүүллээ. Юу ч үгүй хоосон байсан тариачин хүү дэлхийн тэрбумтнуудын жагсаалд бичигдэх болсон түүхийг харуулсан киноны үйл явдал сэтгэл хөдөлгөм байлаа. Амьдралын хүнд бэрхийг бага наснаасаа үзэж хатуужин, хөдөлмөрлөсний хүчинд хүн амжилтад хүрч болдгийг харуулсан бодит жишээнээс манайхан нэгийг бодсон бизээ. Хөдөлмөрөөр манлайлагч дотоод, гадаадын төлөөлөгчид ажил амьдралынхаа  туршлагаас солилцсон энэхүү уулзалт халуун дулаан уур амьсгалд  болж өндөрлөсөн юм.  Чуулганд оролцогчдын санал бодлыг сонслоо.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү: Орон нутагт юу хэрэгтэйг иргэд мэднэ

-Уулзалтын чиглэлийг юунд хандуулж хийж байна вэ?

-Өнөөдөр бид урт илтгэл, хийсэн ажлын тайлан тавихгүйгээр орон нутагтаа манлайлагч, үлгэр жишээ болж байгаа хүмүүсийн амьдралын түүх, туршлагыг яриулж байна.Хүн бүр өөр өөрсдийнхөө өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэдэг, түүнд нь төр тодорхой хэмжээний хууль эрхзүйн болон эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг байх ёстой. Хүнд бэрх цаг үеийг хамтын хөдөлмөрөөр давж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тоонд орсон Өмнөд Солонгосын Шинэ тосгон хөдөлгөөний туршлагыг монголчууд мэднэ. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан “Хараа нутгаа хөгжүүлэх” шинэ тосгон холбоог байгуулж, анхдугаар чуулганаа хийсэн. Миний бие Монголын шинэ тосгон хөдөлгөөний Хүндэт ерөнхийлөгчийн хувьд энэ арга хэмжээнд оролцоод ирлээ. Энэ чуулганд мөн БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний төлөөлөгчид урилгаар ирж оролцсон. Монголын баг, сумдын үндэсний холбооноос зохион байгуулж байгаа өнөөдрийн чуулганд газар газрын манлайлагчдын төлөөлөл оролцож байна.

-Баг, сумдыг хөгжүүлэх төрийн бодлого ямар төвшинд байх ёстойвэ?

Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд  онцгой анхаарах ёстой. Хөдөөгийн баг, суманд ажиллаж, амьдарч байгаа иргэд ямар асуудал тулгамдаж байгааг, юуг нь хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатайг сайн мэднэ. Гэтэл баг, сумын асуудлыг, амьдралыг мэдэхгүйгээр дээрээс нь бүх зүйлийг төлөвлөдөг. Суманд хуваарилах төсвийн хөрөнгөөр эхлээд эмнэлэг барих уу эсвэл сургууль чухал уу гэдгийг тухайн нутагт амьдарч байгаа иргэд л мэднэ. Түүнээс биш Улаанбаатар хотод байгаа яам агентлагийн ажилтан шийддэг нь буруу гэж бодож байна. Тиймээс орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төрийн бодлогын хэмжээнд олон ажил хийж байгаа. Тухайлбал, “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан орон нутгийн эдийн засаг болон хууль эрхзүйн орчныг сайжруулж байна.


МБСҮХ-ны гүйцэтгэх захирал Ш. Бямбаа: Манлайлагчдыг дэмжих нь чухал

-Энэ чуулга уулзалтын зорилго юунд чиглэж байгаа вэ?

-Монголын баг, сумдын үндэсний холбооны нэг гол зорилго бол баг, хорооны манлайлагчдыг дэмжих. Энэхүү зорилтын хүрээнд хөдөлмөрөөрөө манлайлагчдын уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна. Уулзалтын гол зорилго нь Монгол Улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа баг, хорооны хөдөлмөрөөрөө манлайлагч хүмүүсийг хооронд нь уулзуулах, тэдгээрийн туршлагыг солилцуулах боломжийг нээх таатай нөхцөлбүрдүүлэх юм.Чуулганд Монгол Улсын 21 аймгийн баг, нийслэлийн хороодын 50 гаруй төлөөлөгч өөрсдийн санаачлага, зардлаар оролцож байна. Энэ нь Монголын баг, сумдын үндэсний холбооны манлайлагчдыг дэмжих ажлыг олон нийтхүлээж байгаагийн илрэл юм болов уу гэж үзэж байгаа.

Солонгосын Шинэ тосгоны удирдагч Ха Са Ён:Багаас нь эхэлж, хөдөлмөрлөж байж л том амжилтад хүрдэг

-Улсыг хөгжүүлэхэд аймаг, сум гээд жижиг нэгжээс эхлэх ёстой гэж ярьж байна. Таны бодол?

-Тиймээ. Яг зөв. Солонгос улс яг тэр загвараар хөгжсөн. Хэдийгээр улс орныг удирдаж байгаа хүмүүс нь үүрэг даалгавар өгдөг ч энэ загвараар хөгждөггүй. Харин доод буюу анхан шатнаас нь хөдөлгөж, тэр хүмүүсийн замыг зааж өгвөл улс орон дээшээ шат шатаар хөгждөг туршлага бий.

-Та энэ хуралд ямар зорилготой ирсэн бэ?

Би багадаа ядуу амьдралтай байсан. Эрдэм ном сайн сурсан хүн л сайхан амьдардаг гэдэг ойлголттой байлаа. Гэхдээ амьдралынхаа туршлагаас харахад хүн багаас нь эхэлж, хөдөлмөрлөж байж л том амжилтад хүрч сайхан амьдардаг юм гэдгийг ойлгосон. Тийм учраас хүмүүсийн хийж байгаа зүйлээс суралцаж, аливааг оролдож хийж байж өөрийн гэсэн арга барилтай, туршлагатай болдог юм гэдгийг хэлмээр байна.

-Монголчуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

Зүгээр сууж болохгүй. Амжилт гаргасан хүмүүсийн амжилтыг судалж, тэр хүмүүсээс хэрхэн илүү амьдрах вэ гэдгээ сайн судлах хэрэгтэй. Монголчууд өнөөдөр ажиглалтын байдалд байна. Одоо гараа хөдөлгөх хэрэгтэй.

Ц.Лоохууз:Айл болгон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлээсэй

– Та монголчууддаа хандаж юу хэлмээр байна?

 -Өнөөдөр монголчуудын эдэлж хэрэглэдэг зүйлс дэлхийн бүх улсын бүтээгдэхүүний  дээж. Энэ бүхэн нь Монголын зах зээл дээр ардчиллын буянаар бийболчихжээ. Гэтэл хүмүүс хөдөлмөрлөхгүй, дандаа бэлэнчилсээр байгаад юм хийх арга ухааныг мэдэхгүй байна. Тиймээс, айл бүр үйлдвэрлэгч, хэрэглэгч байвал хөгжинө. Өнөөдөр бүгд импортын, үйлдвэрийн нөхцөлд хадгалсан, химийн хольцтой бүтээгдэхүүн хэрэглэж байна. Энэ нь эрүүл мэндэд хортой. Тиймээс нутгийнхаа цэвэр агаар, ус хөрсөөр бордсон витаминтай бүтээгдэхүүн хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараасай гэж хэлмээр байна.Эцсийн эцэст эрүүл мэндээс чухал зүйл байхгүй.Залуугаасаа эрүүл мэнддээ анхаарвал урт насална, урт насалснаар амьдралын аз жаргалыг мэдэрнэ. Бүх юм бэлэн байгаа ч хөдөлмөрч, эрүүл саруул байж амьдралын төлөөх тэмцэлд эрмэлзэлтэй байгаарай.Тиймээс эрт босож, ном уншиж байх хэрэгтэй. Бүх сайхан амьдрал та бүхний гарт байгаа гэж хэлмээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж