“Хууль зөрчсөн амлалтыг хасах ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

“Хууль зөрчсөн амлалтыг хасах ёстой”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн байна. Ингэхдээ засгийн эрх барьж буй улстөрийн намын сонгуульд өгөөд байгаа амлалт нь 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн туссан талаар голчлон хэлэлцжээ. МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө төрийн албан хаагчдын цалинг 1.3 сая төгрөгт хүргэх тухай тусгаад байгаа юм. Харин 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд энэ асуудлыг хэрхэн тусгасныг харахаар төсвийн 70 хувь орчим нь зөвхөн цалинд зарцуулагдах тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, төсвийн 11 хувиас илүүгүй нь цалин эзэлж байх ёстой атал энэ нь 70 хувьд хүрч, үлдсэн 30 хувиараа Монгол Улс жилийн турш яаж амьдрах вэ гэдэг асуудал үүсч байгаа юм байна. Мөн тус нам нь иргэдэд 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ тохиолдолд эдийн засаг хүндэрч, инфляци “тэнгэрт хадна”.  Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ыг хууль зөрчсөн амлалтаа мөрийн хөтөлбөрөөсөө хасч залруулах, эс бөгөөс Сонгуулийн ерөнхий хороо нь хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр тус намыг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байхын тулд нэрийг нь хасах шийдвэрийг гаргах ёстой гэж үзсэн байна.

Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл нараас өргөн мэдүүлсэн төслийг тус бүр хэлэлцээд хамтатгаад хэлэлцээд явах боломжтой гэж үзжээ.  Харин цахим үнэмлэх сонгуулиас өмнө хэвлэгдэхгүй болсон тул иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэдийг сонгуульд оролцуулахын тулд энэ чиглэлээр Засгийн газар шийдвэртэй алхам авч ажиллах ёстой гэж үзэж, ойрын үед шийдлийг олох ёстой хэмээн санал нэгджээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж