Хамгийн хаалттай гэж барууныхны жийрхдэг Хятад 20 жилд байгаагүй их жуулчдыг сүүлийн дөрвөн жилд хүлээн авчээ. Мөн дэлхийн эдийн засгийн гол тоглогч болсон төдийгүй гадны орнуудад олгох хөрөнгө оруулалтын хэмжээ нь АНУ-ын дараа орохуйц болж, гадаадад экспортолдог бүтээгдэхүүний тоо, төрөл нь ч нэмэгдсэн юм.
Олон улсын валютын сангаас энэ үйл явдлыг угаасаа болох ёстой зүйл гэж гэдгийг мэдэгдээд байна. “Евро бүсийн хямрал одоо ч үргэлжилж, зарим улсуудынх нь “амь нас” дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Яг үүнтэй зэрэгцэн Азийн хөгжиж буй орнууд болоод Африкийн зарим хөгжиж буй орны эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа нь ажиглагдсан. Эдийн засаг хөгжих хэрээр түүнтэй уялдсан хариуцлагатай, ухаалаг бодлого хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй” гэж ОУВС-ын тэргүүн Кристин Лагард мэдэгдээд байна. Яг үүнтэй уялдуулан ОУВС-аас өнгөрөгч оны наймдугаар сараас явуулсан бодлого хөгжиж буй орнуудад нөлөөлж байна гэсэн мэдээлэл дэлхийн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа юм. Одоогоос жил гаруйн өмнө ОУВС сан хөгжиж буй хандсан бодлого явуулж, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх шинэ бодлого боловсруулсан билээ. “Бид өмнө нь нэгэнт хөгжчихсөн улстай хамтарч ажилладаг, тэдэн рүү чиглүүлсэн бодлого явуулдаг байлаа. Харин одоо бид хөгжиж байгаа орон руу чиглэсэн бодлого явуулбал илүү үр дүнтэй нь ажиглагдлаа” гэж Кристин Лагард ярьсан юм.
XXI зуун гарахаас өмнө эдийн засгийн бодлогыг ерөнхийд нь өрнийн орнууд тодорхойлдог байлаа. Тэр үед дорны улсуудын эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүний тухай бараг ярих ч хэрэггүй байсан биз. Тухайн үед дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хүрэхгүй хувь нь дорны орнуудад оногддог байжээ. Харин өдгөө дорны орнууд 50-иас илүү хувийг үйлдвэрлэдэг болсон аж. Үүнтэй зэрэгцүүлж үзэх бас нэгэн баримт байгаа нь хөгжиж буй орнуудын эдийн засаг арван жилийн өмнөхөөс бараг тав дахин их нэмэгдсэнд оршиж байгаа юм.
Гэхдээ мэргэжилтнүүд эдгээр хөгжиж буй орнуудад эдийн засгийн уян хатан бодлого хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. “Хөгжиж буй орнуудын эдийн засаг өсч байгаа нь сайшаалтай. Гэхдээ үүнд анхаарал хандуулахгүй байхын аргагүй нэг том асуудал байгаа. Эдгээр орнуудын ихэнх нь ганц төрлийн үйлдвэрлэлтэй. Ихэнх нь зөвхөн уул уурхайд тулгуурласан байгаа. Олон төрлийн үйлдвэрлэл ерөөсөө алга. Зарим нь хоёр төрлийн эдийн засгийн тулгууртай байгаа л даа. Гэхдээ энэ нь хангалтгүй. Ингэж их өсч байгаа улсуудад энэ нь маш их эрсдэлийг авчирна” гэж “Citi on London” компанийн эдийн засагч Жиад Жиани мэдэгдсэн юм.
Үүнтэй зэрэгцэх бас нэгэн мэдээлэл байгаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт. Манай улсын эдийн засгийн өсөлтийг гадны эдийн засагчид бахдан ярьцгааж байна. 2012 оны эхний дөрвөн сарын байдлаар Монголын эдийн засгийн өсөлт 16 хувьд хүрээд байгаа болохоор арга ч үгүй биз. Бидний хөрш болох ОХУ-ын эдийн засгийн өсөлт 4 хүрэхгүй хувь байгаа нь манай эдийн засаг ямар ихээр өсөөд байгааг харуулна. Гэхдээ энэ их өсөлт зөвхөн уул уурхайтай л холбоотой байгааг мартаж болохгүй. Brooks нэртэй Английн эдийн засгийн цахим сүлжээгээр Монгол Улсыг 6000 гаруй уул уурхайн ордтой бөгөөд 10 хүн тутмын нэг нь уул уурхайн салбарт ажилладаг гэсэн мэдээлэл гарчээ. Монгол Улсын Засгийн газар нь ч уул уурхайн мэргэжилтэн болоод техник технологийг шинэчлэхэд төрийн бодлогын хэмжээнд анхаарч байгааг онцолсон байна. “Яг энэ үйл явдал үнэхээр бидний анхаарлыг татаж байна. Бас айдсыг ч төрүүлж байна. Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол эрсдэл маш өндөр. Дэлхийн зах зээлд зэс болоод алтны үнэ уналаа гэвэл Монголд маш сөргөөр нөлөөлнө. Тиймээс эдийн засгийн тулгуурт бодлоготой байсан нь маш зөв алхам болно” гэж Brooks цахим сүлжээний эрхлэн гаргагч Адам Брүүкс мэдэгдсэн байна.
Мөн манай улсын хэрэгжүүлж байгаа халамжийн бодлогыг ч дэлхийн эдийн засагчид шүүмжилж байна. Хэдийгээр Монголд ирж байгаа олон эдийн засагч энэ талаар сануулдаг ч төрийн зүгээс ямар нэгэн алхам хийсэнгүй. “Хэрвээ бүх мөнгөө ингэж хайр найргүй цацаад байвал бид хэзээ нэгэн цагт горыг нь амсах л болно. Мөнгө хэзээ ч дуусдаггүй зүйл биш. Байгаа дээр нь яаж зөв зарцуулах вэ гэдгээ бодохгүй бол болохгүй. Бид уг нь тайлан, судалгаа гаргаад төрийн албан тушаалтнуудад хүргэдэг ч нэг их тоодоггүй” гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу ярьсан юм.
Эцэст нь танд гадны сэтгүүлчийн бичсэн нийтлэлийн мөрийг сануулъя. “Хэрвээ Монголыг бурхан ивээвэл урт хугацааны туршид эдийн засгийн чадвараа хадгалсан, дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж болохуйц өндөр хөгжилтэй орон болоход ойрхон байна” гэж.
“Бурхан” ивээх болтугай.