Цагдаагийн экс удирдлагууд эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс удирдлагууд эмчлүүлж байна

“2008 оны долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой, таван хүний амь нас хохирсон хэрэгт буруутгагдаж, улмаар Урьдчилан саатуулах төвд сар гаруй хугацаанд хоригдож буй цагдаагийн экс дарга нарын ар гэрийнхний зүгээс тэднийг батлан даалтад гаргах асуудлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд удаа дараа хандсан ч хүсэлтийг хүлээж аваагүй. Харин өнгөрсөн долоо хоногт /V.02/ ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт нарын биеийн байдал эрс муудсаныг харгалзан үзэж, Н.П.Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн юм.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Л.Зоригтын хувьд чихрийн шижин өвчтэй бөгөөд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш бие нь эрс муудсан учраас түүнийг тус эмнэлгийн Ангиографийн оношлогоо, эмчилгээний тасагт хэвтүүлэн, эмчилж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар О.Зоригт хурандаагийн сахарын хэмжээ буухгүй өссөөр 20 хүрээд байгаа гэнэ. Уг нь хүний биен дэх сахарын хэмжээ 8-аас хэтрэх ёсгүй байдаг юм байна. Түүнийг ирсэн даруйд нь онош тодруулах хагалгаанд оруулсан боловч сайн тогтоогдохгүй байгаа гэнэ. Одоогоор түүний биеийн байдал тааруу зүрхээр нь хатгуулж, маш их амьсгаадаж орноосоо босч чадахгүй байгаа юм байна.

Харин хошууч генерал Ч.Амарболдын бие муудан, даралт нь байнга унаж, сахарын хэмжээ нь буурахгүй байсан учир мөн өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хэвтүүлсэн байна. Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяатай холбогдож биеийн байдлыг нь тодрууллаа.

-Ч.Амарболд генерал хэ­­зээ­нээс эмнэлэгт хэвт­сэн бэ. Бие нь ямар байгаа вэ?

-Элэгний өвчин нь сэдэрч, саха­рын хэмжээ нь ихэссэн. Бие нь маш тааруу байна. Тиймээс өнгөрсөн баасан гаригийн орой Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэ­рээр III эмнэлэгт шилжүүлсэн. Одоо ч бие нь тааруу байна. О.Зоригтын ту­хайд мөн л сахарын өвчин нь хөдөлж, яаралтай эмчилгээ хийх шаардлагатай болсон учраас кли­никийн эмнэлэгт хэвтүүл­сэн.

-Та нөхөртэйгээ хэзээ уулз­сан бэ?

-Эмнэлгийн үүдэнд хар­галзаг­чид байгаа учраас шүү­­хийн зөв­шөөр­лөөр л уул­заж байгаа. Би өчигдөр уулз­лаа. Турж эцээд хара­хад ч  хэцүү болсон байна. Маргааш л эмч нараас нь мэ­дээ­­лэл авна гээд хүлээж байна гэв.

Н.БУРМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж