Тав дахь бүгд найрамдах улсын долоо дахь ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Тав дахь бүгд найрамдах улсын долоо дахь ерөнхийлөгч

Олон жилийн турш энэ хүний гадаад төрх, биеэ авч явж байгаа нь өөрсдийн хувьд ер бусын болох “apparatchik” гэх гадаад үгээр гангарах болсон францчуудын ярьдаг шиг намын ердийн нэг зүтгэлтнийг харуулж иржээ. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд тэрээр өөрийн имижээ өөрчлөн, жингээ багасгаж сайхан хувцаслан илүү итгэлтэй, хатуухан яриатай болов. Гэхдээ “ердийн, энгийн” гэсэн имижээ хичээнгүйлэн тодруулсан хэвээр. Үүгээрээ тэрээр өмнөх ерөнхийлөгч, хэт хөдөлгөөнтэй Саркозигаас эрс өөр харагдагдаж байлаа. Саркозийг гипер идэвхийнхээ төлөө Германы канцлер Ангела Меркель “Duracell-ерөнхийлөгч” гэж нэрлэж байсан бол бол ард түмэн нь түүнийг тансаглал,  үнэтэй эд зүйлсээр гангардгийг нь шүүмжлэн “ерөнхийлөгч Блинг-Блинг” (английн Bling – гялалзах, дэгжрэх гэсэн утгатай үгнээс) гэж нэрлэж байв.

Францын өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркози сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөд байгаа. Үүний зэрэгцээ тэрээр социалист Франсуа Олландыг сонгосон францчуудын сонголтын эрхийг хүндэтгэн үзэхийг өөрийн дэмжигчдэд уриалав.

 “Франц бүгд найрамдах улсынхаа шинэ ерөнхийлөгчийг сонголоо. Энэ бол ардчилсан бөгөөд бүгд найрамдах улсын сонголт. Франсуа Олланд  одоо Францын шинэ ерөнхийлөгч. Тиймээс ч бид энэ сонголтыг хүндэтгэх ёстой… Миний төлөөлж байсан институт хангалтай хэмжээгээр хүндэтгэл хүлээгүйгээс би ихээхэн шаналан зовж байлаа. Тийм ч учраас муу жишээг бид үзүүлэхгүй. Бид Францдаа хайртай. Бид өөрсдийн эх орныг хайрладаг” хэмээн Саркози өөрийн талынханд хандан хэлэв. “Баярлалаа, Николя!” гэсэн өөрийн талынхны талархалд  хариулахдаа: “Үгүй, харин би та нарт баярлалаа гэж хэлэх ёстой. Учир нь Францын хувь заяаг барьж байсан хүний хувьд энэ бол асар их хувь завшаан юм. Яагаад гэдгийг би тайлбарлая. Би хариуцлага гэсэн уриан дор тэмцлээ явуулсан. Би хариуцлагаас бултдаг хүн биш. 35 жилийн улс төрийн карьер, 10 жилийн турш төр засгийн дээд тушаалд байсныхаа хувьд, таван жил ерөнхийлөгч хийснийхээ хувьд манай орны амьдралтай холбоотой миний үүргийн шинж чанар өөрчлөгдөж, Францын энгийн иргэдийн нэг болж байгаа энэ эгшинд би эх орноо хайрлах сэтгэлээ зүрхэндээ улам гүнзгий хадгалан явах болно. Би нэг зүйлийг хэлье. Үүнийг санаж, ойлгохыг хичээнгүйлэн гуйя. Миний хүндэт эх орон нэгтнүүд та нарын надад өгсөн бүхнийг би хэзээ ч төлж дийлэхгүй… Та нар надад маш их зүйл өгсөн” хэмээн Саркози хэлжээ. Сонгуульд ялагдсан Саркози улс төрд үлдэх үү? Ёстой мэдэхгүй.

Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон Франсуа Олланд ялалтынхаа анхны үгийг олон жилийн турш толгойлж байсан Тюль хотынхондоо хандан хэллээ. Тэрээр санал өгөхөөр ням гаригт тэнд ирсэн юм. “Олон хүн энэ үйл явдлыг олон жилийн турш хүлээж байлаа. Залуус үүнийг мэдэхгүй. Зарим нь цөхөрч байв. Гэвч би итгэл, найдварыг сэргээж чадсандаа бахархаж байна. Бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн нэн тэргүүн үүрэг нь бидний өмнө зогсч байгаа асуудлыг шийдэх бүх нийтийн үйл хэрэгт иргэдийг нэгтгэх явдал. Юуны түрүүнд аж үйлдвэрийг сэргээн улс орныг хямралаас гаргах ёстой. Өрийн асуудлыг шийдэхийн тулд төсвийн алдагдлыг бууруулах ёстой. Манай нийгмийн загварыг хадгалан улсын зүгээс өгөх үйлчилгээнд бүгдэд тэгш хүртээмжтэйгээр хамруулах ёстой. Миний ажлын гол чиглэл нь боловсрол, хүрээлэн буй орчныг хамгаалах, экологи, ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийн  үүднээс Европын чиглэлээ барих явдал болно” хэмээн Олланд онцолжээ.

Франсуа Олланд гэж хэн бэ?

Францын улс төр, нийгмийн зүтгэлтэн, Үндэсний чуулганы депутат, Коррез департаментын (муж) Ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Франсуа Жерар Жорж Олланд (Francois Gerard Georges Hollande) Францын хойд хэсгийн Seine-Maritime мужийн Руан хотноо 1954 оны наймдугаар сарын 12-нд төржээ. Эцэг Жорж Олланд нь хамар хоолойн эмч, эх Николь Трибе нь нийгмийн ажилтан байлаа. Гэр бүл нь 1968 онд Парисын баруун дүүргийн Нейи-сюр-Сен (Neuilly-sur-Seine) районд нүүн ирсний дараа Олланд Пастерийн лицейг дүүргэн хуулийн диплом авсан. Франсуа Олланд 1974 онд HEC Paris (Ecole des Hautes Etudes Commerciales de Paris) бизнес-сургууль болон Парисын  РАН-Po (Institut d’Etudes Politiques de Paris, Sciences Po) гэх Улс төрийн судалгааны институтад лекц сонсон эрх зүйн мэргэжилтэй болсон. Тэрээр 1980 онд элитийн  Захиргааны үндэсний сургуульд  ENA (Ecole Nationale d’Administration) суралцан төгсөөд Тооллогын танхимд аудиторын  ажил хийж эхэлсэн байна. Олланд оюутан байхдаа 1979 онд Францын Социалист намд элсчээ.

Ерөнхийлөгчийн 1981 оны сонгуулиар тэрээо социалистуудын нэр дэвшигч Франсуа Миттераны  эдийн засгийн зөвлөх, итгэмжилсэн төлөөлөгч нь болсон. Мөн тэр жилдээ залуу социалист Коррез мужийн Юссель тойргоос Францын парламентын доод танхимын сонгуульд оролцож, 26 хувийн санал авч ирээдүйн ерөнхийлөгч Жак Ширакт ялагдаж байв.

1983 онд Олланд Засгийн газрын спикер Макс Галогийн Тамгын газрыг толгойлов. Мөн тэр цагаар Юссель тойргийн захиргааны зөвлөх болоод 1989 он хүртэл тэр тушаалд байлаа. Тэрээр 1984 онд Тооллогын танхимын гишүүн байгаад Коррез мужийн Тюль тойргоос  1988 онд сонгогдон парламентын гишүүн болов. Митран түүнийг Санхүү ба төлөвлөлтийн асуудал эрхэлсэн хорооны нарийн бичгийн дарга ба Батлан хамгаалахын төсвийн илтгэгчээр давхар томилсон байлаа.

Олланд 1988-1991 онд РАН-Po институтад багшилжээ. 1992 оны арванхоёрдугаар сард түүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал эрхэлсэн Зөвлөлдөх зөвлөлийн дарга болгожээ. 1993 онд парламентын сонгуульд оролцоод ялагдав. Дараа нь найз Жан-Пьер Миньярын товчоонд өмгөөлөгчөөр хэдэн сар ажиллаад  1994 оноос намынхаа ажилд идэвхтэй оролцох болсон. Ерөнхий сайд Лионеля  Жоспенийн тодорхойлолтоор түүнийг 1997 онд Социалист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгосон юм. Олландыг 1998 онд Коррез муж багтдаг Лимузен хязгаарын бүсийн зөвлөлийн дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Олланд 1999 оноос Евро парламентад сонгогдсон ч дөнгөж хагас жил ажилласан. Францын Үндэсний ассамблейн үйл ажиллагаандаа төвлөрөхийн тулд тэрээр ажлаасаа татгалзсан гэдэг. Тюль хотын захирагчаар  Олланд 2001оны гуравдугаар сарын 19-нд сонгогджээ.  2004-2005  онд Нийт Европын Үндсэн хуулийг дэмжиж энэ талаар нам дотроо дотоодын сонгууль явуулсан ч бүх нийтийн санал асуулгаар дэмжээгүй билээ.

2007 оны  ерөнхийлөгчийн сонгуулиар тэрээр намын нөхөр Сеголен Руаялийг дэмжиж ажилласан ч тэр эмэгтэй хоёрдугаар шатны сонгуулиар Саркозид ялагдсан юм. Олландыг 2008 оны гуравдугаар сард Вижуа кантоны Коррезийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгожээ. Тэрээр намын нэгдүгээр нарийн бичгийн даргын ажлаа 2008 оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгсөн. 2011 оны гуравдугаар сарын 31-нд тэрээр Коррез мужийн Ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснээ албан ёсоор зарлав.

2011 оны аравдугаар сарын намын сунгаагаар Олланд гол өрсөлдөгч Мартину Обрийг (Martine Aubry) ялан 2,7 сая намын дэмжигчийн 56,4 хувийн саналыг авчээ. Олланд олон номын зохиогч бөгөөд хамтран бичигч. “Социалист үзэл санаа өнөөдөр” (L’Idee socialiste aujourd’hui, 2001) ,”Яагаад социализм биш гэж?” (Pourquoi pas le socialisme?, 2010) зэрэг номууд нь нэлээд алдартай. 2011 оны наймдугаар сард “Францын хувь заяа” (Un destin pour la France) нэртэй номоо гаргажээ. Тэрээр 1979-2007 онд Социалист намын хамтран зүтгэгч, Үндэсний ассамблейн депутат ба Социалист намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч хатагтай Сеголен Руаяльтай хамтран амьдарч байв. Тэд Томас (Thomas, 1984), Клеменс (Clemence, 1986), Жюльен (Julien, 1987) ба Флора (Flora, 1992) гэсэн дөрвөн хүүхэдтэй. 2006 оноос хойш Францын долоо хоног тутмын мэдээний Paris Match сэтгүүлийн сэтгүүлч эмэгтэй Валери Триервейлер (Valerie Trierweiler)-тэй хамтран амьдарч байгаа.
 

Цорын ганц дутагдал

Олландын удирдлагаар Социалист нам ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд хоёр удаа ялагдсан юм. Гэхдээ үндэсний хэмжээний сөрөг хүчний байрнаас социалистууд орон нутагт идэвхтэй ажиллан олон хот, бүсийг барууныхнаас авч чадсаны дүнд тэд Тав дахь бүгд найрамдах улсын түүхэнд анх удаагаа парламентын дээд танхим болох Сенатад олонх болж чаджээ. Социалистуудын хувьд тэдний нэр дэвшигч Жоспен сонгуулийн эхний шатаар гарч чадаагүй 2002 он жинхэнэ уналтын жил болов. 2007 оны сонгуулиар Олландын 30 жил хамтран амьдарсан хатагтай Сеголен Руаяль тэдний намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн юм. Олланд хэзээ ч сайд, орлогч сайдаар ажиллаж байгаагүй. Харин хамтран амьдрагч нь Засгийн газарт удаан ажилласан дараа нь Пуату-Шарантагийн бүсийн  зөвлөлд сонгогдон өнөөг хүртэл бүсийн тэргүүнээр ажиллаж байгаа. Тэр үед сонгуулиас хэдэн сарын өмнө Руаялийн штабын дарга Арно Монтебур Canal+ сувгийн ток-шоугаар нэр дэвшигчийн дутагдал юу вэ гэсэн асуудалд хариулахдаа “Хатагтайд цорын ганц дутагдал байдаг нь түүний хамтран амьдрагч нөхөр нь” гэж хэлсэн юм. Хэсэг хугацааны дараа тэрээр “энэ бол шоглоом” гэсэн ч тэрээр Руаялиас уучлалт гуйн огцрох өргөдлөө өгөх болсон юм.

2007 оны сонгуулийн дараа Олланд-Руаяль хос салсан юм. Тэр үед Олланд өнөөгийн хамтран амьдрагч Валери Триервейлертай жиг ургуулсан нь тэдний салах шалтгаан болжээ. Энэ бүх хугацаанд олонхийн нүдэнд Олланд бүхий л талаараа ердийн намын түшмэл маягаар харагдаж иржээ. Тэрээр индүүдлэггүй костюм, Celio дэлгүүрийн цамц, хямдхан гутал, моодны биш бөөрөнхий хэлбэрийн нүдний шилээр гоёж, 120 еврогийн Swatch цаг зүүдэг. Хөлбөмбөг үзэж, спортын l’Equipe сонин унших, шог үгээр ярих дуртай. Андрекот гэх давтсан мах, шоколадтай бялуу, коррез нутгийн хоолыг илүүд үзнэ. Piaggio маркийн гурван дугуйтай моторт дугуйгаараа бахархдаг, өөрөө дэлгүүрээр орж худалдаа хийх дуртай.

Иймэрхүү дүр төрхөөс нь болон социалистийг Nestle компанийн бүтээгдэхүүн “Фланби” (Flanby) гэх карамелийн пудингийн нэрээр хочилдаг (пудингийг Flamby гэж нэрлэгдэг ч харин хочийг нь Олландын овгийн “n” үсгээр “m”-ийг орлуулан Flanby болгожээ).

“Мсье Нормаль” гэсэн бас нэг хочтой. Тэрээр төрийн тэргүүн болсон ч бусдын адил хүн хэвээр үлдэнэ гэж ярьдгаас нь болон хэвлэл, интернэтээр энэ хочийг түүнд өгсөн. “Хувь заяаны өөрчлөлт” (Changer de destin) гэсэн нэртэйгээр 2012 онд гаргасан номондоо “Монтенюгийн адил “ховорхон ном бичсэн ердийн хүн” байхыг хүсдэг гэж тэрээр бичсэн байв. Дашрамд дурьдахад, “Энгийн” гэсэн түүний үзэл бодол нь энэ сонгуулийн өрсөлдөгч байсан Саркозийн дургүйг нэлээд хүргэсэн бололтой. Сонгуулийн халз маргаан дээр Саркози тэсэлгүйгээр “Та, ердийн ерөнхийлөгч гэж яриад байх юм. Бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн тушаал бол ердийн биш. Таны ердийн байдал чинь учир явдалдаа зохицохгүй байна. Генерал (Шарль) Де Голль, Франсуа Миттеран, Валерии Жискар д’Эстен, Жорж Помпиду нарыг энэ утгаар нь ердийн хүмүүс байсан гэж би бодохгүй” хэмээн хэлж байлаа.

Франсуа Олланд “v2.0.12”

Олланд 2008 онд намын  тушаалаа хүлээлгэн өгсөн. Тэр үед түүнд дээд хэмжээнд өрсөлдөх санал түүнд төрөөд байсан юм. Тэрээр 2007 онд сонгуульд өрсөлдөхөөр байсан ч Триервейлертай нууц амрагийн холбоотой болсон нь дуулиан дэгдээнэ гэж айсан байх. Ерөнхийлөгчийн талаар бодож эхэлснээр тэрээр имижээ өөрчилж, хоолоо хасан хэдэн жилийн дотор арван хэдэн кг-аар турав. Орчин үеийн мягаар үсээ засуулан хөнгөн дөрвөлжин хүрээтэй нүдний шил зүүн сайн эсгүүр оёдолтой костюмаар гоён ганган зангиа зүүх болжээ. Гэхдээ зарим зуршил нь хэвээр үлдсэн байв. Тэрээр Саркози шиг үнэтэй цаг зүүлгүй Swatch-аа л зүүсэн хэвээр бөгөөд өмнөхийн адил захаар явдаг. Ерөнхийлөгч болоод тийм боломжоо алдана гэдэгт харамсч байгаа бололтой.

Энэ жилийн сонгуулийн нэр дэвшигч болохын тулд тэрээр намынхаа праймеризээр  Сеголен Руаяль, Арно Монтебур ба намын дарга Мартин Обри нарын таван социалисттай өрсөлдсөн юм. Түүний амжилтад ОУВС-гийн захирал асан Доменик Стросс-Каны дуулиан ихээхэн түлхэц болжээ. Социалистуудын лидерээр нэрлэгдэж байсан тросс-Каны хүчингийн хэргийн дуулиан дэгдсэнээр Олландыг намдаа нэгээр гарч ирлээ. Нэр дэвшигч Олланд нь намын зүтгэлтэн Олландаас шийдвэртэй, хатуу болсон байв. Энэ нь хоёр нэр дэвшигчийн халз маргаанаас тодорхой харагдлаа. Саркози энэ гурван цагийн өрсөлдөөнд итгэлтэй байсан ч Олланд өөрийгөө нэр төртэй, төрийн тэргүүний хэмжээний улстөрч гэдгээ харуулж чадав. Тэр халз маргаан дээр хөтөлбөр нь чухал биш харин ерөнхийлөгч ямар харагдах ёстойг ойлгосон тактиктайгаар хамгаалахаас илүүтэй довтолгооны тактикийг сонгосон байв. Тэдний халз тулааныг телевизээр 18 сая үзсэн бөгөөд маргааш нь явуулсан олон нийтийн санал асуулгаар Олландыг тэд илүүтэй гэж үзсэн байв. Хэвлэл мэдээллээр түүнийг өнөөгийн ерөнхийлөгчөөс илүүтэйгээр тоо баримт ашигласныг тэмдэглэсэн байлаа.

Нийгэм нь Саркозийн дүрээс уйдсаны буянаар тэрээр сонгуулийн эхний болон шийдвэрлэх шатанд тэргүүлсээр гарч ирсэн гэдгийг үгүйсгэх аргагүй. Түүгээр ч барахгүй эхний шатнаас хасагдсан зургаан нэр дэвшигчдийн сонгогчдыг тэр өөртөө татсанд нь бас л Саркозийн хөдөлгөөнт дүр тус болсон байх. Саркози гэнэтхэн Үндэсний фронтын талбарт хандсанаар Олланд илүү зүйл амлалгүйгээр шаардлагатай саналаа авч чадлаа. Тэрээр хамгийн сүүлчийн сонгуулийн цуглаанаа хийхдээ социалистууд 17 жил засгийн эрх аваагүй, 10 жил хууль тогтоох байгууллагад тэргүүлж чадаагүй байгааг сануулан түүхийн хэд хэдэн хуудсыг эргүүлэхийн тулд хамаг хүчээ дайчлан сонгуульд оролцохыг францчуудад уриалсан юм.

Тэд яллаа. Ням гаригт Францын Дотоод хэргийн яам сонгуулийн урьдчилсан дүнг зарлав. Удалгүй Николя Саркози ялагдлаа хүлээн өрсөлдөгчдөө баяр хүргэлээ. Франсуа Олланд Францын шинэ ерөнхийлөгч боллоо.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж