В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч боллоо

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Кремлийн ордонд тангараг өргөснөөр өнөөдрөөс эхлэн тус улсын Ерөнхийлөгч боллоо. В.Путин ийн дөрвөн жилийн дараа Кремльд эргэн ирж байна. Хуучин КГБ-ын тагнуул өнгөрсөн гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд дуулиантай ялалт байгуулснаар ОХУ-ын ерөнхийлөгчөөр гуравдахь удаагаа сонгогдсон билээ. Түүнийг тангараг өргөхөд Кремлийн ордонд хоёр мянга гаруй зочид төлөөлөгчид ёслол төгөлдөр угтаж авсан бөгөөд тэдний дунд Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович, Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони нар байсан гэдэг мэдээлэл цацагдаад байна. Өнгөрсөн ням гаригт В.Путины тангараг өргөх ёслолыг эсэргүүцсэн 20 мянган жагсагч  цагдаа нартай тулгарсан юм. Москва хотын цагдаа нар жагсагчдын эсрэг нулис асгаруулагч, бороохой хэрэглэж, 400 гаруй хүнийг баривчилсан. Хаант Орос улсын хаадын сууж байсан Кремлийн ордонд В.Путин гуравдахь удаагаа тангараг өргөж байгаа нь энэ юм. ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жил ерөнхийлөгчийн бүрэн эрх эдлэхээр болсон В.Путин Жосеф Сталинаас хойш хамгийн олон жил төрийн эрх барьж буй удирдагч болж байгаа аж. Гэвч түүнийг дотоодын улс төрийн хямрал, эдийн засгийн доройтол болон Умард Кавказийн ээдрээтэй асуудлууд хүлээж байгаа билээ. Түүнээс гадна өнгөрсөн арванхоёрдугаар сард дэгдсэн сөрөг хүчний эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнтэй хэл амаа ололцох нь В.Путины Засаг захиргааны шийдэх гол асуудал гэж Оросын сэтгүүлчид бичиж байна. Өнгөрсөн ням гаригт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр В.Путиныг эсэргүүцэгчид тангараг өргөх ёслолыг цуцлахыг шаардаж, суулт хийсэн байна. Жагсагчид дахин сонгууль явуулж, телевизийн эфирийн цаг өгөхийг шаардсан гэнэ. Тэдний дунд сөрөг хүчний лидер Алексей Навальний, Сергей Удалцов, Борис Немцов нар байсан аж. Ням гаригт болсон эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн В.Путиныг дэмжигчдийн хөдөлгөөн өрнөсөн байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж