Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ-аас аймгийнхаа сарлаг бүхий сумдтай хамтран “Сарлагийн баяр-2012” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь НЭЗ-ыг хөгжүүлэх 2012 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу тоо толгой нь цөөрч буй мал амьтдыг өсгөх, Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалын дагуу сарлаг сүрэг устаж үгүй болохоос хамгаалах, цус сэлбэж, чанарыг сайжруулах, тэдгээрийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, сарлагийн ашиг шим, бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлан таниулах зорилгоор ийнхүү сарлагийн баярын арга хэмжээг зохион байгуулах гэж буй ажээ. Уг арга хэмжээг 2012 оны тав дугаар сарын 26-нд Ёлын аман хэмээх байгалийн өвөрмөц тогтоц бүхий газарт болох бөгөөд АЗДТГ, ХХААЖДҮГ, Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумын ЗДТГ, БОАЖГ, Мерси-Кор ОУ-ын Өмнөговь аймаг дахь төлөөлөгчийн газар, Цөм сүргийн үржлийн төв, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо зэрэг байгуууллагууд хамтран зохион байгуулж байгаа гэнэ. Сарлагийн баярын үеэр “Сарлаг сүргийг өсгөн үржүүлэхийн ач холбогдол, тулгамдсан асуудал” уулзалт хэлэлцүүлэг мөн сарлагын зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн , сарлагийн болон бусад малын сүү цагаан идээ, ноос, ноолууран бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохиогдох юм байна.
Э.Сараа