Ж.К.Фаскелийн нэрэмжит шагналын эзэн тодорно | News.MN

Ж.К.Фаскелийн нэрэмжит шагналын эзэн тодорно

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Ж.К.Фаскелийн нэрэмжит шагналын эзэн тодорно

Дуурь бүжгийн эрдмийн театр ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна. Тус театрт Франц-Монголын соёлын өдрүүд өчигдөр нээлтээ хийсэн билээ. Ийнхүү анх удаа хоёр орны соёлын арга хэмжээ томоохон хүрээг хамран зохион байгуулагдаж байна. Франц-Монголын соёлын өдрүүдэд оролцохоор Франц улсын арав гаруй төлөөлөгчид Уралын нурууг дамжин тал нутгийг хөндлөн гулд туулсаар ирсэн. Тэд хоёр орны соёлын солилцоонд дэвшилтэт алхам хийн, соёлын харилцаанд бат, бөх гүүр болж, Монгол-Франц зохиолч, орчуулагч, сэтгүүлчид болон ном эрхлэн гаргагчид, хэвлэлийнхэнтэй  нягт холбоо үүсгэн, хамтран ажиллах нь энэ үйл ажиллагааны гол зорилго ажээ. Тус арга хэмжээний хүрээнд өчигдөр Монголын тэргүүлэгч ном эрхлэн гаргагчид болон хэвлэлийн үйлдвэрүүдийн шинэ номын үзэсгэлэн худалдаа мөн франц номын үзэсгэлэн худалдаа Дуурь бүжгийн эрдмийн театрын нэгдүгээр давхарт нээлтээ хийлээ. Та эндээс хоёр орны номын ертөнцөөр аялахаас гадна өөрийн номын сангаа франц номоор баяжуулах  боломжтой юм. Маргааш Ж.К.Фаскелийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно. Францын алдарт зохиолчид болох Эмиль Зола, Жюль Валэ, Жори-Карл Хайсмансын бүтээлүүдийг хэвлэж байсан Өжэн Фаскелийн ач хүү, Шарль Фаскелийн хүү, Жан Ростанд болон Панёлийн хэвлэгч, таван үеэрээ өв залгамжлан эзэмшиж байгаа “Grasset Fasquelle” хэвлэлийн газрын ерөнхийлөгч ноён Жан Клод Фаскель Монгол улсад Францын уран зохиолыг орчуулан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн эрхмийг шалгаруулан өөрийн нэрэмжит шагнал гардуулах юм байна. Одоохондоо энэ шагналын эзний нэр нууц байгаа аж. Маргааш хэн энэ шагналын эзэн болохыг хамтдаа харцгаая.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж