Стандарт дагасан асуудлууд

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Стандарт дагасан асуудлууд

Стандарт, нийтээрээ дагаж мөрдөх дүрэм журам ба улсынх, олон улсынх гээд яахын аргагүй дагаж мөрдөх баримт бичиг мөн билээ.

Саяхан зам, барилгын ажилд хэрэглэж буй хүнд даацын машиныг замын цагдаагийн газраас хүчтэй журамлалт хийж эхлэв. Яагаад юунаас болов?

MNS:4598-2003 гэдэг стандарт хангахгүй байгаа учраас гэнэ.

Стандартын ар талын оны тэмдэглэгээгээр тухайн стандарт хэдэн онд батлагдсан болохыг илэрхийлэх тул, 2003 он гэдэг нь хуучин стандарт болох нь ээ.

Миний мэдэхийн хавар, намрын газрын хөлдөлт, гэсэлтийн үетэй холбоотойгоор Нийслэлийн Даргын захирамжаар хүнд даацын машиныг 3 сарын 20 өдрөөс 4 сарын 20 өдөр хүртэл, 10 сарын 20 өдрөөс 11 сарын 20 хүртэл зөвхөн нэг нэг сараар хориглодог байсан. Гэтэл энэ жил тэр хугацаа өнгөрсөн ч хориг хэвээр. Учирмэдэх улсаас сураглавал, MNS:4598-2003 стандартыг мөрдүүлэхээр мэрийж буй гэнэ.

Энэ стандартыг мөрдүүлэгчийн зорилго нь дараах зүйлүүд бололтой.

1. Нийтийн эзэмшлийн зам талбайг хүнд даацын машин эвдэж байна.

2. Нийтийн эзэмшлийн зам талбайг ард түмний татварын мөнгөөр барьдаг, хайран хөрөнгөөр барьсан замыг хамгаалах гэж

3. Сүүлийн үед хотод баригдсан замын чанар муу байгаа бөгөөд хариуцагч нар хүнд даацын машин хөдөлгөөнд оролцуулсанаас болж байна гэх тайлбараас үүдээд байгаа юм байна.

За ингээд бодохоор хүнд даацын машины стандартыг мөрдөхгүй бол болохгүй, хайран хөрөнгө, хайран зам гэж бодогдмоор…

Эргээд хүнд даацын машиныг эзэмшигч жолооч нарын талаас харвал ямар дүр зураг буух нь вэ?

  1. Хүнд даацын машин зам эвдээгүй, яагаад гэвэл үргэлж хүнд даацын машин нэвтэрч байдаг Нарны зам сүүлийн үед баригдсан зам шиг эвдрэхгүй байна.
  2. Ямар ч тайлбар зохион байгуулалт хийлгүйгээр муйхарлан журамлаж байгаа нь нийгэмд эмх замбараагүй байдал, альваа нэг сөрөг үр дагавар үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.
  3. Сонгууль дөхөж буй тул чанаргүй зам барьсан булхайгаа хүнд даацын машинд хүлээлгэн муйхарлаж байна гэх мэт жагсаалтууд үргэлжлэх ажээ.

Дээрх нөхцөл байдлыг дүгнээд харахад надад ийм бодол төрөж байна.

  1. Стандарт байдаг бол мөрдөх нь хамгийн зөв. Би тэр стандартыг уншиж үзлээ. Хүнд даацын машин 2 тэхлэгтэй бол 18 тонн, 3 бол 24 тонн, 4 бол 38 тонн, 5 бол  40 тонн, 6 тэнхлэгтэй бол 44 тонн нь бүх жин болно.
  2. Ийм стандарт байж байхад яагаад хотын захирагч стандартыг мөрдөхгүй, зөвхөн хавар, намрын 2 сар хориглох захирамж гаргадаг билээ? Хотын удирдлага өөрөө стандарт мөрддөггүй нөхөр байгаа биз дээ.
  3. За ийм стандарт байгаа бол гэнэт нэг өдөр ард түмнийг бужигнуулахын оронд тодорхой хугацаа заагаад хилээр орж ирэх тээврийн хэрэгсэл дээрээ манай стандартыг хангаж байгаа эсэхийг хянаж анхнаасаа оруулахгүй байх
  4. Бүх нийтийн мэдээллийн хэрэгслээр тодорхой тайлбар хичээлийг хийж нийтэд тухайн стандртын талыг мэдээллийг зөв олгох шаардлагатай санагдана. Үүнийг нийтэд мэдээлж таниулахад дор хаяж хоёр жил хэрэгтэй биздээ, хуучин тийм стандарт хангадаггүй тээврийн хэрэгсэлтэй хүмүүс тэр машинаа учрыг нь олоход хугацаа хэрэгтэй ш дээ, яагаад хүнээ бодохгүй бүдүүлэг арга хэмжээ авч байгаа юм бэ? Бид чинь хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулж байгаа гээ биз дээ.

Ямар ч бэлтгэл хийлгүй ийм хориглолт хийж байгаа нь олон түмнийг бухимдуулах, замын цагдаагийн нэр төрийг унагаах (цагдаа түрийвчээ түнтийлгэлээ гэж ярьж байгаа ч тэрийг харсан үзсэн хүн байна уу? эсвэл бас нэг төрлийн хэлмэгдүүлэлт биш биз) гэх мэтийн сөрөг үр дагавар гараад байна.

Эцсийн эцэст дээрх үл ойлголцол ард иргэд ялангуяа тээвэрт ажиллаж буй иргэдийг бухимдуулж байгаа тул аль болох уян хатан байж, стандарт мөрдүүлэх аргаа өөрчилбөл яасан юм бэ? Нэг, хоёр жилдээ анхааруулж, илүү татвар төлүүлсэн ч яах вэ дээ, гэнэтийн энэ шийдвэрийг эргэж харах эрхэм ноёнтон байх болтугай хэмээн гомдолоо өндөрлөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж