Төмөр замын бодлого хаашаа эргэв?

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Төмөр замын бодлого хаашаа эргэв?

УИХ-аас
2010 оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын бодлогыг баталж, уг
бодлогоор Монголын нүүрс болон бусад газрын баялаг нэг худалдан авагчийн
гарт орохоос хаалт тавьсан юм.

Төмөр замын шугам зөвхөн
БНХАУ-тай холбогдох биш гуравдагч зах зээлд хүрэх ёстой гэсэн үзэл
баримтлалд үндэслэсэн Монгол Улсын төмөр замын бодлогоор бол нэгдүгээр
үе шатанд Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км зам тавьж, дараагийн
ээлжинд Нарийн Сухайт-Шивээхүрэн, Ухаахудаг-Гашуунсухайт , Хөөт-Нөмрөг,
Хөөт-Бичигт чиглэлд нийт 900 км зам тавихаар холбогдох шийдвэрүүд
бат­­лагдсан. Харин энэ удаад нэг­дү­гээр үе шатны
Даланзадгад-Чой­бал­сангийн төмөр замаас урь­таад
Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам баригдахаар болж байгаа бололтой.    

Засгийн газар тавдугаар сарын 2-ны лхагва гаригт ээлжит
хурал­даанаараа “Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг” чиглэлийн төмөр замын
суурь бүтцийг барих, ашиг­лах, төрийн өмчид шилжүүлэх концессын гэрээ
болон “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих
тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт
оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжжээ. Энэхүү
албаны хуурай мэдээнд дурдагдсан мэдээлэл юун тухай вэ?

Үүнээс
нэлээн эрт буюу гуравдугаар сарын 27-нд Засгийн газрын ээлжит бус
хуралдаанаар “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани байгуулахаар
шийдвэрлэсэн байна. Тус компанийн ажлыг эхлүүлэх зорилгоор төрийн зүгээс
эхний ээлжинд 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, “Шинэ
төмөр зам” төслийг санхүүжүүлэхэд эхний ээлжинд 399 тэрбум төгрөгийн
зээлийг 10-аас доошгүй жилийн хугацаатай олгож, Хөгжлийн банкинд
баталгаа гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасан байна.

Ийнхүү
“Үндэсний тө­мөр замын суурь бүтэц” ком­панийг байгуулах шийдвэр
гаргахдаа “Монголын төмөр зам” компанид олгоод байсан тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгожээ.

Мөн өдрийн хуралдаанаар гаргасан тогтоолдоо
“Төмөр замын суурь бүтэц эзэмшигч хувьцаат компанийн үйл ажил­ла­гааг
эхлэх хүртэл Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг чиглэлийн төмөр замын буурь
бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр концессыг шууд олгож, 2012 оны
эхний хагас жилд багтаан Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын
суурь бүтцийн барилга угсралтын ажилтай  зэрэг эхлүүлэх” гэж тусгажээ.

Төмөр
замын бодлогоор Тавантолгой-Сайншанд-Хөөт–Чойбалсан чиглэлийн замыг
эхэлж бариад дараа нь Ухаахудаг-Гашуунсухайт, Хөөт-нөмрөг чиглэлээр зам
тавина гэж тусгасан бол одоо үүнийг хоёр хуваагаад Тавантолгой-Сайншанд,
Ухаахудаг-Гашуун сухайт гэсэн чиглэлд түрүүлж зам тавихаар Засгийн
газар ярилцаж байгаа бололтой. Өнгөрсөн баасан гаригт мөн Засгийн газрын
ээлжит хуралдаан болж, төмөр замын асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй
холбоотой зүйл хэлэлцсэн ч мэдээлэл нь цацагдаагүй байна.

Хоёр
жилийн өмнө Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын асуудал төрийн
бодлоготой зөрчилдсөний улмаас маргаан дэгдээж, түр зогссон. Тэгвэл одоо
Ухаахудагийн ордыг эзэмшигч компани уг ордоос Гашуунсухайт хүртэл төмөр
зам тавих ажлаа эхлүүлж, тууз хайчлах арга хэмжээ зохион байгуулахаар
төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Долоо хоногийн өмнө салбарын сайд
мэдээлэл өгөхдөө шинэ төмөр замын ажлыг тавдугаар сарын 5-нд эхлүүлнэ
гэж мэдэгдсэн нь Ухаахудаг-Гашуун сухайтын төмөр замыг хэлсэн хэрэг
болов уу.

Мөн Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замын ажлыг
Хятадын хөрөнгө оруулалттай “Болд Төмөр Ерөө гол” компанийн охин компани
болох “Дорны төмөр зам”-д 20 жилийн концессын гэрээгээр өгөхөөр болсон
гэдэг мэдээлэл ч байна. Хэрэв эдгээр мэдээлэл үнэн бол Засгийн газрын
хийж буй алхмын үр дагаварт Монголын нүүрсийг тээвэрлэх, худалдан авах
бүх үйл явц урд хөршөөс хараат болж мэдэх юм байна. Мөн иргэдэд хувьцааг
нь олгох “Эрдэнэс-Тавантолгой” уурхайн олборлолт, борлуулалтаас түрүүлж
Ухаахудагийг үнэд хүргэх ажилд Засгийн газрын тэргүүний оролцоо бий гэх
хардлага улам баталгаажиж магадгүй болжээ.

Засгийн газар юутай ч
төмөр замын салбарт гэнэт анхаарал хандуулж, ажил эхлүүлэхээр боллоо.
Өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газрын үед төмөр замын ажлыг
урагш алхуулахгүй тээг тавьж байсан нь харин ямар учиртай юм бол? Төмөр
замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг  “Монголын төсмөр зам”
компанид 2010 оны арваннэгдүгээр сард олгосон ч ажлыг нь санхүүжүүлэхэд
улсын төсөв болон Хөгжлийн банкнаас огт мөнгө гаргаж өгөөгүй юм. Харин
түүний тусгай зөвшөөрлийг цуцлан оронд нь шинээр байгуулж буй “Үндэсний
төмөр замын суурь бүтэц” компанид Хөгжлийн банкнаас 399 тэрбум төгрөгийн
баталгааг гаргаж өгөх асуудлыг даруй шийдвэрлэлээ. Тусгай зөвшөөрлөө
цуцлуулсан “Монголын төмөр зам” компани өнгөрсөн хугацаанд “Шинэ төмөр
зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг олон улсын зөвлөх
компанийн багаар боловсруулан гүйцэтгүүлж, үүнийхээ төлбөрийг ХААН
банкнаас зээл аван төлжээ. Мөн эхний үе шатны 1165 кмт замын дагуу
геологи, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг дотоод 30
гаруй компаниар хийлгээд байгаа ч ажлын хөлсийг нь өгөөгүй байгаа аж.
Эдгээрт шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банк босгож чадахгүй өдий хүрсэн
атлаа гэнэт 399 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахаар болсонд олон
хүн хачирхаж байна.

Монголын нүүрс Хятадын зах зээлд бусад
улсынхаас хямдаар борлогдож буй. Тухайлбал, АНУ, Канад, Австралийн нүүрс
тонн нь 200ам.доллар байхад Монголынх 70ам.доллараар борлогдож байна.
Өөр өрсөлдөгчгүй учраас Монголын нүүрсийг ийм хямдаар авч буй нь
тодорхой. Тэгвэл Монголын Засгийн газар баялгаа өөр худалдан авагч, өөр
зах зээлд хүргэх бололцоогоо хааж, төрийн бодлогыг үл хэрэгсэн томоохон
ордуудаа төмөр замаар урд хөрштэй шууд холбох ажлыг хэрэгжүүлээд эхлэв
үү гэсэн асуулт босч ирлээ.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж