Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлтэй 600 сая ам.долларын “Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дууссанаа гуравдугаар сарын дундуур Хөгжлийн банкныхан дуулгаж байлаа. Улс орны эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн жилийн сүүлээр 600 сая ам.долларын өрийн бичгийг олон улсын зах зээлд гаргах эрхийг Засгийн газраас Хөгжлийн банкинд олгосон бөгөөд эхлээд 20 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн групп болох ING-ээс хямд хүүтэй зээлж, үлдэгдэл 580 ам.долларыг Ази, Европ болон АНУ-ын санхүүгийн зах зээлээс босгосон гэдэг. Хөгжлийн банк дээрх 580 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай жилийн 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалснаа тухайн үед хэвлэлийнхэнд зарлаж байсан билээ. Арилжаанд оролцогчдын 32 хувь нь Азийн хөрөнгө оруулагчид, 36 хувь нь Европын хөрөнгө оруулагчид, 32 хувь нь Америкийн хөрөнгө оруулагчид байжээ.
Засгийн газрын бодлогын дагуу төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих төслүүдийг дээрх хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргал нэгэнтээ ярьж байсан.Тиймдээ ч дээрх 580 сая ам.долларыг зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан онцгой гэх төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахаа ч илэрхийлж байсан юм. УИХ-аас өнгөрсөн онд 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар 1520 мм-ийн өргөн царигаар барихаар баталсан бөгөөд эхний үе шатанд нийт 1100 орчим км, хоёр дахь үе шатанд 900 орчим км, гурав дахь үе шатанд 3600 орчим км төмөр замыг барих маршрутыг тогтоосон. Эхний ээлжинд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэх юм. Шинэ төмөр замын чиглэлийг тогтоохдоо стратегийн ордууд болон боловсруулах үйлдвэрийн ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, ашигт малтмалыг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх нөхцөлийг хангах, гол худалдан авагч нь ОХУ, БНХАУ, Ази, Номхон далайн орнууд болон Европын холбоо байхаар бодлогын баримт бичигт тусгасан байгаа. Даанч, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны данс хоосон байсан болохоор Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил удаашралтай байсан билээ. Гэхдээ Хөгжлийн банк одоо мөнгөтэй болсон. Тэгсэн хэрнээ Монгол Улсын олон жил мөрөөдсөн хөтөлбөрүүдийг яагаад санхүүжүүлэхгүй, хий дэмий өндөр хүү төлөөд байгааг Б.Батжаргал даргаас лавлахад салбарын яамнаас болж байгаа гэдгийг ч нуугаагүй юм. Учир нь салбарын яамнаас өнөөг хүртэл шинээр төмөр зам барих төслөө Хөгжлийн банкныханд өгөөгүй байгаа гэнэ. Төмөр замын бодлого нь асуудалтай, маргаантай байгаа нь ч үүнд нөлөөлж, түүнээс нь болоод Монгол Улс гаднаас авсан өндөр хүүтэй зээлэндээ шатах дуусах нь дэг ээ. Ингэж байхаар бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох хөтөлбөрийг санхүүжүүлчихвэл яасан юм бэ дээ. Улаанбаатарыг утааныхаа болоод гэр хорооллынхоо асуудлыг амархан шийдчих мөнгө байгаад байгаа юм биш үү, цаана чинь.
Хөгжлийн банк хүүндээ шатах нь
Далайгаас алтан загас шүүрдээд ирсэн аятай Засгийн газрын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд зарж, хэдэн доллар олсноо Монгол Улсын банк, санхүүгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн чухал алхам боллоо хэмээн сүр дуулиантайхан мэдэгдэж байсан Хөгжлийн банкныхан өнөөдрийг хүртэл тэрхүү 580 сая ам.доллараасаа яриад, төлөвлөөд байсан төсөл хөтөлбөрүүдийнхээ нэгийг ч санхүүжүүлээгүй байгаа гэнэ. Хоногт 98 мянган ам.долларын хүү төлөөд л хоёр сар хий дэмий хадгалсан гэсэн үг. УИХ,Засгийн газраас баталсан томоохон хөтөлбөрүүдээ байг гэхэд бага хугацаанд дээрх мөнгийг нөхчих ашигтай төслийг санхүүжүүлсэн бол Монгол Улсын эдийн засагт нэмэртэй байх байлаа. Адгийн тэнэг ч арилжааны банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлчихээд түүнийгээ хий дэмий хав дараад суухгүй нь мэдээж. Ядаж л нэг жижигхээн цайны газар ажиллуулаад, ашгаараа хүүгээ төлөөд явах байсан биз. Хэрвээ арилжааны банк ч юм уу, аль эсвэл хувийн компани 580 сая ам.долларыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон бол аль хэдийнэ эдийн засгийн эргэлтэд оруулчихсан байх нь тодорхой. Ингэж хав дарж, дэмий хүү төлж, зээлсэн мөнгөө эргээд хүүндээ зарцуулаад шатаж дуусахгүйн төлөө хичээх байсан болов уу. Хоногт 98 мянган ам.доллар төлдөг гэвэл Хөгжлийн банкны дансанд байршсан 580 сая ам.доллар хоног, хоногоор хорогдож, хоёр сарын хугацаанд Монгол Улс хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөнийхээ хичнээнийг нь эргүүлээд хүүнд нь өгснийг тооцоод үзээрэй дээ. Багагүй тоо гарах болов уу.
Ж.НЯМСҮРЭН