Өнгөрсөн жилийн уулзалтаас нийслэлийн хэмжээнд “Эрүүл багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын салбарын албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар шийдвэрлэсний дагуу нийт ажиллагсдын 89 хувь нь 8 нэрийн эрүүл мэндийн, 7 төрлийн оношлогоонд хамрагджээ. БСШУЯ-наас зохион байгуулсан Монгол Улсад орчин цагийн боловсрол үүссэний 90 жилийн ойн “Бүтээлч ажил”-аар шалгарсан энэ ажилд багш нар сэтгэл хангалуун байна.
Уулзалтын эхэнд хотын дарга Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт боловсролын талаар 19 зорилт тусгагдаж, амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Сүүлийн 4 жилд боловсролын салбарт 193,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, төрийн өмчийн 7 сургууль, 16 цэцэрлэг, 10 спорт заал, 2 урлагийн заал шинээр баригджээ. Ингэснээр цэцэрлэгийн орны тоо 6900, сургуулийн суудлын тоо 19920-иор нэмэгдсэн байна. Мөн 2008 онд ЕБС-ийн нэг компьютерт 37 хүүхэд ногдож байсан бол эдүгээ 19 болтлоо буурч, олон улсын стандартад нийцсэн биеийн тамирын гадна талбай 26-аар нэмэгдэж, багшийн хөгжлийн ордныг ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байгааг хотын дарга мэдээллээ.
Нийслэлийн төрийн өмчийн 110 сургуульд орчин үеийн нөхцөл бололцоог хангасан 124 “Багш хөгжлийн төв” байгуулсан нь багш нарыг ажлын байрнаасаа хөндийрэлгүйгээр мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлсэн байна.
Жил бүр БСШУ-ны сайдтай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулж ирсэн бөгөөд энэ жил боловсролын салбарт тулгамдсан 34 асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байгаа. Тус яамнаас санаачлан хөөцөлдөж буй боловсролын салбарын албан хаагчдын “5000 айлын орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс бүх талаар дэмжин тусалж, газрын асуудлыг шийдэхээр болсон. Удахгүй “Багшийн хөгжлийн ордон”-ыг ашиглалтад хүлээн авснаар нийслэлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, хөгжих, чадваржих нөхцөл бололцоо эрс дээшилж, багш нарын ажлын чанарт ахиц дэвшил гарна гэдэгт итгэж буйгаа ч хотын дарга илэрхийлсэн.
2012 онд нийслэлийн боловсролын салбарт 45,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 4 сургууль, 3 сургуулийн өргөтгөл, 1 спорт заал, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлнэ. 2,94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 34 сургууль, 33 цэцэрлэг, 2 спорт заалны засварын ажил хийнэ. Мөн энэ онд 5 шинэ сургууль, 3 сургуулийн шинэчилсэн хичээлийн байр, 4 сургуулийн өртгөтгөл, 2 сургуулийн спорт заал, 6 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авах юм.