Зэсийн урсгал ба Монголд элэгтэй Логанчууд

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Зэсийн урсгал ба Монголд элэгтэй Логанчууд

Үндсэн хуульд дурдагдсан цор ганц сургууль

Юта
мужийн нийслэл Солт Лейк хотын амьдралын хэмнэл үндсэндээ Кеннекот
уурхайн зэсийн урсгалыг даган өрнөнө. Үндсэн хуульд нэр заан Уул уурхайн
сургууль байгуулна хэмээн Солт Лейкийн нутгаас газар олгосон нь бүр
1800-гаад оны явдал. Ягаан алт хэмээгдэх зэсийн их ордтой тул түүнийг
түшиглэн уул уурхайн мэргэжилтэн бэлтгэхээр Үндсэн хуульд нэрийг нь
дурдсан цорын ганц сургууль гэдгээрээ Ютагийн их сургуулийн Уул урхайн
салбарынхан бахархдаг. Уг сургуулийн суурийг 1850 онд тавьж 1852 онд
анхны 80 оюутныг элсүүлсэн ч Засгийн газар санхүүжилтээ хаасан тул 1869
он хүртэл үйл ажиллагаагаа зогсоожээ. Дахин 1891 он гэхэд сэргэж 1901
онд өнөөгийн дүр төрхөө олсон байна. Энэ тухай дур­дах болсны учир гэвэл
Оюутолгойн ирээ­дүйн инженер техникийн ажилт­нуу­дыг бүтэн зуун
илүүгийн түүх, турш­­лагатай уг сургуульд бэлтгэж байгаа юм.

Кеннекот
уурхайг өмчлөгч Рио Тинто, Уул уурхайн салбарт баримтал­даг хамгийн гол
зарчим нь аюулгүй байдал. Хүн төрөлхтөн эрт дээр цагаас байгалийн
баялаг ашиглах явцдаа асар олон уурхайчны амь насыг хохироосон. Орчин
үеийн уул уурхайд ийм явдал гарах ёсгүй гэж үзэж байгалийн баялаг
ашиглахаас илүүтэй хүний амь насыг хайрлах хэрэгтэй гэсэн зарчмыг мөрдөх
болжээ.

Кеннекот нь одоогоор ил уурхай бөгөөд цаашдаа гүний
уурхай хөг­жүү­лэхээр Рио Тинто хоёр тэрбум ам.дол­ларын хөрөнгө
оруулалт хийхээр бэлт­гэж байна. Хэдийгээр уурхай 2300 ажилтан, албан
хаагчтай ч 17200 ажлын байрыг дагалдуулан гаргажээ. Өөрөөр хэлбэл,
уурхайн нэг ажлын байрны цаана багш, эмч, үйлчилгээ, аж ахуй, дэл­гүүр
худалдаа, нийтийн тээвэр гэх зэр­­гээр зургаан ажлын байр бий болдог
байна.

Байгалийн баялгийг нь ашигласны хариуд нийгмийн сайн
сайхны төлөө хөрөнгө мөнгө зарцуулахдаа гар татдаггүйн наад захын жишээ
нь Ютагийн байгалийн музей байгуулахад 15 сая ам.долларын хөрөнгө оруулж
барилгын гадна талыг  зэсээр бүржээ. Шувуудын амьдрал судалдаг,
биологийн төрөл зүйийн судалгаа хийдэг багуудтай уурхай хамтран ажиллаж
Солт Лейк нуурын ойролцоо нүүдлийн шувууд дайран өнгөрдөг 3670 га газарт
шувуудын нөөц газартай болгожээ. Нүүдлийн шувууд тэнд дур зоргоороо
амраад холын аянаа үргэлжлүүлж болно гэсэн үг. Мужийн боловсролын
салбарт жилд 700 мянган ам.доллар зориулж, шилдэг оюутнуудад тэтгэлэг
олгодог, орон нутгийн санд хандив өргөдөг гээд ягаан алтны хаялага
Ютагийнханд чамгүй ногддог ажээ.

Улаанбаатарын хүн амтай тэнцэх
тооны оршин суугчтай хотын дэргэд Кеннекот уурхай үйл ажиллагаа явуулдаг
тул агаарын чанарт голлон анхаарч агаарт дэгдэх хорт хийн хэмжээг 90
хувь бууруулжээ. Хүдэр тээвэрлэгч машины даацыг нэмэгдүүлж сул зогссон
үед бүрэн унтраах, ашигласан усаа эргүүлж ашиглах, газрын гүний ус
хэрэглэхээс гадна борооны ус хуримтлуулан ашиглах зэргээр байгальд
ээлтэй үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийсэн газар гурван жилийн
дотор өмнөх төрхөндөө ордог гээд Оюутолгойд ч ирээдүйд хэрэгжиж болох
олон үйл ажиллагааг Рио Тинто компани Кеннекот уурхайд явуулж байна.
Тэнд  сүүлийн 40 орчим жил хууль эрх зүйн орчин тогтвортой байж иржээ.
Ийм байх нь хөрөнгө оруулалт тогтвортой байхад туйлаас их нөлөөлдөг гэж
Кеннекот Юта коппер компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Келли
Сандерс хэлж байлаа. Мөн урт хугацааны хөтөлбөрөөс тогтвортой байдлын
хөтөлбөр чухал гэж үздэгээ хэллээ. Рио Тинто компани хамгийн шилдэг
мэргэжилтнүүдэд түшиглэж үйл ажиллагаа явуулдаг. Энэ чадавхийг Оюутолгой
дээр хэрэгжүүлах ажээ.

Үлэг гүрвэлийн өлгий Юта

Ютагийн
байгалийн түүхийн музей элдэв сонин үзмэрээр арвин. Түүний зонхилох
байрыг үлэг гүрвэлийн яс, өндөг эзэлнэ. Эрт цагт захгүй их далай байсан
гэх Ютагийн нутгаас эртний загас, шувууд, арслан заан, махан идэшт,
өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн үлдэгдэл ихээр олддог ажээ. Өдгөөгөөс 75
сая жилийн өмнө амьдарч байсан гэх асар том яст мэлхий бараг бүтнээрээ
байна. Бичнээс хүн болсон түүхийг харуулсан сармагчныхаас өгсүүлээд эрт,
эдүүгээгийн хүний гавлын ясыг түүхэн он цагийн дарааллаар өржээ. 
Үзмэрүүдийг зүгээр нэг зэрэгцүүлж  дэлгэлгүй тухайн орчныг бүрдүүлсэн нь
сонин. Хавцлаар уруудаж яваа мэтээр өрөө тасалгааг байгуулж шалыг
тунгалаг шилээр хийхдээ завсар нь ус, шавар гүйлгэсэн нь эгээ л шавхай
туучин ус туулж эртний амьтдын жимээр яваа мэт санагдуулна. Тэр нь
хүүхдүүдэд бүр зугаатай.

Баримлын шавар, элс, чулуугаар уул ус
хийж, ус гоожуулан гол горхи урсгаж тоглох зориулалттай талбайнууд
байгуулсан дээр багачууд дураараа тоглож байгаа нь “Үзмэрт гар хүрч
болохгүй” гэсэн хөндий үг зүүгээд орхисон манай музейнүүдээс хамаагүй
амьд санагдлаа. Бодит үзмэрүүдээ үзсэн хүүхдүүд дараа нь түүнийг элс
шавраар дүрслэн наадах бололцоотой юм.

Нутгийн уугуулууд болох 
индианчуудтай холбоотой үзмэрүүд ч дүүрэн. Зулайг нь нарнаас халхлах
сийрсэн саравчтай хүүхдийн нэхий өлгий, нэхий бойтог, сөөхий, монгол
дээл шиг эсгүүртэй хэрнээ урдуураа задгай, энгэр мөрөөрөө хээ угалзтай
дээл, хөдөөгийн монгол айлын охид бүсгүйчүүдийн цагаан эд дээр өнгө
өнгийн цэцэг хатган гэр орноо чимдэгтэй маш адилхан хатгамалууд, хонь
хяргадаг хайч, оюу шигтгээтэй бүс, бугуйвч гээд элдэв сонин үзмэр дүүрэн
эл музейг Ютагийн нутгаас олборлосон зэсээр хийсэн хавтангаар өнгөлж,
нарны зай суурилуулжээ.

Уртын дуунд дуртай Мэри

Биднийг
урьсан гол газар нь Ютагийн улсын их сургууль, тэдний сэтгүүл зүйн
салбар, Монголын өргөмжит консул Малан Жексон байсан юм. Ютагийн их
сургууль Логан хотод байрлана. Логан орохоор Солт Лейкээс өглөө эрт
гарахад манан татаж, уул, үүл нь нийлэн харагдаж Монголын хөдөөгийн
намар оройн цагийн санагдуулна. Замын дагуу тохилог амины сууцууд
үргэлжилж хар, бор зүсмийн үхрүүд бэлчиж, зарим үнээ нялх тугалаа долоон
зогсох нь монгол ахуйг өөрийн эрхгүй бодогдуулж байв. Адуун сүрэг ч
элбэг юм. Унаганууд эхтэйгээ бэлчээрт гарч, зарим айл гаднаа хоёр гурван
морь уяжээ. Ердийн хөсөгт ашигладаг бололтой.

Замын дагуух
уулуудын энгэрт том А үсэг харагдаж байсан нь “Аgriculture“ буюу хөдөө
аж ахуй гэсэн үгийн эхний үсэг болохыг очсон хойноо мэдэв. Сургуулийн
бэлгэдэл нь ч А үсэг юм. Уг сургууль анх хөдөө аж ахуйн сургууль байгаад
хожмоо өргөжин олон салбартай болжээ. Биднийг Ютагийн их сургуулийн
геологийн салбарын профессор хатагтай Мэри Хуббард угтан авав. Ютагийн
заншлаар мөстэй усаар дайлуулж бидний яриа эхэллээ. Тэнд байхад бидний
гол ундаа мөстэй ус, мөстэй кола байсан юм.

Уг сургуулийнхан бүр
эртнээс, УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн үеэс Монголтой дотно
харилцаатай байж, 2000-2001 оны заагаар болсон зуднаар тусламж дэмжлэг
үзүүлж байжээ. Хичээлийн байрны хоёрдугаар давхрын хананд Булган аймгийн
малчин гэр бүлийнхэн, тэмээд, уул усны зургийг өлгөсөн нь Монголд их
элэгтэй хүмүүс байдгийн шинж. Хэдийгээр Л.Энэбиш дарга таалал төгсөөд 11
жил өнгөрч буй ч сайн хүний эхлүүлсэн үйлс тасарсангүй, тус
сургуулийнхнаас Булганд ирж очин байдаг аж. Биднийг урьсан урилга ч
тэндээс улбаатай. Хатагтай Мэри Хуббард Монголыг сайн мэддэг, ажилдаа
ирж очих замдаа монгол уртын дуу сонсдог, их дуртай, алжаал тайлагдах
шиг болдог гэдгээ хэлж байв.

Сэтгүүл зүйн салбар нь шинэхэн
байранд ороод удаагүй, хөдөө аж ахуйн салбартайгаа хамт суурьшжээ. Бүр
анхнаасаа хөдөө аж ахуйн сэтгүүл зүй гэсэн төрлөөр сэтгүүлч бэлтгэж
ирсний улбаа өдгөө ч ийн үргэлжилж буй гэнэ. Оюутнууд хаа газрын
сургуулийн жишгээр хичээл номоо үзэж, орон нутгийн жижиг хэвлэлийн
газруудад дадлага хийж, төгсөөд том хэвлэлүүдэд ажилладаг аж. Орчин
үеийн сэтгүүл зүйн шинэ хэлбэр болох интернет сэтгүүл зүй хүчээ авч буйг
Сэтгүүл зүйн тэнхимийн багш нар онцолж манай News.mn сайтын бүтэц,
англи хэл дээрх мэдээллүүдтэй  танилцсан юм.

Энэ үеэр Ютагийн
Логан хотын  Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Монголын
сэтгүүлчдийн хооронд хамтын ажиллагаа тогтоох талаар ярилцаж Ютагийн их
сургуулийн тал талархалтайгаар хүлээн авлаа. Монголын сэтгүүлчдийг
зочлуулах, хэлний богино хугацааны хөтөлбөрт хамруулахад асуудал
байхгүй, гагцхүү ирж очих замын зардлаа л даагаарай гэж байв.

АНУ-ын
Үндсэн хуульд оруулсан хамгийн анхны нэмэлт өөрчлөлт нь хэвлэн нийтлэх
эрх чөлөөний асуудал байдаг ажээ.Үндсэн хуулиар иргэн бүр үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Сэтгүүлчдийн үндсэн зорилго бол иргэдэд
мэдээлэл хүргэх явдал. Иргэдэд мэдээлэл хүргэснийхээ төлөө сэтгүүлч хүн
хуулийн хариуцлага хүлээх ёсгүй. Сэтгүүлчдэд мэдээлэл хүргэснийх нь
төлөө ял, хариуцлага хүлээлгэх гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр
баталгаажуулсан эрхийн дагуу тэднийг зөвтгөдөг гэдгийг хэлж байлаа.

Монголд хатуу зуд болно

Тус
сургуулийн дэргэд Орчны шинжилгээ, цаг уурын төв ажиллаж байна. Тэнд
дэлхийн бүх бүс бүслүүрийн цаг уурын шинжилгээг хийж, тандалт явуулдаг
ажээ. Монголын цаг агаарын төлөв байдлыг тус төвийнхөн бидэнд
танилцууллаа. Монголын 1955 оноос хойших цаг уурын байдлыг харуулсан
тайланг үзүүлэв. Тэндээс харахад 1959-1960 оны орчимд, мөн 1980-аад оны
эхээр цаг хатуурч байжээ. 2000-2001 оны зуд тэмдэглэгдсэн байх бөгөөд
2009-2010 оны зудын гэрэл зургуудыг харуулав.

Судлаачдын хэлж
буйгаар дэлхий сэрүүсэх шатандаа оржээ. Үүний улмаас чийг багасч дэлхийн
модтой бүс Оросын Сибирь, Хойд Америйкийн умард хэсэг хүртэл шуугдан
өмнө хэсэг цөлжих аюул нүүрлээд буй аж. Цаг агаарын төлөв байдлаар ойрын
хэдэн жи­лийн дотор Монголд нэлээд хатуу зуд болно гэдгийг анхааруулж
хэллээ. Зуд гэдэг үг олон улсын нэр томъёонд орж яг ү ндсэн утгаараа
хэрэглэгдэж байна.

Монголд дээхнэ үед тав, зурга­дугаар сараас
бороо орж зуншлага эхэлдэг байсан бол сүүлийн 30 жилийн судалгаагаар
хойшилж борооны улирал долоо, найм, есдүгээр сар руу шилжжээ. Иймд
Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйгаа суурьшуулахад анхаарах хэрэгтэйг
хэлцгээж Монголын цаг уурын байгууллагатай холбоо тогтоож ажиллах
хүсэлтэй байгаагаа хэвлэлээр дамжуулж өгөхийг хүссэн юм.

Америкийн монголчууд сонгуульдаа

Юта
мужид зочилсныхоо дараа сэтгүүлчид Сан-Франциско хот орж шинээр
байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий консулын газрын үйл ажиллагаатай
танилцлаа. УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 19-ний 23 дугаар тогтоолоор
Ерөнхий консулын газар байгуулах талаар шийдвэрлэж энэ оны нэгдүгээр
сарын 29-нөөс үйл ажиллагаагаа эхэлсэн талаар Ерөнхий консул Н.Анхбаяр
танилцууллаа. Мон­гол Улсын Ерөнхий консулын газар Сан-Францискогийн төв
дунд 1903 онд баригд­сан түүхэн барилгын хоёрдугаар дав­харт төвхнөжээ.
Тус хотод 1905 онд хүч­­­тэй газар хөдлөхөд энэ байшин бараг ганцаараа
үлдэж байсан түүхтэй гэнэ.

Консулынхан анх хоосон хэдэн өрөө авч
зүтгэсээр тохижуулсан байна. Ерөнхий консул, консул, дэд консул,
худалдаа, аж ахуй эрхэлсэн таван орон тоотой. Уг консулын тойрогт АНУ-ын
17 муж багтдаг нь газар нутгийн хоёрны нэг, муж улсуудын гуравны нэгийг
хамаардаг гэсэн үг юм.

АНУ-д 20 гаруй мянган монголчууд ажиллаж
амьдардгийн тал хувь нь уг консулын тойрогт харьяалагддаг байна.
Иргэдийн шинэчилсэн бүртгэл хийхийн тулд Ерөнхий консулын газрын
ажилтнууд монголчууд олон­той газруудад биечлэн очиж ажиллаж байгаа
гэнэ. Монгол Улсын 1973 иргэнийг шинэчилсэн бүртгэлд хамруулс­наас
Лос-Анжелест 263, Сан-Францискод 1200 иргэн бүртгүүлжээ. 157 хүүхдэд
төрсний гэрчилгээ, 17 хүнд буцах үнэмлэх, 110 гаруй хүнд иргэний үнэмлэх
бичүүлж, 100 гаруй иргэний визийг сунгуулах, гурван гэр бүл шинээр
бүртгэх зэрэг ажлыг хийжээ. Америкийн монголчууд улсын их баяр наадмаар
бүс бүсээрээ наадам хийдэг болсон нь улс орноо сурталчлахад багагүй
нэмэр болдог гэнэ. Энэ жил гадаадад байгаа монголчууд анх удаа сонгуульд
саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн санал хураалтаас 15 хоногийн өмнө тэд
намын нэрээр санал өгөх ёстой. Энэ ажилд Ерөнхий консулын газрынхан
бэлтгэж эхэлжээ.

Нэг төвөгтэй асуудал байдаг нь хуулиар
хориглосон ч хэрэг дээрээ хоёрдмол харьяалалтай  иргэн олширчээ. АНУ-ын
хуулиар тус ул­сын газар нутаг дээр төрсөн хүүхэд АНУ-ын харьяат болж,
18 нас хүрээд татгалзах эсэхээ шийддэг байна. Гэтэл Монголын хуулиар
эцэг эх хоёулаа монгол бол хүүхэд Монгол Улсын харьяатад тооцогддог.
Ингээд хоёрдмол харьяалалтай хүүхэд олшрох төлөвтэй байгаа нь нэг
бэрхшээл аж. Нөгөөтэйгүүр АНУ-д төрж өссөн монгол хүүхдүүд эх хэлээ
мэддэггүй, харь сэтгэлгээ, соёлтой болж буй, Монголоо гадаадад таниулах
төсөв тааруу, УИХ-ын сонгуулийн саналыг зөвхөн Дипломат төлөөлөгчийн
газартай хотод авна гэснээс болж өргөн уудамд газар, олон хотод тархан
суусан монголчууд баруун хэсгийнх нь Сан-Францискод, зүүн хэсгийнхэн
Вашингтон хотод очиж саналаа өгнө гэдэг хүндрэлтэй зэрэг асуудлууд гарч
байгаа юм байна. Гэхдээ болгох, бүтээхийн төлөө ажиллах болно гэдгээ
Ерөнхий консулын газрынхан хэлсэн.

Баруун эргийнхэн буюу Бэй
аэриагийн монголчуудын холбоо гэдэг ТББ-ынхан ажиллаж олон төрлийн үйл
ажиллагаа явуулдгаас гадна Ажаа гэгээний төвийг Оакланд хотод
байгуулсныг очиж үзлээ. АНУ-д байгаа монголчууд хөлөө олж зарим нь зоог,
үйлчилгээний газруудын эзэд болжээ. Хэлтэй, санхүүгийн эх үүсвэртэй бол
Америкт монголчууд газардахгүй амьдрах бололцоотой юм. Япон маягийн
сушины газрууд байгуулсан монголчууд газар сайгүй байна. Оакландад
монгол зоогийн газар байгуулжээ.

Цаг агаарын  саатлын 
“завшаан”-аар цааш явах онгоцноосоо хоцорч Лос-Анжелесийн Холливудын
дүүрэгт саатсан, шат нь эвхэгдэлгүй өчнөөн ажил болж хаалга нь агаарт
хэзээ мөдгүй онгойж мэдэх онгоцоор Солт Лейкээс Сан-Франциско орсон гээд
адал явдал дүүрэн аялалаас сэтгүүлчид мэдээллийн ганзага дүүрэн ирлээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж