820 мянга орчим сонгогч санал өгнө

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

820 мянга орчим сонгогч санал өгнө

УИХ-аас
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүний иргэдийн хурлын
төлөөлөгчдийг сонгох сонгуулийн хуулийг энэ сарын 3-ны өдөр баталсан
билээ. Энэ хуулийн дагуу НИТХ-ын сонгуулийн тов өнөөдрөөс албан ёсоор
эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас гаргасан шийдвэр, НИТХ-ын
сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах ялангуяа НИТХ-ын сонгуулийн
тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн
нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

НИТХ-ын
сонгуулийн санал авах өдөр УИХ-ын сонгуулийн санал авах өдөртэй зэрэг
буюу  2012 оны зургадугаар 28-ны өдөр явагдана. Өнөөдөр үдээс хойш
хуралдах НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тойрог байгуулж, мандат
хуваарилах асуудлыг оруулж, маргааш болох НИТХ-ын ээлжит бус хурлаар уг
асуудал шийдэгдэх тухай тэрбээр хэвлэлийнхэнд мэдээллээ. Нийслэл нийт 
45 төлөөлөгчтэй. Шинэ хуулиар  45 төлөөлөгчийн 30 нь нийслэлийн нийт
тойрогт, үлдсэн 15 нь намын жагсаалтаар орж ирнэ гэв. Тойргийг  тухайн
нутаг дэвсгэрийн хүн амын тоонд нийцүүлж хуваарилна. Түүнчлэн НИТХ-ын
Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай
хэлээд одоогийн байдлаар 358  хэсгийн хороо байгуулагдсныг дуулгалаа.
Хуулийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойш нийслэлд засаг
захиргааны шилжилт хөдөлгөөн зогссон байна.

Энэ удаагийн сонгууль
шинэ хуулийн дагуу явагдахаараа онцлог. Урьд өмнө нь НИТХ-ын сонгуулийг
орон нутгийн сонгуультай тусад нь намар явуулдаг байсан бол энэ удаад
УИХ-ын сонгуультай хамтатгаж явуулахаар болсон. Энэ үүднээс нь авч үзвэл
зөвхөн нийслэлд төдийгүй Монгол улс анх удаа орон нутгийн өөрөө удирдах
ёсны байгууллага буюу НИТХ-д  суух төлөөллөө УИХ-д суух төлөөлөлтэй
хамтад нь сонгох гэж байна. Нийслэлийн хэмжээнд 820 мянган сонгогч
саналаа өгөх урьдчилсан тоог Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан
байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтын тухайд СЕХ-нд өгсөн нэрсийн
жагсаалтаар явна гэв.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж