iPad-тай байхад TV хэрэггүй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

iPad-тай байхад TV хэрэггүй боллоо

Хүний өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангах олон төрлийн бүтээгдэхүүнийг нэгэн цогцоор хүргэхийг үйлдвэрлэгчид чармайн ажиллаж байна.

Техник технологийн “хаан”, шинийг эрэлхийлэгч, шилдэг сэтгэгч Стив Жобсын үүсгэн байгуулсан Apple компани энэхүү үйл хэрэгт тэргүүлэгч байр суурьтай яваа. Тэдний үйлдвэрлэсэн iPad бүтээгдэхүүн утсаар ярихаас бусад бүхий л хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болоод байгаа билээ.

Худалдаанд гаргаснаас хойш олон саяар борлуулагдсан энэхүү бүтээгдэхүүнд зориулсан нэмэлт, дагалдах хэрэгслийг бусад компаниуд үйлдвэрлэж ашиг орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой байна. Үүний нэг нь Bang&Olufsen компани юм. Чамгүй арвин түүхтэй Данийн энэ компани загварын болон аудио бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ зах зээлд өөрийн байр суурийг хэдийнэ эзэлсэн.


Тэдний өнөөг хүртэл амжилттай ажиллаж байгаа гол нууцыг хэрэглэгчдийн дунд бэстсэллэр болж байгаа бүтээгдэхүүнийг зөв сонгон тэр бүтээгдэхүүнд зориулсан шинэлэг дагалдах хэрэгсэл үйлдвэрлэж чаддагт нь оршдог гэж мэргэжилтнүүд дүгнэдэг юм.

Энэ ч утгаараа B&O компани iPad-нд зориулсан нэгэн шинэлэг бүтээгдэхүүнийг энэ удаад гаргаад байна. Энэ нь BeoPlay A3 дууны систем бүхий, хөнгөн цагаанан гоёмсог хүрээтэй, iPad-ны тавиур болгож ашиглах спикер юм.


Үүнийг ашиглахад тун энгийн. Та iPad-аа хүрээнд байрлуулж, спикерийн оролтыг холбоод л болоо. Ингэснээр iPad-аа хүссэн газраа байрлуулж, дууг нь өөрийн тааламжаар тохируулаад TV шиг үзээд суух л үлдэх юм.

BeoPlay A3 нь iPad, iPad2-т тохирч байгаа ч шинэ iPad-нд хараахан ажиллахгүй байгаа гэнэ. Үүн дээр тус компани одоо ажиллаж байгаа гэдгээ тодотгожээ. Bang&Olufsen компани энэ бүтээгдэхүүнээ 727 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргажээ.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж