
Нөгөөдөр буюу тавдугаар сарын 9-н гэхэд нам эвсэлүүд сонгуульд оролцохоо бүгд илэрхийлчихсэн байх нь. Намуудын ирүүлсэн мөрийн хөтөлбөр, оролцох хүсэлт зэрэг бичгийг СЕХ хүлээн аваад тав хоногийн дотор шийдвэрлэнэ. Ингээд сонгуульд оролцох намуудын нэрс тодорхой болсноор сонгуулийн хэсгийн хороо байгуулагдана.
Сонгуульд бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа дараагаар нь эхлэнэ. Хуулинд сонгууль товлон зарласан өдрөөс хойш 15 хоногийн дараа эхлүүлнэ гэж заасан бөгөөд энэ нь тавдугаар сарын 14-н болж байна. Ингээд тавдугаар сарын 19-нөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалт хэсгийн хороодод хүрсэн байх аж. Мөн энэ өдрүүдэд буюу төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 15-нд цахим үнэмлэхийг таних, бүртгэх 3530 машин бэлэн болох юм. Одоогоор асуудал үүсгэж болзошгүй буй зүйл нь цахим үнэмлэх хэдий ч заавал энэ үнэмлэхтэйгээр сонгууль зохион байгуулах хууль үгүй тул хүчин төгөлдөр хуучин иргэний үнэмлэхээр ч санал өгөх боломж байсаар буй гэнэ.
Бие даан нэр дэвшигчид болон, намуудын нэр дэвшүүлэх боломж нь тавдугаар сарын 25-наар дуусч байгаа.
Сонгогчдод хамааралтай зүйл нь сонгогчийн шилжилийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоодог тул яаралтай шилжилт хийлгэх шаардлагатай хүмүүс тавдугаар сарын 29-нөөс өмнө харьяа газрынхаа бүртгэлийн газарт очих хэрэгтэй болж байна.
Өмнөх сонгуульд хуурамч дипломтой, бичиг баримтын зөрчилтэй хүмүүс нэр дэвшсэн тухай гомдол гарч байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг өмнө нь сайтар нягтлах шаардлага тавьж буй аж. Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар нь нэр дэвшигчдийн талаарх тодорхойлолт буюу ял шийтгэлтэй эсэхийг нь СЕХ-нд гаргаж өгөх нь. Энэ тодорхойлолтоо зургадугаар сарын 2-ноос өмнө өгөх гэнэ.
Эдгээр тодорхойлолт, нам, нэр дэвшигчдийн баримтууд СЕХ дээр зургадугаар сарын 6 хүртэл шалгагдана. Ийнхүү шалгасны эцэст нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг эцсийн байдлаар гаргах нь.
Нэр дэвшигчид тодорхой болсон тул сонгуулийн сурталчилгаа эхлэх нөхцөл бүрдэнэ. СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэх шийд гарсан өдөр буюу зургадугаар сарын 6-наас сурталчилгаа эхлэх боломжтой.
СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан, эсвэл нам эвсэл нь, өөрөө сонгуульд оролцохоос татгалзсан тохиолдол гардаг. Энэ тохиолдолд дахин нэр дэвшигчдийг бүртгүүлэх, өөр хүний нэр дэвшүүлэх боломж гарна. Хуульд “нам эвсэл санал авах өдрөөс 20 хоногийн өмнө нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл өөр хүнийг нэр дэвшүүлж болно” гэж. Энэ нь өөр нэг боломжийг бий болгодог гэдэг бөгөөд сонгуульд өрсөлдөх тойргоо намынхаа нөхдөд худалдах, далд наймаа явагддаг гэх шүүмжлэл бий.
2012 оны зургадугаар сарын 10. Энэ бол гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах өдөр. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох боломжтой. Гадаад улсын иргэд тойрогт нэр дэвшигчдийн төлөө санал өгөх боломж энэ удаад байхгүй бөгөөд зөвхөн намын төлөө саналаа өгөх ба энэхүү саналын хуудсаа дугтуйнд хийж саналын хайрцагт хийх аж.
Сануулахад, Гадаад улсад байгаа арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн /сонгуулийн эрх бүхий иргэн/ санал авах өдрөөс 30 хоногийн өмнөөс буюу 2012 оны 5 дугаар сарын 11-ээс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлсэн байх ёстой аж.
Зургадугаар сарын 23 наас өмнө саналын хуудсыг хэсгийн хороонд хүргүүлнэ. Энэ цагаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтанд авна.
2012 оны зургадугаар сарын 27-ны 00:00 цагаас сонгуулийн сурталчилгааг зогсооно. Сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөрт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа болох бөгөөд сонгуулийг биечлэн ирж чадахгүй хүмүүс дээр очиж саналыг нь авна.
Зургадугаар сарын 28 буюу санал авах өдөр. Өглөөний 07.00 цагаас 20.00 цаг хүртэл сонгогчид саналаа өгнө. Үүний дараа саналын хуудсыг тоолох, баталгаажуулах ажил үлдэх бөгөөд албан ёсны шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, олон нийтэд мэдээллэх аж.
