Төсвийн 70 хувийг цалинд зарцуулах болно

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Төсвийн 70 хувийг цалинд зарцуулах болно

ЦАЛИНГ 1.3 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭВЭЛ ТӨСВИЙН 70 ХУВИЙГ ЦАЛИНД ЗАРЦУУЛАХ БОЛНО

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр “Ерөнхийлөгчөөс мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүний гуравны нэгийг УИХ-ын гишүүн байж болно гэсэн санал гаргасан. Харин гуравны хоёрыг нь гаднаас томилох саналтай байгаа. Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж, МАН-аас гаргаж буй иргэдийг 1.3 сая төгрөгийн цалинтай болгох санаачлага хэрэгжих боломжгүй гэж үзсэн. Тиймээс  амлалтуудаа хязгаарлах хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн иргэний цахим үнэмлэхийг иргэдэд олгох талаар Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулагдсан. Тэрхүү ажлын хэсэгт  УИХ-ын гишүүн З.Энхболд орж ажиллахаар болсон байна.  Ардчилсан намын  бүлэг иргэдийг сонгуулийн өмнө яаралтай цахим үнэмлэхжүүлэх ёстой гэсэн байр суурьтай  байна” гэв. Мөн тэрээр дараах асуултад хариулт өгсөн байна.

-МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг яагаад биелэх боломжгүй гэж байгаагаа тайлбарлана уу?

-Эрх баригч намын амлалтаас болж Төсвийн тухай хууль биелэхгүй байдалд хүрээд байгаа юм байна. Өнөөдөр манай орны цалингийн сан нийт төсвийн зардлын 11 хувийг эзэлдэг. Гэтэл МАН-ын мөрийн хөтөлбөрөөр цалинг 1.3 сая төгрөгт хүргэвэл нийт төсвийн 70 хувийг цалинд зарцуулах болно. Монгол Улсын төсвийн гаргаж чадах нийт хөрөнгө 780 тэрбум төгрөг. Энэ мөнгөний 30-хан хувиар туурга тусгаар улс бүтэн жил амьдрах болоод байна. Тэгэхээр цаана нь өнөөх хөрөнгө оруулалт  хаана байна, бусад салбарын хөгжил хаана байна гэдэг асуудал нээлттэй үлдэнэ. Нэг бол эрх баригч нам утга учиргүй амлалтаа цэгцлэх ёстой. Нэг бол төсвийн хүрээний мэдэгдлээ амлалтдаа тохируулж өөрчлөх ёстой. Гэхдээ төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ баталчихсан. Төсвийн алдагдлаа ДНБ-ийн хоёр хувиас ихгүй байх зарчмыг баримтлана гэж баталсан. Гэтэл МАН-ын амлалтад 21 мянган төгрөгийг сар болгон олгоод явна гэж байгаа. Энэ нь төсөвт бүр илүү дарамт болно.

-Ирэх сонгуулиар бэлэн мөнгө амлаж болохгүй ч цалинг нэмнэ гэсэн нь ялгаагүй хууль зөрчсөн үйлдэл юм биш үү?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс эдгээр амлалтыг хянах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн Ардчилсан намын бүлгийн зүгээс эдгээр амлалттай холбоотой улс төрийн дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн. Бусад намын хууль зөрчсөн мөрийн хөтөлбөрүүдийг хасах ёстой. Хэрэв тухайн нам хууль зөрчсөн мөрийн хөтөлбөрөө засахгүй гэж үзэж байгаа бол намуудын нэрсийн жагсаалтаас хасах нь зүйтэй. Өнөөдөр бид хуулиа дээдлэх ёстой. Улс төрийн намууд хуулиа уландаа гишгэвэл хэн хууль биелүүлэх юм бэ?

-Хуулинд мөрийн хөтөл­бөрөө засах ямар боломж байгаа юм бэ?

-Үндэсний аудитын газар саналаа гаргаад Сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Намууд хуульд заасан тодорхой хугацаанд ирсэн саналуудыг үндэслэн мөрийн хөтөлбөрөө засах хуулийн хугацаатай, боломжтой. Намууд хуультайгаа нийцүүлж мөрийн хөтөлбөрөө засах ёстой. Үгүй бол улс төрийн намын нэрсийн жагсаалтаас тухайн намыг хасна.

-Ардчилсан намын мө­рийн хөтөлбөрийнхөө талаар?

-Ардчилсан нам хууль биелүүлэх үйл ажиллагааг үлгэр дууриал болох зарчмыг баримталж байгаа. Манай намаас бусад намын хэвлэл мэдээллээр зарлагдаад явж байгаа мөрийн хөтөлбөрүүдэд хэд хэдэн санаа зовоосон амлалтууд бий. Ардчилсан намын хувьд өнгөрөгч долоо хоногт хуульд заасан хугацаанд Аудитын ерөнхий газарт мөрийн хөтөлбөрөө аваачиж өгсөн. Бусад намаас амлалт болгоны ард хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгааг заалт болгоноор дэлгэрэнгүй гаргаж өгснөөрөө давуу мөрийн хөтөлбөр болсон. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр төсвийн хүрээний мэдэгдэл болон УИХ-ын сонгуулийн хуульд заасан хувь, хувьцаа, бэлэн мөнгө, ажлын байр амлахгүй гэсэн бүх шаардлагыг биелүүлсэн. Удахгүй Үндэсний аудитын газар шийдвэрээ албан ёсоор зарлана биз.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж