АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, АЭХ-ны гүйцэтгэх захирал Ишбадамын Нарантуяа бичиж байна.

Нийтийн албан тушаалтан буюу манайхны хэлж заншиснаар төрийн албан хаагч нь өөрийн хувийн ашиг сонирхлоо, албан тушаал, эрх мэдэлтэйгээ хутгалдуулахгүй байхад чиглэсэн нилээд урт нэртэй “НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ” хуулийг хоёр жил хэлэлцэж, 2012 оны нэгдүгээр сарын 19-нд батлуулж, тавдугаар сарын 1-ээс дагаж мөрдөх болсон. Хууль гарлаа, батлагдлаа, дагаж мөрдөх нь тодорхой боллоо. Уг хуультай уялдаа холбоо бүхий авлигын эсрэг хууль нь “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр нэгэнт хийгдсэн хэргийн араас мөшгиж, мөрдөөд шийтгэлийг нь онооход зориулагдсан бол сонирхлын зөрчилдөөний тухай хууль хийхээс нь өмнө сэрэмжлүүлж, авилгач гэх нэр томъёоноос алсуур явахад туслах учиртай хууль юм. Нэг ёсондоо авилга үүсч байгаа гол шалтгааныг олоод тэнд нь цэг тавихын тулд нийтийн албан тушаалтны эрх ашгийг эрэмбэлэн гаргаж ирж буйгаараа онцлог. Зориг агсан тэртээ “Хэрвээ бид ардчиллыг бэхжүүлэе гэж бодож байвал эрх ашгийг эрэмбэлэх ёстой. Нэгд улс орны эрх ашиг, хоёрт намын эрх ашиг гуравт хувь хүний эрх ашиг байх ёстой” хэмээн өгүүлсэн байдаг. Төрийн үндсэн үүрэг бол нийтийн төлөө ажиллах. Тиймдээ ч төрд ажиллаж байгаа хэн бүхэн улс орны, ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Гэтэл өнөөдөр манайд энэ байдал эсрэгээрээ буюу №1 хувийн эрх ашиг түүний дараа бусдын эрх ашиг гэсэн зарчим төрийн албаны ажлын байранд, албан тушаалын түвшинд хэрэгжээд байгаа учраас энд тэндгүй хүнд суртал, хээл хахууль цэцэглэж байгаа нь нэгэнт ил болсон.
Төрийн албаны тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн дараа нилээд хожуу гарсан уг хууль дээрх хоёрын орхигдуулсан цоорхойг нөхөж гарсан бөгөөд Монгол улсад харьцангуй шинэ ойлголтыг бий болгож байгаа. Хуулийн нэр томъёо нь шинэ боловч Монголын төрийн албанд нилээд газар авсан ужиг гажуудал бол сонирхлын зөрчил юм. Үүнийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас гаргасан 2005 оны Монгол улс дахь авилгалын байдалд хийсэн үнэлгээний тайлан баталдаг. Үүнд: “Бараг бүх шатанд ашиг сонирхлын зөрчилдөөн тодорхой салбар болон системийг бүхэлд нь хамарсан шинжтэй болсноор улсын ба хувийн хэвшлийн хооронд зааг хязгаар нэлээд бүдгэрсэн” гэж тэмдэглэсэн байдаг. Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг ихээхэн бууруулж байгаа үзүүлэлт бол авилга. Дэлхийн 186 орноос авлигад нэрвэгдсэн байдлаараа Монгол Улс 120-д орсон бөгөөд энэ тоо нэмэгдэх тусам Монголд авлига улам бүр газар авч байна гэсэн үг. Энэ тоог бууруулахын тулд Сонирхлын зөрчлийн тухай хуулийг амьдралд мөрдүүлэх нь чухал.
Сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авлигатай тэмцэх газраас төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг оролцуулан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг танилцуулах цуврал сургалтыг зохион байгуулж байгаа юм байна лээ. Энэ ажил хэр үр дүнтэй болохоос уг хуулийн хэрэгжилт нилээд шалтгаална. Дээр дурьдсанчлан иргэд болон нийтийн албан хаагчдад хуулийг зөв таниулан ойлгуулах шаардлагатай. Ард иргэд албан хаагчдад шаардлага тавьж нөгөө талд албан хаагч өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарласнаар иргэд болон төрийн албан хаагч хоёрын хооронд итгэлцэл бий болвол энэ хуулийн гол зорилгын нэг биелж байна гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй. Хэдийгээр төрийн албан хаагчийн эрх хэмжээнд хуулиар хориг хязгаарлалт тавьж байгаа ч уг хууль нь тухайн албан хаагчийг мөн адил хамгаалахад чиглэгдсэн байдаг. Тухайлбал: Төрийн албан хаагч нь захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тухай бүр ашиг сонирхлын мэдүүлэг, мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах ёстой болж байгаа юм. Нөгөө талд иргэд аль нэг төрийн албан хаагчийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэдэг гомдлыг шүүхэд гаргаж, энэ нь батлагдвал уг хуулийн дагуу хариуцлага оногдуулах нөхцөл бүрдэж байгаа. Нэг ёсондоо ил тод, итгэл даасан байдал иргэд болон албан хаагчдын хооронд үүснэ. Нэг нэгнээ хардах явдалгүй болно.
Монголд гарч буй хуулиуд чанарын хувьд муу биш. Гагцхүү мөрдөгдөж буй хууль тогтоомж зохих түвшинд үйлчилдэггүй явдал л өнөөдөр олон сайхан хуулиуд амьдралд бус цаасан дээр хэрэгжихэд хүргээд байна.