“Хотхоны барилгыг дотоодын мэргэжилтнүүд гүйцэтгэнэ”

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

“Хотхоны барилгыг дотоодын мэргэжилтнүүд гүйцэтгэнэ”

Их, сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх төсөл хоёр жилийн өмнөөс эхэлсэн билээ. Төслийн хэрэгжилтийн талаар Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ц.Энхболдтой ярилцлаа.

-Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явж байна вэ?

-Энэ төслийг Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт гэж нэрлэж болно. Засгийн газрын 2010 оны гуравдугаар сарын 5-ны тогтоо­лоор Их сургуулийн хотхон байгуулах ажлыг удирдах ажлын хэсэг, зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Удирдах ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхий сайд С.Батболд, орлогчоор нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ажиллаж байна. Мөн салбарын сайдууд ажлын хэс­гийн бүрэлдэхүүнд нь байгаа. Харин хотхоны зохион байгуулах ажлын хэсгийг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр ахалж, бүрэлдэхүүнд нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хот төлөв­лөлт болон цахилгаан, дулааны мэргэжлийн байгууллагуудын удирд­лагууд ажиллаж байна. Тогтоол батлагдсанаас  гурван сарын дараа МУИС-ийг хотхоноор хэрхэн хөгжүүлэх талаар чиглэл гаргаж  батлуулсан. Энэ чиглэл нь хотхоны баримтлах зарчим, хотхонд ямар шаардлага тавих, дор хаяж ирээдүйд баригдах Их сургуулийн хотхонд мөрийтэй тоглоом, баар, шө­нийн цэнгээний газаргүй байх гэх мэтчилэн шаардлага тавигдсан. Шаардлагуудыг хэрэгжүү­лэх чиглэ­лийг ч гаргасан байгаа.

-Их сургуулийн хотхон аймгуудад бас баригдахаар болсон гэсэн. Нэгдсэн төв оюутны хотхоныг хаана барихаар болсон бэ?

-Дээрх чиглэлийн дагуу таван газар Их сургуулийн хотхон байгуулахаар бол­сон. Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд гурван бүс газарт хотхон барихаар шийдвэр гарсан. Баруун бүсэд Ховд аймагт, Зүүн бүсэд Дорнод аймаг, төвийн бүсэд нийслэлийг түшиглэн Их сургуулиудын хотхоны цогцолбор байгуулна. Мөн манай улсад уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Үүнтэй холбогдуулж геоло­ги, уул уурхайн их сургуулийн цог­цолборыг Эрдэнэт хотод байгуу­лахаар заасан байгаа. Дархан-Уул ай­магт техникийн чиглэлийн хотхон байгуулах гээд таван газарт хотхон байгуулах юм. Их сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур дүүр­гийн IV, V хорооны нутаг дэвсгэрт бай­гуулах шийдвэр 2011 оны арванхоёрдугаар сарын 21-нд гарсан.

-Хотхоны нийт талбайн хэмжээ, тэнд хэчнээн хүн амьдрах боломжтой вэ?

-Манайхан хот байгуулах туршла­гагүй гэхэд бараг буруудахгүй. Дархан, Эрдэнэт хотыг Ленинград хотын зургын институтэд төлөв­­лөж,  бүтээсэн гэдэг юм билээ. Энэ утгаа­раа монголчууд анх удаа өөрсдийн оюуны болол­цоогоо дайчлаад түү­хэн­дээ ийм том хэм­жээний хотхон байгуулна. Нийт 10 мянган га талбайд Дархан, Эрдэнэт хотыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хотхон байгуулах гэж байна. Эхний байдлаар 150-200 мянган хүн ам амьдрах боломжтой хотхон баригдах болно. Хот амжилттай байгуулахад юуны тү­рүүнд хоёр нөхцөл шаардлагатай. Нэгдүгээрт, газар болон газрын байршил. Хоёрдугаарт, хотыг бүтээн босгох төлөвлөгөө, түүнийг сан­хүү­­жүүлэх асуу­дал л даа. Засгийн газраас тогтоол гаргаж Улаанбаатар хотын Засаг дарга Г.Мөнхбаяр Шивээ­тийн хөндийд хотхон байгуулах зориулал­таар 2000 га газар өгсөн. Ту­хайн газарт геоде­зи, инженер геологийн судалгаа хийхэд тэнд хот байгуулж болох ч зардал маш их өндөртэй болно гэж үзсэн. Учир нь, жирийн нэг цэвдэг биш, маш их нягтралтай өвөрмөц маягийн, зун маш их суулттай, өвөл их өндөр овойж хөлддөг мөнх­ийн цэвдэгтэй газар байсан. Хөрсийг үргэлж хөлдүү байлгахын тулд эсвэл амиакан хөргүүр хэрэглэх, эсвэл маш зузаан хөрс хуулж оронд нь цементэн давхарга барих шаардлагатай. Маш их зардал дагуулна. Иймээс том хэмжээтэй хот байгуулж болох газрыг сон­гохоор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо­ноос мэргэжлийн байгууллагуудын дунд тендер зарлан Шивээтийн хөндий, Хөшигтийн хөн­дий, Багануур дүүргийн Хүрмэнтийн хөндий, Хоолтын хөндийд харьцуулсан судалгаа хийл­гэсэн. Судалгааны дүнд тулгуурлан Монгол Улсын Засгийн газар 2011 оны арванхоёрдугаар сарын 21-нд Багануур дүүрэгт их сургуулиудын төв нэгдсэн их сургуу­лийн хотхоныг 10 мянган га талбайд байгуулах шийдвэрт хүрсэн.

-Хотхоны ерөнхий төлөвлөгөө гарсан байсан. Гэтэл газарзүйн байрлал өөрчлөгдөхөөр ерөнхий төлөвлөгөө бас өөрчлөгдөх үү?

-Их сургуулийн нэгдсэн хотхонд хэдэн хүн амьдрах, хэдэн сургууль очих, хэдий хэмжээний орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худал­даа­ны талбай зарцуулах гээд олон дагавар асуудал үүснэ. Тэр байтугай хотхоны нутаг дэвсгэрт хууль хамгаалалтын байгууллага, гал команд ч байх ёстой. Тиймээс урьд­чилсан техник эдийн засгийн үндэслэл, хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулсан. Гэхдээ газрын асуу­дал бүрэн шийдэгдээгүй байсан учраас эцсийн байдлаар дээд төв­шинд батлуулаагүй байсан. Тэгэхээр энэ боловсруулсан ерөнхий төлөв­лөгөөг шинэ байрлалдаа тааруулан засвар өөрч­лөлт оруулан ашиглаж болно. Эсвэл шинээр тендер зарлаж ерөнхий төлөв­лөгөөг хийлгэхэд ч болохгүй зүйл алга. Хэрэв тендер зарласан нөхцөлд 4-5 сарын хугацаа алдана.

-Замын ачаалал, хүн амын нягтрал  ямар төвшинд хүрэх бол?

-Их сургуулийг хотхоноор хөгжүү­лэх төслийг Монгол Улсын Засгийн газар зүгээр нэг хот байгуулалтын талаас барих гэж байгаа зүйл биш юм. Хотын түгжрэлийг багас­гах, ус, агаар хэт бохирдсон өнөө үед дагуул хотуудыг хөгжүүлэх бодлого бол зөв. Гэхдээ Их сургуулийн хотхон барих ажил дан ганц дагуул хот байгуулах бодлого биш. Харин Монгол Улсад дээд бо­ловс­ролыг өөрчлөн сайжруулах зайлш­гүй тул­гарсан асуудлыг шийд­вэрлэх хүрээний цог­цолбор арга хэмжээ. Манай их, дээд сур­гууль төгсч байгаа оюутнууд ажилгүй байна. Амьдралынхаа дөрвөн жилд аав, ээжийнхээ өдий төдий хөрөнгө мөнгийг сургалтын төлбөр­төө зарчихаад дараа нь ажилгүй байна гэдэг бол зөвхөн хувь хүний биш улс орны хувьд хохиролтой. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль жилээс жилд оюутны тоогоо нэмж, тэдний сургалтын төлбөрөөр оршин тогт­нодог буруу тогтолцоонд шилж­чихээд бай­на. Ер нь их сургууль гэдэг бол судал­гаа явуулдаг, мэдлэг үйлдвэрлэдэг газар. Шинжлэх ухаан сайн хөгжсөн бусад орнуудад шинжилгээ судалгаагаараа дэлхийн Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд их сургуулийн док­тор, пропфессор багш нь байдаг. Бид мэдлэг  хамгийн хүчтэй гэж ярьдаг ч мэдлэг үйлд­вэрлэдэг байгууллага их, дээд сургуулиа бусад улсад үйлдвэрлэсэн сурах бичиг, товхимолыг оюутнуудад дамжуулан худалдаж диплом ол­го­дог байгууллага болго­чихоод байна. Их сургуулиудын хот­хон барина гэдэг нь их, дээд сургуулиуд төвлөрч, дээр нь манай шинжлэх ухааны академийн хүрээ­лэн­гүүд очиж манай улсын оюуны мэдлэгтэй, чадвартай хүмүүс хам­тарч ажилладаг, амьдардаг, ил тод өрсөлддөг орчин бүрдүүлэх явдал юм.

-Хотхон хэдэн жилийн хугацаанд баригдах бол. Хөрөнгө оруулалтын хэмжээ хэр тусах вэ?

-Их сургуулийг хотхоноор хөг­жүү­лэх чиглэл 2011-2021 онд хэрэг­жихээр тусгагдсан. Манайд том бүтээн байгуулалт босгоход хаалт болсон  буруу тогтолцоо их байна. Тухайлбал, юм бүхэнд тендер зарлана. Энэ нь  хоёр сарын хугацаанд хийх ёстой ажлыг 5-6 сараар уртасгах шалтгаан болох жишээтэй. Энэ зарчмаар явбал нэг жилд хэдэн ажил хийх тооцоог Та ч гаргачихна. Бусад орны хот байгуулалтын туршлага бий. Дэлхийн том хотуудыг байгуулсан Солонгос, Япон зэрэг улс хот байгуулалтын асуудлыг хариуц­сан яамд дундын хэмжээний эрхтэй байгууллага үүсгээд бүтээн босголтоо явуулдаг. Гэтэл манайд олон нийтийн хүсч хү­лээж байгаа энэ том бүтээн бай­гуулалтыг явцуу дамжлагаар үр­гэлж­лүүлбэл асар их цаг алдах шинж­тэйг сүүлийн жил гаруй хугацаа харууллаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ­гээр яривал лав Оюутолгойгоос гурав дахин их хэмжээтэй төсөв санхүү шаардах ажил. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол орон тогтвортой хөгжлийн ирээдүйн баталгааны хамгийн том асуудал болох мэдлэг боловсролтой, хүмүү­жилтэй, мэргэжилтэнтэй улс орон болно.

-Оюутны хотхоны бүтээн байгуулалттай хамт Багануур ч хөгжих байх?

-Хот байгуулалттай холбож ярихад Улаан­баа­тарт нэг хэсэг нь хотоо  төлөв­лөөд, нөгөө хэсэг нь газраа дур мэдэн хуваарилдгаас болж баталсан төлөвлөгөө хэрэгждэггүй нэг том дутагдал байна. Ирээдүйд баригдах Их сургуулийн хотхоныг Багануурын засаг за­хир­­гаа, Иргэдийн төлөөлөгч­дийн хурал, бизне­сийн­хэн, төрийн албан хаагчид, иргэдтэй бид удаа дараа уулзаж хэлэлцсэн. 10 гаруй мянган га талбайд хотхон баригдах учраас Багануурыг хамтад нь хөгжүүлэх асуудал ярьсан. Багануур хотыг оруулаад Хэрлэн гол ирээдүйн хотынхоо дундуур урсаж байхаар анхнаасаа төлөвлөх нь их зохимжтой байгаа юм. Ингэж Хэнтий аймгийн зэргэлдээх онгон газрыг хамгаалалтад авч хотхоны төлөвлөгөөнд оруулахгүй бол Их сур­гуулийн хотхоныг түшиглээд айлууд дураараа нүүн ирж суурьшина. Гэр хашаагаа зоогоод, задгай жорлонгоо ухаж Хэрлэн голоо бохирдуулна. Бас л нэг Баянхошуу болж хувир­на. Хэрвээ Хэнтий аймгийн зүгээс бидний хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл хотхон 20 мянган га талбайд анхнаасаа зөв төлөвлөгдөн хот маягаар хөгжих боломжтой.

-Хотхонд дулааны цахилгаан станц барих уу. Эсвэл Багануурын станцыг ашиглах уу?

-Багануурын дэд бүтцэд түшиглэн Их сур­гуу­лиудын нэгдсэн хотхоны эхний хэсэг сүндэрлэх боломжтой. Бусад газарт хотхон барихад дулааны станц, цэвэрлэх байгууламж бүгдийг байгуулсны дараа хотхон барих шаард­лагатай. Харин Багануурт ердөө холболт хийхэд хангалттай. Багануурын дулааны станц одоогоор цагт 170 гкалл боловсруулах хүчин чадалтай. Гэтэл Багануурын дундаж дулааны хэрэглээ 17 орчим гкалл байдаг. Тэгэ­хээр дулааны цахилгаан станцын хувьд хү­чин чадал нь даахаар байгаад баярлууштай. Цэвэр­лэгээний байгууламж гэхэд нийт дөрвөн суваг­тай шинэчилсэн байгууламжийн зөвхөн нэг сувгийг ашиглаж байна. Цахилгааны талд говийн болон зүүн бүсийн цахилгаан түгээдэг гол станц нь Багануураас хэдхэн км-ийн зайтай байдаг.

-Тэгвэл Багануур дэд бүтцийн хувьд үнэхээр боломжтой, таатай нөхцөл болж байгаа сайхан мэдээ байна. Гэвч хотхоны хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх бол?

-Хөрөнгө оруулалтыг зөв төлөв­лөж ажилла­вал Засгийн газар боломж­той шийдвэр гаргаж өгсөн байгаа. Төр хариуцах үүргийн дагуу энэ нутаг дээр байгуулах дэд бүтэц болон төрийн өмчит их сургуулиудын хичээлийн байр, оюутан, багш нарын байрны 10-15 хувийг барьчихсан байхад хувийн хэвшлийнхэн ийм том зах зээлийг дагаад хөгжих боломжтой. Хамгийн гол нь, тэдэнд концессийн хуулийн дагуу гаднаас авах хөнгөлөлттэй зээлийн  баталгаа гаргаад өгөхөд орон сууц, худалдаа үйлчилгээний газруудын бүтээн байгуулалт өрнөж хотхон сүндэрлэнэ. Хөрөнгө оруулалтын хувьд Ерөнхий сайдыг өнгөрсөн жил БНХАУ-д айлчлал хийх үеэр гурвалсан санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын “ЭКЗИМ” банк Монгол Улсын Сангийн яам, Боловсрол соёл, Шинжлэх ухааны яам гуравлаад Монгол Улсын тэргүүлэх төсөл болох Их сургуулийн хотхоны бүтээн босголтод зээл авах эрх олгогдсон. Тодорхой төслүүдэд Засгийн газрын баталгаа гаргуулаад, хөрөнгө оруулалтыг авч хэрэглэж байхаар болсон.

-Хотхоныг бүтээн босгох барилгын мэргэжилтэн, ажилчны талд судалгаа, дүн байх уу. Хэр хүрэлцээтэй байх юм бэ?

-Монголд нэг барилгын компанид ногдож байгаа мэргэжилтэй ажилчны тоо 2-3 хүн. Ихэнх барилгын компани нэг даргатай, нэг инженер, нэг санхүүгийн ажилтантай. Нэг барилгын ажил хийх болоод ирэхээр мэргэжилтэй, мэргэ­жилгүй хүмүүс цуглуулаад ажиллладаг байх юм. Байнгын тогтмол ажилчинтай барилгын компани 10 хуруунд багтах хэмжээнд  байна. Тэгэхээр ийм том бүтээн байгуулалтад үндэс­ний мэргэжилтэн үнэхээр алга. Тэр утгаараа Солонгосын “КТ” компанитай гэрээ байгуулж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв бариулан мэргэжлийн ажилчин бэлтгэж эхлээд байна. Мөн төслийн хүрээнд хийгдэхэд бэлэн болсон нэг ажил нь Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Мэдээлэл технологийн төв байгуулах ажил хэрэгжихээр болсон. Шинээр хот, хотхонууд амжилттай байгуулсан бүх улсуудын туршлагаас харахад дэд бүтцээ хамгийн эхэнд байгуулсан байх юм. Бид ч бас хотхоныхоо дэд бүтцийг хонгилын системээр байгуулахаар Засгийн газарт асуудлаа оруулахаар бэлдэж байгаа.

-Бүсүүдэд байгуулагдах хотхоны ажил хэзээ эхлэх вэ?

-Бусад хотхоны хувьд тухайн орон нутгийн удирдлагын оролцоо дэмжлэг, хэрэгтэй. Хэдий­гээр Засгийн газрын тогтоол гарсан ч үүнийг шууд хүлээн зөвшөөрөхгүй, даргаас нь болоод зогсож байгаа ч асуудал гарч байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга тэнд төлөвлөгдсөн Техникийн их сургуулийн хотхон барих газар олгохгүй гэсэн. Дархан дахь ШУТИС-ийн салбар сургуулийн ойролцоох ашиглаагүй талбайд хот­хон барих талаар ярилцаж байсан юм.  Ховд, Эрдэнэт  аймгийн удирдлагууд хотхон барих ажлыг дэмжиж, газрын асуудлыг шийдээд инже­нер, геодезийн ажлыг одоо эхлүүлэх гэж байна. Оны эцэс гэхэд тухайн аймгуудад бариг­дах хотхоны ерөнхий төлөвлөгөө гарна.

-Судалгааны ажлаас болж хотхон байгуулах явц удааширч байгаа юмаа даа?

-Энэ том бүтээн байгуулалтыг сайхан ажил болно, үр дүн үзнэ гэж иргэд хүлээж бай­на. Ийм хэмжээний бүтээн байгуулалтыг бусад улс 5-10 жилийн хугацаанд төлөвлөсний эцэст хийдэг. Их сургуулиудын хотхон, аж үйлд­вэ­­рүү­дийн парк байгуулах талаар асар их турш­лагатай, хөрөн­гө мөнгөний арвин нөөцтэй Солонгос Улс л гэхэд шинээр барих засаг захиргааны хотоо 2002 оноос хойш 10 жил судалсны эцэст хоёр жилийн өмнөөс л бүтээн босголтын ажлаа эхэлсэн байх жишээтэй. Дубайд баригд­сан шинэ хотыг долоон жил судалж төлөв­лөөд, нэг жилийн дотор барьчихсан. Тэнд зөвхөн газрын асуудал биш цаг уурын эрс тэс уур амьсгалаас шалтгаалж болох бүхнийг судалсан байдаг. Ямар аргаар тухайн бүтээн байгуулалтыг баривал урт нас­тай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгах вэ гэдгийг сайтар судалсны үр дүнд бүтээн байгуулалтыг цогцлуулсан байдаг. Манай эрс тэс уур амьсгалын нөхцөлд тохирсон, сүүлийн үед шинээр боловсрогдсон технологи ба материалуудыг аль болох өргөнөөр хэрэглэх байдлаар  бүтээн босголтыг хийхийн тулд судал­гааг маш нарийн хийх шаардлагатай. Гэхдээ энэ бол төсөл хэрэгжүүлэлтийг удаашруулах шалтаг болох ёсгүй. Ингэж сайтар төлөвлөж хотхоныг барьснаар монголчууд маань өндөр боловсрол эзэмшье, ахиухан цалинтай ажил хийе, боловсон сайхан амьдаръя, эрүүл мэндээ сайжруулъя гэж харийг зорихоо болино. Энэ бүхнийг нь эх нутагт нь хийж болдог орчин бүр­дэх ёстой гэж ойлгон бид бүхэн ажиллаж байна.

Б.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж