Шударга өрсөлдөөн хэрэглэгийн төлөө газрын дарга Б.Лхагва торгууль ногдуулсан байцаагчийн актыг хүчингүй болгохдоо хуулийн хэд, хэдэн үндэслэлийг зөрчсөн гэж МҮЭХ-ныхон үзэж байгаа ажээ. “Өрсөлдөөний тухай зүйлийн 13.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон гэж ШӨХТГ ярьдаг. Энэ заалтад “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийн хямралд төрөөс торгууль ногдуулахгүй” гэж заасан байдаг. Мөн Улсын нөөцийн тухай хуулийг дурьдана лээ. Гэтэл энэ хуулинд чинь “УИХ-аас тогтоосон бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны төвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гээд заачихсан байгаа шүү дээ. Тиймээс л бид хууль зөрчсөн шийдвэр гэж үзээд байгаа юм” гэж МҮЭХ-ний ерөнхийлөгч С.Ганбаатар ярьсан юм. Мөн тэд тухайн үедээ хууль зөрчсөн гэж үзэн өмнөх дарга, дэд дарга нарыг ажлаас нь халсан шигээ Б.Лхагвад ямар нэгэн хариуцлага тооцох хэрэгтэй гэж сануулж байгаа юм. МҮЭХ-ноос Б.Лхагвад өөрт нь бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Тиймээс Шадар сайд М.Энхболдод захидал хүргүүлээд байгаа аж. “Бид өмнө нь Ерөнхий сайдад захидал хүргүүлээд ямар нэгэн хариу ирүүлээгүй. Энэ удаад бид Шадар сайдад бичиг хүргүүлж байна. Ямар нэгэн хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж С.Ганбаатар ярьсан юм.
МҮЭХ-ний ерөнхийлөгч С.Ганбаатар ШӨХТГ-ын Удирдах зөвлөлд сонгогдсон аж. Харин 02 дугаар шийдвэрийг гаргахдаа С.Ганбаатарыг байлцуулалгүйгээр шийдвэрээ гаргасан байна. Түүнийг ажлаар Увс аймагт явж байх хойгуур нь хурлаа зарлан хуралдуулсан ажээ. Уг нь дүрэмдээ Удирдах зөвлөлийн гишүүдийг бүгдийг нь байлцуулна гэж заасан байдаг аж. МҮЭХ-г хурлаа зарлаж байх яг тэр цаг мөчид ШӨХТГ-аас мэдээлэл хийсэн юм. Тэд өөрсдийн ажлаа давгүй сайн байгаа гэж мэдэгдсэн юм. Мөн шударга бус өрсөлдөөнийг илчилвэл мөнгөн шагнал олгох тухай журмыг баталсан ажээ. Тухайн мэдээлэл хэр зэрэг байгаагаас хамааран тухайн үед нь үнэлгээг нь өгөх юм байна. Харин МҮЭХ-ны тавиад байгаа асуудлын талаар ямар нэгэн тодорхой хариулт өгөхөөс эрс татгалзсан юм. “Бид үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээгээ өөрчилж байгаа. Өмнөхөөсөө боловсронгуй болгоно гэсэн үг. Зарим нэг хүмүүсийн яриад байгаа шиг зүйл огт байхгүй” гэж ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэлсэн үгэндээ онцолсон юм.
МҮЭХ-ны тавиад байгаа асуудалд эдийн засагчид өөр байр суурьтай байна. Шатахуун нийлүүлж байгаа компаниудад ийм их хэмжээний торгууль ногдуулах нь жижиг компаниудад хүндээр тусна гэж үзэж байгаа юм. “Бид үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Гэхдээ үнээ үгсэн хуйвалдаж нэм гэдгийг дэмжиж байгаа хэрэг биш. Яг үнэндээ 17 тэрбум гэдэг тоог хэн гаргаж ирсэн юм, үүнийг бүх компаниудаас гаргуулснаар хэрэглэгчдэд ямар ашиг ирэх юм гэдгийг маш сайн бодолцох хэрэгтэй” гэж эдийн засагч Б.Оргил ярьсан юм. Гадны эрдэмтдийн үзэж байгаагаар шударга өрсөлдөөний тухай ойлголт хэрэглэгчид, үйлдвэрлэгч, төр гэсэн энэ гурван бүтцэд бүгдэнд нь өөрөөр ойлгогддог учир нэгдсэн бодлого хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм. Үүнийг НҮБ-ийн эдийн засгийн тайланд ч тодорхой заасан байдаг аж. Тиймээс орчин үетэйгээ нийцсэн бодлого хэрэгтэй байгаа ажээ.
Монгол Улсад Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль 13 жилийн өмнө батлагдсан. Хамгийн сүүлд энэ хуулинд 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тиймээс энэ бүх асуудлууд үүсээд байгаа гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байсан юм.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас тавьж буй үндэслэлийнх нь талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Энэ асуудалд эгдүүцэж байгаа үндэслэл чинь юу юм бэ? Улс төрийн ашиг сонирхол байна уу?
-Улс төрийн ямар нэгэн ашиг сонирхол үүнд байхгүй. Б.Лхагва гэдэг хүний гаргасан 02 дугаар шийдвэрийг л би эсэргүүцэж байгаа юм. Яагаад заавал энэ шийдвэрийг намайг хөдөөгүүр ажиллаж байхад гаргасан юм бэ гэдгийг би ойлгохгүй байгаа юм. Эцсийн дүндээ үгсэн хуйвалдсан нь хожиж, хэрэглэгчид, ард иргэд ард нь хохирч үлдэх тийм гажиг тогтолцоо Монголд үүсэх гээд байна шүү дээ.
-Асуудлыг анх батлагдах гэж байхад нь хэлж болоогүй юм уу?
-Би дээр хэлсэн шүү дээ. Хөдөө явж байсан гэж. Тэгээд хүрээд ирсэн чинь батлагдсан байсан. Энэ бол ард түмнийг доромжилж байгаа хэрэг. Үүнийг төр нь ч, хэрэглэгчдийн төлөө байгууллага нь ч тэр ойшоодоггүй юм байна гэж бодоход хүрээд байна.
-Өмнө нь яг энэ асуудлаар хоёр удаа хэвлэлийн бага хурал зарлаж, шаардлага хүргүүлсэн. Үр дүн гарсангүй. Одоо дахин шаардлага хүргүүлээд шийдэгдэх үү?
-Шийдэгдэх байх гэдэгт эргэлзэхгүй байна. Төрд эрх биш ухаантай хүмүүс ажиллаж байгаа байлгүй дээ. Ямар нэгэн бодитой үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.