Өнгөрсөн өвөл Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажлаасаа гарах өргөдөл өгснийг зарим нь мартсан байх л даа. Харин зарим хүмүүс санаж байгаа биз. Энэ ажлыг хийхэд эрүүл мэндийн байдал болохгүй байна аа гээд байсан хэрнээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдохоор яригдаж байх жишээний. Үндсэн хуулийн цэцийн гишүүн болчих Д.Сугараас өөр сайн хуульч олдоогүй юм байгаа биз дээ. За тэгээд, дархлаатай дарга нарын жагсаалт цаашаа хөвөрнө дөө. Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж байна. Үндсэн хуулийн цэцийн даргаасаа буунгуут Хүний эрхийн комиссын даргын суудал дээр “буучихсан”. Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа баахан хүний эрх ярьсан болохоос алхам тутамд эрх нь зөрчигдөж байгаа Монголын жирийн нэг иргэний төлөө юу хийсэн хүн юм бүү мэд. Хаа сайгүй хүүхдийн эрх зөрчигдөж байхад “хүн бишээ хүүхэд” гээд л нэг ч үг дуугарахгүй байгаа юм даа.
Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү гэж нэг нөхөр байна. Монголын хөрөнгийн биржийн даргын суудлаас “унангуутаа” л шууд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдчихдог байгаа. Намар болохоор л Сэлэнгэ рүү гүйдэлтэй болчихдог “дархлаа сайтай” энэ нөхрөөс өөр шударга хүн Монголд байгаагүй юм байлгүй дээ.
Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж асан Д.Баттулга гэж нөхөр байна. Энэ будилааны эзэн Эрдэнэтэд үйлдвэрт дарга болчихсон тууж яваа. Сонгуулийн дүнг өлхөн будилуулж байсан юм чинь одоо Эрдэнэт үйлдвэрийг жинхнээсээ бужигнуулж байгаа байх даа. Энэ мэтчилэнгээр Монголын төрд дархлагдсан даргын дархлаатай нөхдүүдээс болоод Монголын төрийн дархлаа харин суларчихжээ.