Мөн бүлгээр УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нараас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд чуулган өндөрлөхөөс урьтаад УИХ-аар асуудлыг оруулж “Хэлэлцэх эсэхийг нь дэмжих ёстой” гэж үзсэн аж. Эл хуулийн төслийг жилийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, дэмжсэн юм байна. Нөгөөтэйгүүр, хэзээ эл хууль батлагдах бол хэмээн олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн. Тийм учраас хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэчихсэн байхад дараагийн парламент цааш нь хэлэлцүүлгийг нь үргэлжлүүлээд явах бололцоотой гэж үзжээ.
Гурав дахь нь иргэний үнэмлэхгүй иргэдийг яаж сонгуульд оролцуулах вэ гэдэг асуудал багтсан байна. Одоогоор 40 мянга орчим иргэн үнэмлэхээ гээсэн үрэгдүүлсэн гэж мэдэгджээ. МАН-ын бүлгийн хувьд сонгууль болохоос өмнө буюу үлдэж байгаа нэг сарын хугацаанд иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэдэд түүнийг нь хэвлэж олгох чиглэлээр Засгийн газар шийдвэрээ гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шуурхай ажиллах ёстой гэж үзсэн байна. Ардчилсан намын зүгээс мөн лавлагааны хуудсаар санал өгөх нь сонгууль луйвардах нэг арга гэж үзэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан юм.
2008 оны УИХ-ын сонгуулиар лавлагааны хуудсаар санал өгснөөс будлиан үүсч, долдугаар сарын 1-ний үймээн дэгдэж, таван хүн амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Үүнийг дахин давтахгүйн тулд цахим үнэмлэхээр сонгууль явуулах шийдвэрийг гаргасан ч энэ удаа дахин хуучин иргэний үнэмлэх хэрэглэхээр болсон. Цахим үнэмлэхний сургаар УБЕГ орон нутагт байрлах хэвлэх машинаа татсанаар иргэний үнэмлэх дахин хэвлэгдээгүй. Энэ хугацаанд иргэний үнэмлэх шинээр авах болон гээгдүүлсэн 40 мянга орчим иргэн бий гэсэн тооцоо гарсан. Харин эдгээр иргэдийг лавлагааны хуудсаар УИХ-ын сонгуульд санал өгөх эсэхийг нь шийдвэрлэх ёстой. УИХ дахь хоёр намын бүлгийн зүгээс лавлагааны хуудсаар санал өгөхгүй байх байр суурьтай байгаа учраас Засгийн газар шийдвэрээ гаргаж, УБЕГ-т шуурхай ажиллах үүрэг өгсөн байна. УБЕГ-аас ямар арга хэмжээ авч байгаа талаар одоогоор тодорхой зүйл байхгүй байгаа ч лавлагааны хуудсаар сонгууль өгч луйвардана гэж байсан асуудлыг шийдвэрлэж байгаа бололтой.