НИТХ-ийн сонгуульд 820 мянга орчим хүн санал өгнө

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

НИТХ-ийн сонгуульд 820 мянга орчим хүн санал өгнө

УИХ-ын сонгуулвтай хамт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн сонгуулийг хамт нэг өдөр зохион байгуулахаар болсны дагуу НИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг өчигдрөөс эхэлсэн ч сонгуулийн хороогоо байгуулаагүй байгаа юм байна. Хугацаа давчуу НИТХ-ын сонгуулийн шинэ хууль хэрэгжихэд хүндрэлтэй байгаа ч цаг алдалгүй сонгуулийн хороог байгуулж, бэлтгэлээ ажлаа хийж эхлэхээр төлөвлөсөн гэлээ. Сонгуулийн тойргийг өчигдрөөс эхлэн зарлах ёстой байсан ч цаг хугацааны хувьд давчуу байгаа учраас ганц нэг хоногийн зөрүү гарна гэж албаныхан хэлж буй. НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалангаас НИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-НИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажил эхэлж байна. Сонгуулийн хороогоо байгуулсан уу?

-УИХ,  нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн хуулийг энэ сарын 3-ны өдөр баталсан.  Энэ хуулиар  НИТХ-ын сонгуулийн тов өчигдрөөс албан ёсоор эхэлж байна. Үүнтэй  холбоотойгоор УИХ-аас гаргасан шийдвэр, НИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах, ялангуяа НИТХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны зөрүүтэй заалтуудыг нэгтгэх гээд бэлтгэл ажил их байгаа. НИТХ-ын сонгуулийн хороо байгуулагдаагүй. Гэхдээ ойрын хугацаанд сонгуулийн хороогоо шийдвэрлэхээр ажиллаж байна.  НИТХ-ын сонгуулийн санал авах өдөр УИХ-ын сонгуулийн санал авах өдөртэй зэрэг буюу зургадугаар 28-ны өдөр явагдана. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тойрог байгуулж, мандат хуваарилах асуудлыг оруулж, маргааш болох НИТХ-ын ээлжит бус хурлаар уг асуудал шийдэгдэх ёстой.

-Нийт хэдэн мандат, хэдэн тойрогт нэр дэвших вэ?

-Нийслэлийн ИТХ нийт 45 төлөө­лөгчтэй. Одоогийн хүчин төгөл­дөр хуулиараа. Шинэ хуулиар  45 төлөө­лөгчийн 30 нь нийслэлийн нийт тойрогт, үлдсэн 15 нь намын жагсаалтаар нэр дэвшинэ. Тойргийг  тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоонд нийцүүлж хуваарилна. Урьдчилсан байдлаар 358 хэсгийн хороо байгуулагдсан. Хуулийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас  хойш нийслэлд засаг захиргааны шилжилт хөдөлгөөн зогссон байгаа. Энэ удаагийн сонгууль шинэ хуулийн дагуу явагдахаараа онцлог. Энэ үүднээс нь авч үзвэл зөвхөн нийслэлд төдийгүй Монгол Улс анх удаа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу НИТХ-д суух төлөөллөө УИХ-д суух төлөөлөлтэй хамтад нь сонгох гэж байгаа юм.

-Нийслэлийн хэмжээнд хэдэн иргэн санал өгөх вэ, лавлагаагаар санал өгөх эсэх нь тодорхой болоогүй ч хүмүүсийн тоог гаргасан уу?

-УБЕГ-аас гаргасан мэдээллээр шинээр иргэний үнэмлэх авах, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн хүмүүсийн тоо 15 мянга орчим байгаа гэсэн. Эдгээр хүмүүс  саналаа лавлагааны хуудсаар өгөхөөс аргагүй гэдгийг УБЕГ мэдэгдсэн байгаа. Гэхдээ бид шинээр иргэний үнэмлэх авах нийслэлийн иргэдийг үнэмлэхийг нь олгох боломж байгаа эсэхийг судалж байгаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд 820 орчим сонгогч санал өгөх урьдчилан тооцоо гарсан. Сонгуулийн ерөнхий хороонд УБЕГ-аас өгсөн сонгогчдын нэрсийн жагсаалтын дагуу сонгууль явна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж