Путины ”үүрэг хүлээсэн цаг”

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Путины ”үүрэг хүлээсэн цаг”

Оросын нэрт кино найруулагч Никита Михалковын “Сибирийн үсчин” киноны оргил хэсэг нь эзэн хаан Николай II цэргийн сургуулийнхны төгсөлтийн жагсаал дээр ирж байгаа тэр зураглал байсан гэж ярьдаг билээ. Гайхалтай эрхэмсэг сүрлэг хэрнээ энгийн мэт харагдах эзэн хааны эх оронч дүр төрхийг харуулсан тэрхүү киноны зураг авалтыг Оросын үе, үеийн хаадыг ширээнд нь залах ёслол үйлддэг байсан Кремлийн хэрмийн доторхи талбайд хийсэн байна. Мөн яг энэ талбайд ОХУ-ын одоогийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа явагдсан юм. Оросын албаны эх сурвалжийн мэдээлснээр бол Оросын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны дэс дараалал болон ёс жаягийг аль болох өөрчлөхгүй байхыг хичээсээр ирсэн гэж мэдэгдэж байв. Тэр утгаараа 2008 онд ерөнхийлөгч болж байсан Дмитрий Медведевийн тангараг өргөсөн үйлдэл болон ёслолыг Владимир Путин ч мөн давтсан болж таарч байгаа юм. Гэвч бүх зүйл дээр ийм байдалтай байхгүй нь мэдээж. Зөвхөн албан ёслолын хувьд л Путин болоод Медведев нар ижилхэн мэт харагдах биз. (биеийн өндрөөрөө ч тэр..) Харин Владимир Путины ерөнхийлөгчийн энэ удаагийн замнал мэдээж хэрэг харьцангуй үлбэгэрдүү, илтэд хараат байдалтай явж ирсэн, Путины сүүдэр дэх Медведевийн засаглалаас эрс тэс ялгарах нь гарцаагүй юм. Товчхондоо “эзэн эргэж ирлээ” л гэсэн үг. В.Путин ойрын хугацаанд Оросын эдийн засаг, эрхзүй, гадаад харилцааны гээд хэд хэдэн салбарт нэлээд шийдмэг алхмуудыг хийх болно гэж барууны болон оросын хэвлэлүүд бичиж байна. Хэдийгээр Медведев болон Путин нарын хооронд бага зэргийн зөрөлдөөн байсан ч аль аль нь гадаадын хөрөнгө оруулагчдад нарийн шалгуур тавих хэлбэрээр шахалт үзүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ. Энэ нь ялангуяа өрнөдийн хөрөнгө оруулагчдыг багагүй түгшээж байгаа юм байна. Тэгэхдээ Путины эдийн засгийн бодлогын алхмуудаас илүү түүний улстөрийн чиг хандлага Орост орох хөрөнгө оруулалтыг үргээж байна гэсэн мэдээлэл гарах болжээ. Нэр хүндтэй Bloomberg мэдээллийн агентлагаас гаргасан мэдээллээс үзэхэд Оросын сөрөг хүчнийхнийг Путин хуурсаар ирсэн нь цаашдаа тус улсад тогтворгүй байдал үүсгэхэд хүргэж мэдэхээр байна гэжээ. Энэ оны эхэнд ерөнхийлөгчийн хувиар Дмитрий Медведев мэдэгдэхдээ Оросын мужийн захирагч нарыг шууд томилдог болох эрхзүйн зохицуулалтыг сэргээж хэрэглэнэ гэж амласан боловч үнэн хэрэгтээ Путины толгойлж байсан засгийн газар ийм боломжийг сөрөг хүчинд олгоогүй байна. Путины засаглалын хууль тогтоогч нар харин ч орон нутгийн засаглалыг тэргүүлэх сөрөг хүчнийхний боломжийг нь бүхий л аргаар хаасны зэрэгцээ өөрийн талын хүмүүсийг эрхзүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө мужийн захирагчаар томилох ажлыг шуурхайлан хийсэн байна.

Путины энэ мэт хандлагын дараа сөрөг хүчнийхний эгдүүцэл уур хилэн болон хувирсан бөгөөд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал ээлж дараалан гарч байгаа гэж ажиглагчид үзэж байгаа юм. Энэхүү улстөрийн хямралт нөхцөл байдал зах зээлийг ч мөн хямрааж мэднэ гэж болгоомжилсон гадаадын хөрөнгө оруулагчдын эмзэглэлийг хагас сарын өмнөөс 7.3 хувь хүртэл индекс нь унаж байгаа Оросын хөрөнгийн биржүүдийн үзүүлэлт харуулж байна. Ер нь ч Оросын эдийн засгийн үзүүлэлтэд өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон парламентын сонгуулийн дараахнаас улстөрийн донсолгоонууд илт нөлөөлөх болж ирснийг одоогийн ерөнхийлөгч Путины бодлоготой холбон үзэж байгаа аж.  Тухайн үед сонгуулийн үеэр гарсан будилааныг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс болж Оросын хөрөнгийн биржийн индекс 13 хувиар унаж байжээ. Мөн Оросын рубль хамгийн удаан хугацааны үнэгүйдлийн “жингүйдэлд” орж байсан билээ.

Тэгвэл дөнгөж сая тангаргаа өргөж,  урьд өмнөхөөсөө илүү удаан хугацаагаар буюу зургаан жил Оросын төрийг атгаж байх эрхтэй болсон ерөнхийлөгч Путин магадгүй Медведевийн үеийнхээс ч илүү сөрөг хүчний эсэргүүцлийг мэдрэхээр нөхцөл байдал бий болсон гэж ажиглагчид үзэж байгаа юм байна. Тэгэхдээ дотоод улстөрийн хямралыг давж гарах зарим нэг боломж түүнд бий гэж үзэх ажиглагчид ч бас бий. Юуны өмнө тэрээр Оросын сонгогчдын дийлэнх нь саналаа өгөхөд хүргэсэн гэх шийдвэртэй зарим алхмуудыг нэн даруй хийх хэрэгтэй болж байгаа ажээ. Тэгвэл оросууд Путинээс яг юуг хүлээгээд байгаа вэ…?

Юуны өмнө оросуудын амьжиргааны төвшинг нийтэд нь сайжруулах алхмуудыг түүнээс хүлээж байгаа ажээ. Орос орон өнөөдөр эрчим хүчний түүхий эдийн маш том экспортлогч болж ялангуяа Европ болон Төв Азийн зах зээлийн томоохон хэсгийг хяналтдаа авсны хувьд маш их санхүүгийн зузаатгалыг олж авч байгаа ч баялгийн тэнцвэргүй хуваарилалт нийгмийн ялгарлыг улам бүр идэвхжүүлсээр байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 10-р байранд орж байгаа энэ гүрний хүн амын 14 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна гэсэн мэдээлэл бий. Гэтэл Оросын тэрбумтнуудын тоо болон тэдний эзэмшиж байгаа баялаг жил бүр огцом өсөлттэй нэмэгдсээр байгаа аж. Дэлхийн цөөнгүй орнуудад их хэмжээний баялаг эзэмшигчдээс авах татварыг нэмэгдүүлэн улмаар улсын төсвөөс нийгмийн асуудалд илүү хэмжээгээр хөрөнгө гаргах арга хэмжээг авч эхэлж байгаа билээ.Тэгвэл энэ аргыг Путин өөрийн оронд хэрэгжүүлж магадгүй гэсэн таамаглалыг зарим эх сурвалж гаргажээ.

Гэтэл авлига, хүнд сурталд гүн идэгдсэн гэгдэж байгаа Орос улсын хувьд ийм зохицуулалт нийгэмд сайн зүйл авчрахгүй гэх шүүмжлэгч ч бас бий. Харин зарим нэг мэдээллээс харахад Оросын төдийгүй дэлхийн зах зээлд ноёрхлоо нэгэнт тогтоочихоод байгаа монополь компаниудын татварын зарим асуудлыг ойрын хугацаанд өөрчилж магадгүй бололтой. Тухайлбал, нефтийн компаниудад бараг 80 хувь хүртэл татвар ноогдуулдаг атлаа байгалийн хий олборлогчдод харьцангуй бага, төмөрлөгийн олборлолтод бүр ч хөнгөн татвар ногдуулж ирснийг эргэн харж шийдэх талаар “шинэ” ерөнхийлөгч В.Путин Засгийн газрыг толгойлж байх үеэсээ л анхаарлаа хандуулж байсан аж. Энэ нь өнгөц харахад монополь олборлогчдын маргааныг шийдэж байгаа мэт боловч нийгмийн хөрөнгө оруулалтад зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх нэг арга болж болох аж. Ямар ч болов Путинээс оросуудын хүлээж байгаа нэг зүйл бол эдийн засгийн хөгжлийн хаялгыг нийгмийн бүх давхаргад бодитой хүртээх ажил болж байгаа юм.

Дараахь хүлээлт нь дотоодын аюулгүй байдлын асуудал болж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хэдхэн хоногийн өмнө Оросын харъяалалд байх Дагестаны Махачкала хотод бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрсэн нь Путиныг ямар чухал сорилт хүлээж байгааг “сануулсан” хэрэг болжээ. Төрийн тэргүүний хувьд үндэсний аюулгүй байдлын баталгааг гаргах нь түүний зайлшгүй шийдэх асуудал болж байгаа ч одоогоор энэ чиглэлд ямар нэг ахиц гаргана гэсэн итгэл төдий л их биш байгаа гэх. Путины үед ч тэр, Медведевийн үед ч тэр дэлхий нийтийг сэрдхийлгэсэн алан хядлагын цуврал Орост тасрахгүй байсаар ирсэн билээ. Эргэн ирсэн Путины урт хугацааны засаглал терроризмын эсрэг дорвитой үйл ажиллагаа зохион байгуулна гэж оросууд хүлээж байгаа нь лавтай. Магадгүй энэ өнцгөөс харсан хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл Орос хэмээх энэ гүрэнд хүчтэй гар хэрэгтэй байсан гэх “boom”-ийг цацсаар байна.

Чухам энэ имиж буюу их гүрний чанга удирдагч гэдэг утгаар нь Путинаас хүлээж байгаа оросуудын дараагийн том хүлээлт бол Оросын гадаад харилцаан дахь зангараг юм. Хэдийгээр урьд өмнө нь энэ асуудал дээр Владимир Путин харин ч бусад асуудлыг бодвол арай илүү оноо авч байсан гэх боловч түүний энэ удаагийн ерөнхийлөгчийн замнал урьд өмнө нь ажиллаж байснаас нь нэлээд өөр орчинтой тулгаруулж байгаа юм. Путиныг их гүрний ерөнхийлөгчийн суудалдаа эргэн ирэх хооронд түүний эртний андууд хэдийнэ улстөрийн хувьд “жанч халчихсан” байгаа нь магадгүй түүнийг чамгүй сорилттой учруулах биз ээ. Италийн Сильвио Берлускони төрийн өндөрлөгөөсөө явж түүний оронд үндсэндээ өрнөдийнхний чанга гараар бэлтгэсэн Марио Монти гарч ирсэн бөгөөд тэрээр арай ч “Сильвио та хоёрын наргидаг цаг өнгөрсөн” гэж хэлэхгүй л байх. Гэхдээ Путинд эелдгээс илүү хандах нь юу л бол. Бас сайн анд гэгдэх Саркозиг нь түлхэн унагасан социалист Франсуа Олланд Путинтай зэрэгцээд Францын ерөнхийлөгчийн суудлыг авчихаад байгаа билээ. Тэрээр гадаад бодлогын хувьд нэлээд хатуу байр суурьтай байхаар хандлага гаргаж байсан тул Путины хувьд “хатуу самар” байх болно гэж ажиглагчид харж байна.

Хэдийгээр Германы канцлер Ангела Меркель хэмээх бас нэг анд нь байгаа хэдий ч өөр бусад өөрчлөлтүүд түүний гадаад бодлогод томоохон сорилт болох нь гарцаагүй. Тухайлбал, ирэх намар Хятадын удирдлага солигдох бөгөөд энэ их гүрний ирээдүйн эзэн болох Си Зиньпинь америк боловсролтой нэгэн тул В.Путинтай “хэл амаа” ололцоход “иргэншлийн зөрөө” мэдрэгдэж болох л юм. Мөн бас нэг сайн анд Барак Обама “бүдэрчихвэл” жинхэнэ гай тэр болж ч магадгүй. Учир нь Обамагийн гол өрсөлдөгч болсоор ирсэн Митт Ромни Оросыг одоо ч АНУ-ын гол дайсан гэж мэдэгдсэн нь Путинд таатай санагдаагүй нь лавтай. Мөн Оросын хөрш Украйн, Гүрж зэрэг орнуудад ээлж дараалан болох сонгуулийн дараагаар Путинд өөр ямар сорилтууд үүсэж болохыг таах аргагүй. Нэг үгээр хэлэхэд Орос улсын төрийн сүлдэнд яагаад хоёр тийшээ харсан хос толгойтой бүргэд байдгийг Владимир Путин энэ удаад нэлээд гүн гүнзгий ойлгож авах биз ээ. Түүний “үүрэг хүлээсэн цаг” ийнхүү чамгүй сорилтын дунд эхэлж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж