”МАН-ын мөрийн хөтөлбөрийг буцааж л таарна”

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

”МАН-ын мөрийн хөтөлбөрийг буцааж л таарна”

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Сонгуулийн өдөр сонгогч санал өгөх байранд ирээд яг ямар байдлаар саналаа өгөх вэ гэдгээс яриагаа эхлэцгээе. Гол нь сонгогч ямар бичиг баримттайгаа ирэх, яг ямар саналын хуудсан дээр саналаа өгөхөөр болж байна?

-Сонгогчдод хамгийн ойлгомжтой сонгууль энэ жил болох гэж байна. Сонгогч Энхболд 7.00-20.00 цагийн хооронд санал авах байранд очиж болно. Ингэж ирэхдээ цахим буюу ухаалаг үнэмлэхтэйгээ очно. Ухаалаг үнэмлэхний хэвлэлт хоцорсон. Ажил хэвийн явж байхад Ц.Нямдорж гэдэг сайд гарч ирээд Л.Амарсанаа гэдэг Монгол ардын намын нарийн бичгийн даргыг Улсын бүртгэлийн газрын даргаар томилон ажлыг будлиулснаар цахим үнэмлэх хүн бүрт тараагдах боломжгүй болж байгаа. Гэхдээ нийслэлийн хэмжээнд цахим үнэмлэхийг хэвлээд тараах боломж байгаа. Ингэхээр нийслэлийнхэн цахим үнэмлэхээр саналаа өгөөд орон нутгийнхан хуучин хэрэглэж байгаа иргэний үнэмлэхээрээ саналаа өгөх болж байна гэсэн үг.

-Нийслэлд, орон нутагт сана­лын хуудас нь ямар байх юм?

-Саналын хуудасны хувьд нийслэл, орон нутгийн сонгууль өөр байгаа. Нийслэлд нийслэлийн иргэдийн төлөө­лөгчдийн хурлын 45 хүнийг сонгох учраас саналын хуудас нь ар өвөргүй байна. Аймгуудын сонгууль цуг явахгүй учир  нийслэлээс өөр газрын саналын хуудас нэг л талтай байна. Сонгогч хүн санал авах байранд орж ирэнгүүт ямар үнэмлэхтэй байгаагаас үл хамааран хурууны хээг тулгаж үзнэ. Үүнийг бид өмнө нь бараг шийдчихсэн. Тодруулбал, Н.Алтанхуягийг бүртгэлийн газрыг харуицдаг байх үед нийт насанд хүрсэн хүнийхээ 96 .4 хувийг хамруулан гарын хээг нь бүртгэлжүүлсэн. Ингэснээр сонгуулийн насанд хүрсэн хүнээс маш цөөн хүний л хурууны хээ компьютерт архивлагдаагүй байна гэсэн үг.

Ухаалаг үнэмлэх авсан бол тухайн үнэмлэхэнд нь энэ хурууны хээний мэдээллийг шууд тулгаад үзчихэд болно. Одоогийн бидний хэрэглэж буй үнэмлэхэнд хурууны хээний мэдээлэл байхгүй тул санал авах хороон дээр байгаа компьютераар шалгана. Ингэхээр ямар ч гэсэн сонгогч бүрийн хурууны хээг  шалгана гэсэн үг. Ийм байдлаар тухайн хүнийг өмнө нь санал өгсөн эсэхийг мэдэж болно. Заавал хурууны хээгээр нь шалгаж байгаагийн зорилго нь нэг хүнийг дахин санал өгүүлэхгүй байх шүү дээ. Бүх хүн нэг удаа саналаа өгөх эрхтэй. Өмнөх сонгуулиуд дээр зарим хүн олон удаа санал өгдөг байсныг болиулах гэж энэ хурууны хээний шалгалт давхар нэмэгдэж байгаа. Мөн сонгогч бүр өөрийнхөө хаяган дээр сонгууль өгнө. Нийслэлийн сонгогчид нь хурууны хээгээ шалгуулаад саналын хуудас авсныхаа дараа кабинд /санал тэмдэглэх бүхээг/ орж саналаа тэмдэглэнэ. Дараагаар нь саналаа тоолдог машинд хийчихээд гарна. Тэр сонгогчийн саналыг машин шууд тоолох болохоос биш өөр хэн нэгэн хүмүүс хаалга үүдээ түгжиж бай­гаад тоолдог зүйл үгүй болж байгаа юм.

Нэг сая есөн зуун мянган сонгогч саналаа өгөхөд саналын машинд сая есөн зуун мянган удаа боловсруулалт хийнэ гэсэн үг. Энэ боловсруулалт нь сонгуулийн явцад цуг явагдах учир 20.00 цагт сонгуулийн хэсгийн хороо хаагдахад 20.05 минутанд сонгуулийн дүн гарчих боломжтой. Машинаас гарч ирэх дүн дээр зохион байгуулагч хэсэг, тойргын хороодын дарга нар гарын үсгээ зурах л үлдэнэ.

Саналын хуудас нь хот хөдөөд ялгаатай байгаа. Хотод гэвэл нэг нүүрэн дээр нь нэр дэвшиж байгаа 14 нэр дэвшигчийн нэр, дор нь намуудын нэр байх жишээний. Сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явагдах гэж байгаа тул ингэж намуудаас ч мөн сонголт хийхээр болж байгаа. 48 гишүүнийг тойргоос сонгоно. Тойргын мандатын тоо нь нийслэлд 14, хөдөө 34 байгаа. Том дүүрэгт гурван хүний төлөө саналаа өгнө. Сонгинохайрхан, Баянзүрхээс бусад дүүрэгт хоёр хүний төлөө саналаа өгнө. Мөн нийт 11 нам, хоёр эвслийн нэр бүхий жагсаалтаас аль нэг намын нэрийг л сонгоно.

Нийслэлийн саналын хэсэг нь саналын хуудасны нөгөө талд нь байна. Нийслэлийн 30 тойргоос 15 нь намын жагсаалтаар орж байгаа. 30 хүний төлөө саналаа өгөхийн тулд нэг тойрог дээр хоёр хүнийг л дугуйлна. Доор нь нийслэлийн 15 суудлыг хувь тэнцүүлэн хуваах зорилготой 13 нам эвслийн нэр байрлана. Үүнээс дахин нэг намын нэрийг тэмдэглэнэ.

-Яаж тэмдэглэх вэ, өмнө нь дугуйлдаг байсан. Харин энэ удаад?

-Дугуйлах биш будах тэмдэглэгээ хийнэ л дээ. Ингэж будаж байж машин уншина. Ер нь бол сонгууль маш энгийн, ойлгомжтой. Энэ бүхнийг товчоор хэлбэл, хурууны хээгээ шалгууллаа. Саналын хуудсаа авлаа. Кабинд орж бөглөлөө. Санал тоолох машинд хийлээ. Хуруун дээр тэмдэг тавьдаг, хатгадаг энэ тэр гэсэн бүдүүлэг, хүнд сурталтай зүйлийг алга болгосон. Хуучин шиг гэр, гэрт нь очоод сонгогчийн үнэмлэх өгөхгүй. Өөрийнхөө бүртгэлийг сонгогчийн нэрийн жагсаалтад зөвөөр орсон байгаа эсэхийг сарын өмнөөс эхлэн шалгах боломж бий болсон. Буруу байгаа бол засуулах үүрэг нь сонгогчид өөрт нь бий.

-Цахим үнэмлэх хүн бүрт тараагдаж амжихгүй гэж байна. Яах вэ, нийслэлийнхэн цахим үнэмлэхтэй болдог юм байж. Орон нутгийн иргэдийн дунд хуучин үнэмлэхний хугацаа нь дууссан, шинээр үнэмлэх авах болсон тохиолдлууд дээр яах вэ. Эдгээр иргэдийг сонгуульд саналаа өгөх боломжийг нь яаж хангах гэж байна?

-Ер нь бол 40-өөд мянган хүн 16 насанд хүрээд иргэний үнэмлэх авч чадаагүй байна. Гэхдээ 16 хүрснээр санал өгөхгүй, сонгуулийн өдөр 18 насанд хүрсэн бол санал өгөхөөр байгаа. Тэгэхээр 18 насанд хүрч байгаа хүн бүрт хот хөдөө ялгалгүй цахим үнэмлэхийг тараах ёстой. Мөн 25, 45 насанд иргэний үнэмлэхэнд сунгалт хийлгэж, зургаа солиулдаг. Эдгээр хүмүүст ч мөн цахим үнэмлэхийг нэн даруй олгох ёстой. Иргэний үнэмлэхгүй л бол санал өгч болохгүй

-Ингэхээр ямар ч гэсэн иргэний үнэмлэх өгч амжаа­гүй­гээс сонгуульд оролцох боломж­гүй болох нь гэсэн асуудал гара­х­­гүй нь гэж ойлголоо. Тийм үү?

-Тийм ээ, иргэний үнэмлэх л биш бол ямар нэгэн тодорхойлолтоор сонгуульд оролцоно гэсэн ойлголт байхгүй л дээ.

-Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол УИХ-ын сонгуулийн хуулинд орсон дэвшилттэй санаануудыг ашиг­лах боломжгүй болох гээд байна гэж байсан. Ингээд өөрчлөлт хийхдээ дэвшилттэй санаануудаа оруулж чадсан уу?
 
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгч­дийн сонгуулийн хуулийг сая шинээр баталсан. Үүн дотор УИХ-ын сон­гуулийн олон заалтуудыг авч хэрэглэсэн. Жишээ нь, “сонгогчдын нэрсийн жагсаалт УИХ-ын сонгуу­лийнх­тай адил явна” гэх заалт. УИХ-ын сонгуулийн нэрсийн жагсаалт яаж бүрэлддэгтэй адил нэг жагсаалтаар орно гэсэн үг. Саналыг машинд өгч уншуулах, сонгууль нээгдэх, хаагдах заалтууд бүгд адил байгаа. Сурталчилгааны хязгаарлалт мөн адил. Гэхдээ орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгаанд нэг хэв­лэ­лийн хуудастай байхаар зааснаараа ялгаатай. УИХ-д энэ хэмжээ нь арван хэвлэлийн хуудас гэж байгаа.

-Сонгуулийн хуулийн хэлэл­цүүлгийн үеэр Д.Энхбат гишүүн нэг шүүмжлэл хэлж байсан. Тухайн саналын хуудсанд сонгогч өөр тэмдэглэгээ хийх боломж байгаа, энэ тохиолдолд машин уншихгүй. Харин энэ тэмдэг­лэгээг санал худалдан авахад ашиглаж болох юм гэсэн. Энэ болгоомжлол хэр үндэслэлтэй вэ?

-АНУ болон бусад олон улсад энэ машиныг  хэрэглэдэг. Тэндхийн сонгогчид өөр тэмдэглэгээ хийдэггүй. Учир нь өөр тэмдэглэгээ хийх нь утгагүй. Манайд хэрэв саналын хуудсанд тэмдэглэгээ хийсэн бол хүчингүй болдог. Өөр улсуудад хийдэг машин нь нэгэнт тэр тэмдэглэгээг мэдрэхгүй учир гараар гаргаж ирж байж өөр тэмдэглэгээ хийсэн хуудсуудыг хүчингүй болгох ёстой. Тэр нь тийм олон тааралддаггүй л дээ. Д.Энхбат гишүүний яриад буй болгоомжлол бол “Хүнээс мөнгө авчихаад мөнгө авснаа нотолж баруун доод буланд нь тэмдэглэгээ хийх ч юм уу” ийм улсуудыг хэлээд байгаа. Тэдгээр хүмүүст одоо хандаж хэлэхэд “Ингэсэн тохиолдолд ямар ч утга байхгүй. Тэмдэглэгээтэй саналын хуудсыг нийт санал хураалтаас хасна шүү” гэмээр байна. Ер нь тэмдэглэгээ хийх зүйл гарахгүй байх.

-Өмнөх сонгуулиудын үеэр ямар луйврын арга голлон ашиглагддаг байсан бэ. Сая шинээр баталсан хуулиар эдгээр луйврыг ашиглах боломжийг нь хааж чадсан уу?

-Гол луйврын арга нь “царцаа”. Одоо­гийн үнэмлэхэнд хаягийн бүрт­гэлийг наадаг байсан шүү дээ. Нэг газар саналаа өгчихөөд, өөр газар дахин очиж саналаа өгөхдөө хаягийн бүртгэлээ шинэчилж наадаг. Одоо бол ийм боломж үгүй болсон. Нэгд, хүмүүс хаягийнхаа дагуу л саналаа өгнө. Хоёрт, мэдсээр байж олон удаа санал өгсөн хүнд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Өмнө нь ингэж олон удаа саналаа өгсөн хүнийг яаж ч чаддаггүй байсан. Тав арван цаас хахуульд авчихаад зургаан сар шоронд суух хүн гарч ирэхгүй байлгүй дээ. Гэхдээ энэ ухамсрын л асуудал шүү дээ.

-“Гинжин холбоо”, “санал авах байранд гар утас өгч оруулан зургыг нь авахуулан баталгаажуулах” гээд бусад аргуудыг?

-“Гинжин холбоо” гэдэг нь урьд­чилан бөглөсөн хуудас өгч оруулаад, бөглөөгүй хуудсаа аваад гараад ирэхээр нь мөнгө өгдөг арга. Гэхдээ “гинжин холбоо”-г таслах арга нь санал тэмдэглэх бүхээгт гар утсаар зураг авч байгаа эсэх, өврөөсөө өөр хуудас гаргаж ирж байгаа үгүйг хянахад л болж байгаа юм. Энэ удаад саналын хуудас гадагш гарах магадлал маш бага.

-Яагаад бага гэж?

-Саналын хуудсыг тусгай цаасаар хийсэн. Эдгээр хуудсууд бүгд тоотойгоор хэвлэгдэж байгаа. Энэ цаасаа хулгайд алдахгүй л бол айлтгүй. Өөр цаас машинд хийсэн тохиолдолд саналыг тоолохгүй шүү дээ.

-Иргэдэд олон янзын зөрөөтэй ойлголт төрөөд байна. “Хоёр нам сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаад батласан. Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр энэ хуулийг нь Үндсэн хууль зөрччихсөн гээд унагачихсан юм гэнэ шүү” гээд л. Энэ үгс бол иргэдийн дунд явж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн нэг хэсэг нь ийм л ойлголттой байгаа.

-Үндсэн хуулийн Цэц дээр УИХ-ын сонгуулийн хуулийн системтэй холбоотой жаахан зүйлийг л өөрчилсөн. Тэгээд ч унагасан зүйл биш. УИХ юу гэж үзсэн бэ гэхээр, барилдаанд үзүүр түрүүний хоёр бөх туг тойрдог шиг өрсөлдөж санал цуглуулсан хүмүүст сонгогдох боломж өгье гэсэн. Гэтэл Цэц юу гэж үзсэн гэхээр, “огт барилдаагүй хүнийг гишүүн болго” л гэсэн. Тойрогт нэр дэвшээд 28 хувиас дээш санал авсан, мандатын тоонд хүрээгүй нэр дэвшигч намын жагсаалтад орох боломж нээгдэх байсан. Энэ боломж нь Цэцийн шийдвэрийн дагуу хаагдсан.

-Ардчилсан намын бүлэг дээр өнөөдөр таныг ямар ажлын хэсэгт оруулчихав?

-Цахим үнэмлэхний ажлын хэсэг. Энэ ажлын хэсэг нь цахим үнэмлэхийг хурдан хэвлэх, богино хугацаанд тараах боломжийг бүрдүүлэх зорилготой.

-Энэ сонгууль будилсан тохиолдолд яах вэ, хэн хариуцлага хүлээх вэ. Та ярианыхаа эхэнд Ц.Нямдорж ирж будилаан тарьж байна гэсэн шүү дээ?

-Эрүүгийн хуулийн дагуу сонгуулийг будилаантуулсан хүн бүр хариуцлага хүлээнэ. Урьд нь сонгууль будлиулж төрийн эрх авах нь захиргааны хариуцлагын хэмжээнд л яригдаж байсан. Одоо бол Эрүүгийн хуулинд төрийн эсрэг гэмт хэрэг гэсэн хэсэгт орсон. Сонгуулиар мөнгө төгрөг тараах, сонгуулийг будилаантуулах замаар иргэдийн өгсөн саналыг өөрчилж дүн гаргах зэрэг үйлдэл бүгд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ингэхээр хуучин шигээ мэдэн будилдаг хүмүүст бүгдэд нь аюултай болсон гэсэн үг.

-СЕХ-д өнөөдрийг хүртэл нэг ч гомдол ирээгүй гэх юм. Гэтэл сонин хэвлэлүүд дээр ч, иргэдийн дунд ч “тэр нөхөр бэлэг тараагаад, тэр гишүүн ийм зүйл амлаад явж байна” гээд л яриа гарах юм?

-Иргэдэд ийм гомдол байгаа бол албан ёсоор СЕХ-нд хандах хэрэгтэй. Танд мөнгө бэлэг сэлт өгсөн бол түүнийг нь авч очоод арав дахин өсгөөд авах боломжийг нь хуулийг бий болгочихсон. Нэр дэвшигч танд арван мянган төгрөгний нэгж өгсөн бол 100 мянган төгрөгний нэгжээ СЕХ-н дээрээс очоод ав. СЕХ нь буруутай хүнээс мэдээж 100 мянган төгрөгийг нь гаргуулж авна.

-Ардчилсан намын хувьд мөрийн хөтөлбөртөө ямар нэгэн амлалт, мөнгө төгрөг амлаагүй гэж ойлгож болох уу?

-Сонгуулийн тухай хуулийн 34-р зүйлийг баримтлаад аливаа мөнгө төгрөг амлаагүй.

-Намуудын мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын газарт өгсөн байгаа. Зарим намуудын мөрийн хөтөлбөр зөрчилтэй байна гэсэн мэдээлэл гараад буй. Танай мөрийн хөтөлбөрийг зөрчилтэй гээд бас буцаасан юм биш үү?

-Манай намын мөрийн хөтөлбөр буцаад ирчихсэн, бид аудитын газрын өгсөн саналыг тусгаж байгаа.

-Ардчилсан намын хөтөлбөрөөс ямар зүйлийг засах болсон юм бэ?

-Бид мах, сүүний үйлдвэрт тушаа­сан сүү, маханд татаас өгнө гэж байсныг Аудитын газраас болохгүй гэж байна. Бид үүнийг яах вэ, гэдгийг ярина.

-Өөр…?

-Гол нь энэ л байна. Бид Ардын нам шиг “цалинг нэг сая гурван зуун мянга болгоно”, “21 мянгыг үргэлжлүүлнэ” гэх зэрэг хууль зөрчсөн зүйл бичээгүй болохоор дажгүй байх аа.

-МАН-ын мөрийн хөтөлбө­рийг буцаасан гэв үү?

-Буцааж л таарна. Буцаахдаа “Та нар ийм зүйлээ хас. Ийм зүйлээ өөрчил” л гэх байх.

Б.МАНДАХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж