Индонез эрдсийн экспортод 20 хувийн татвар ногдуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Индонез эрдсийн экспортод 20 хувийн татвар ногдуулав

Индонезийн Засгийн газар 14 төрлийн эрдсийн түүхий эдийн экспортод 20 хувийн татвар ногдуулахаар тогтлоо. Энэхүү хууль өчигдөр хэрэгжиж эхэлсэн байна. Тус улсын Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Жеро Васик “Уул уурхайн салбарын олборлогч компаниуд экспортын татвараа төлсөн нөхцөлд бүтээгдэхүүнээ экспортолж болно. Экспортын 14 нэрлийн төрлийн эрдсийн түүхий эдэд 20 хувийн татвар тогтоосон” гэжээ. Мөн түүнчлэн тэрбээр уул уурхайн компаниуд боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөгөө өргөн барихгүй аваас түүхий эд экспортлох эрхийг нь хүчингүй болгоно гэж мэдэгдсэн байна.

Тус улсын 2009 онд нүүрс болон бусад эрдэс баялгийн тухай нэгэн хуульд зааснаар бол 2014 оноос эхлэн Индонез нь “нөхөн сэргээгдэхгүй” баялгийг түүхий хүдрээр нь гаргахыг хориглохоор тусгасан байжээ. Харин олон улсын шинжээчдийн тайлбарлаж буйгаар, Индонез улсын энэхүү алхам нь төлөвлөгөөт зорилтоо хугацаанаас өмнө, илүү түргэн биелүүлсэн алхам боллоо гэж үзэж байна. Банк, санхүүгийн байгууллагууд Индонезийн уг шийдвэрийн талаар байр сууриа төдийлөн илэрхийлээгүй байгаа ч, S&P уг хууль нь Индонезэд ихээхэн ашигтай гэж тайлбарлажээ.

Индонезийн Засгийн газар энэхүү хууль хэрэгжсэнээр тус улсад боловсруулах аж үйлдвэрийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж харж байна.
Индонезийн хувьд уул уурхайн салбарт “Freeport-McMoran”, “Copper & Gold”, “Vale Indonesia” and “Aneka Tambang”, болон “Antam” зэрэг томоохон компаниуд гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Салбарын яамны төлөөллийн мэдэгдэж буйгаар эдгээр компанийн үйл ажиллагаанд харин экспортын татварын хууль хамаарахгүй ажээ.

Экспортын татвар тогтоохоор болсон 14 түүхий эдийн тоонд зэс, алт, мөнгө, цагаан тугалга, хар тугалга, хром, молибден, платинум, боксит, төмрийн хүдэр, төмрийн элс, никель, манган, антимони зэрэг эрдэс баялаг багтжээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж