Н.Энхбаярыг ар гэрийхэнтэй нь уулзуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг ар гэрийхэнтэй нь уулзуулсан гэв

Ганцхудагийн урьдчилан хорих төвд
хоригдож байсан ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрөгч бямба гаригийн орой
хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын
биеийн байдал хүндэрсэн, хүү Э.Батшугар нь уулзах хүсэлт гаргасан ч
уулзуулаагүй гэх мэдээллийг намын гишүүд болон өмгөөлөгчдийн зүгээс өгч
байгаа. Тиймээс энэ талаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын хэлтсийн
дарга, дэд хурандаа Ц.Очгэрэлээс тодрууллаа.

-Н.Энхбаярыг өлсгөлөн зарласнаас нь хойш 16 цагийн дараа эмчийн үзлэгт
хамруулсан нь ямар учиртай юм бэ. Өлсгөлөн зарлах үед нь шинжилгээ хийх
ёстой биз дээ?

-Н.Энхбаяр энэ сарын 4-ны 07.00 цагаас эхлэн өлсгөлөн зарласан гэсэн.
Гэвч албан ёсоор 10.30 цагт өргөдөл гаргасан. Өргөдөл гаргамагц цагдан
хорих төвийн эмч нар эрүүл мэндийн үзлэг хийж, бургуй тавихыг хүссэн юм.
Гэтэл даралтаа үзүүлмэгцээ өөрийнхөө эмчид үзүүлнэ гээд эмчид
үзүүлэхээс татгалзсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 19 цагийн дараа
бургуй тавьсан гэж мэдээлж байна. Эмчид үзүүлэхгүй байгаа хүнд хэрхэн
бургуй тавих вэ дээ. Ар гэрийнхнийх нь зүгээс гаргасан хүсэлтийн дагуу
Төрийн тусгай хамгаалалтын газраас 17 цагийн үед эмнэлгийн тусламж
үзүүлээч ээ гэсэн хүсэлт ЭМЯ-нд ирсэн. Бид ажлын хэсэг байгуулаад нарийн
мэргэжлийн эмч нарийн баг гарган яаралтай Төв аймгийн цагдан хорих төв
рүү явуулсан. Энэ үйл ажиллагаанд би оролцсон.

-ШШГЕГ-аас Н.Энхбаярыг тусгай бэлтгэсэн хоол идэж байгаа хэмээн мэдээлж
байсан. Гэвч тэрээр махан хоол хэрэглээгүй, оройн хоол ч иддэггүй гэж
өмгөөлөгч, ар гэрийхэн хэлээд байгаа шүү дээ?

-Хоригдож байгаа иргэн хэн ч болов  хоол хүнсээ сонгож хэрэглэх эрхтэй. 
Гагцхүү энэ нь төлбөртөй байдаг. Хэн ч гэсэн би цагаан хоол иднэ гэвэл
төлбөртэй үйлчилгээнд хамрагдаж болно. Н.Энхбаяр цагаан хоолтон болоод
зургаан сар гаруй болж байгаа гэсэн. Анх хоригдохдоо цагаан хоол
хэрэглэнэ гэсэн. Хамгаалалтын ажилчдын хяналтан дор Н.Энхбаярын
захиалгын дагуу хоол хүнсийг бэлтгэж өгч байсан.

-Үзлэг хийхээр очсон эмч нарыг яагаад дотогш нэвтрүүлээгүй юм бэ. Гурван цаг хүлээсэн гэсэн?

-Эмч нар 01.00 цагийн үед очиход Н.Энхбаяр даргын хувийн эмч болох
Н.Тунгалаг 23.00 цагийн үед аль хэдийнэ эмчийн үзлэг хийчихсэн байсан
юм. Тиймээс хуралдаж ярилцаж байгаад хоёр цаг орчмын дараа эмч нарыг
оруулсан. Гурван цаг бол биш. Тухайн үед ар гэрийнхэн, гишүүд дэмжигчид
биднийг үүргээ гүйцэтгэхэд маш их саад учруулсан. Тэр ч байтугай хорих
байгууллагын хашаа руу дайръя, оръё гэж байсан. Чухамдаа энэ бол гэмт
хэргийн шинжтэй үйлдэл болох байсан юм. 

-Тухайн үед гэр бүлийнхэнд нь биеийн байдлын тухай мэдээлж болоогүй юм уу?

-Бид мэдээллээр хангах, ил тод байлгах арга хэмжээг сайн авсан гэж бодож
байгаа. Шөнийн цагаар мэдээлэл хийх боломж байгаагүй. Тухайн үед
Н.Энхбаярын бие сайн байсан. Нарийн мэргэжлийн эмч нар үзсэний дараа
баттай мэдээлэл өгөхийн тулд бид хүлээсэн юм. Цагдан хорих 461 дүгээр
байранд очмогц ар гэрийнхнийг нь Н.Энхбаяр даргатай уулзах боломжийг нь
хангаж өгсөн.

-Тэгэхээр тэр орой ар гэрийнхэн нь Н.Энхбаяр даргатай уулзсан гэсэн үг үү?

-Уулзуулсан. Төв аймгийн урьдчилан хорих төвөөс бямба гаригт хорих 461
дүгээр ангид шилжүүлэнгүүтээ прокурорын байгууллагын хяналтан дор эхнэр,
хүүтэй нь уулзуулсан гэсэн. Харин Н.Батшугар ням гаригт мэдээлэл
хийхдээ уулзуулаагүй гэж байна лээ.  461 дүгээр ангийн уулзалтын танхимд
уулзсан байх. Энэ бол баримттай, бичлэг хийгдсэн байгаа. Мөн өглөө
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ШШГЕГ-ын дарга М.Ганхүү
нар очиж уулзсан. Мөн ар гэрийнхэнтэй нь ч уулзуулсан.

-Э.Батшугарын өргөдлийн хариуг ШШГЕГ-ын дарга М.Ганхүү дарга өгсөн үү?

-Би өчигдөр ажлын байран дээрээ жижүүртэй байсан. Ямар ч хүн өргөдөл
барьж ирээгүй. Хэвлэлийн бага хурал дээр өргөдлөө өглөө хэмээн
Н.Батшугар яаран гарч харагдсан. Гэвч энд ирээгүй.

-Та бүхэн Н.Энхбаярыг авч гарахдаа дамнуурга хэрэглэж болоогүй юм уу?

 
-Н.Энхбаяр “Би эмнэлгийн ор­чинд очихгүй ээ. Эндээ даваа га­риг хүртэл
байна” гэсэн. Эмч нар яаралтай эмнэлэгт очих ёстой гэсэн. Ар гэрийнхэн
нь ч гэсэн ийм хүсэлт тавьсан. Тиймээс Н.Энхбаярын эрүүл мэнд, амь насны
аюулгүй байд­лыг хангахын тулд өргөж гаргахаас өөр арга байгаагүй юм. 
Ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байхгүй.

-Ирэх замдаа эсэргүүцэл үзүүлсэн үү?

-Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй.

-Цаашид биеийн байдал нь хүндэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Хамгийн сүүлийн мэдээгээр нарийн мэргэжлийн эмч нар цагдан хорих 461
дүгээр анги руу явах гэж байна. Өмнө очсон эмч нарын багаас өөр
бүрэлдэхүүнтэй гэсэн үг. Өчигдөр дахин нарийн мэргэжлийн шинжилгээ авсан
байгаа. Хорих 461 дүгээр ангийн II шатлалын эмнэлэг бол нарийн
мэргэжлийн эмч нартай, бие даасан, стандартын дагуу баригдсан шинэ
эмнэлэг. Хэрэв Н.Энхбаярын бие муудаж, эмч нар илүү нарийн мэргэжлийн
эмчилгээ шаардлагатай гэвэл Цагдаагийн хамгаалалтад клиникийн эмнэлэгт
эмчлүүлэх зохицуулалт бий.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж