Тэрбээр өлсгөлөн зарласнаасаа хойш нэг хоногийн дараа буюу өнгөрсөн бямба гаригт бие нь муудаж намын нөхөд болон ар гэрийнхэн нь Төв аймгийн урьдчилан хорих төвд цугларав. Тэд Н.Энхбаяртай уулзуулах шаардлага тавьсан боловч тэрхүү шаардлагыг нь холбогдох газрууд нь хүлээн аваагүй байна. Хяналтын эмч болон Эрүүл мэндийн яамны эмч нарын баг Төв аймгийн урьдчилан хорих төвд очин Н.Энхбаярын биед үзлэг хийхийг оролдсон боловч сэжигтэн өөрөө биеэ үзүүлэхийг хүсээгүй учраас биеийн байдал нь улам хүндэрсэн ажээ. Тиймээс мөн өдрийн 14.00 цагийн үед эмч нар албадан шинжилгээ хийсэн бөгөөд эмч нарын зөвлөгөөний хурлаар яаралтай эмчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Эмч нарын дүгнэлтээр түүнийг хорих 461-р ангийн эмнэлэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан гэнэ. Харин өвчтөн өөрийн хүсэлтээр хоёрдугаар эмнэлэгт хэвтэхийг хүссэн ч зөвшөөрөөгүй тул албадан эмчилгээнд явахгүй, хуурай өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр болсон юм.
Олон улсын гэрээ контактад хуурай өлсгөлөн зарласан хүнийг албадан зогсоох, мөн эмчилгээ хийх нь тухайн хүнийг доромжилсонд тооцдог гэнэ. Хэрэв эмчилгээ хийвэл өөрийн зөвшөөрлөөр хийдэг аж. Мөн бие нь муудсан тохиолдолд заавал өөрийн хүсэлтээр эмчилгээнд хамруулдаг учраас ийнхүү эмч нарын хувьд өлсгөлөнг зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан бололтой.
Өлсгөлөн зарласан Н.Энхбаяр өлсгөлөнгөө зогсоохгүй, мөн эмчилгээ хийлгэхийг хүсээгүй учраас ШШГЕГ-аас бямба гаригийн 19.00 цагийн үед Н.Энхбаярыг эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар нартай уулзуулахаар болжээ. Гэвч ямар нэгэн шалтгааны улмаас ар гэрийнхэн нь мөн л Н.Энхбаяртай уулзаж чадсангүй. Үдшийн 20.00 цагийн үед түүний биеийн байдал дахин муудаж, хорих 461-р ангийн эмнэлэгт албадан хүргэсэн байна. Ингэхдээ ШШГЕГ-ын ажилтнууд түүнийг дамжлан, хөлийг нь дахин гозолзуулаад авч явсан аж. Өлсгөлөн зарласан Н.Энхбаярыг ар гэрийхэнтэй уулзуулаагүй хэвээр байгаа бөгөөд түүний хүү Э.Батшугар өчигдөр ШШГЕГ-т хандаж хүсэлт гаргаж буйгаа хэвлэлийнхэнд танилцуулав. Уг хүсэлтдээ “Миний аавын биеийн байдал муу байна. Үхэл амьдралын заагт байхад үр хүүхэдтэй нь уулзуулахгүй байгаад гайхаж байна. Хоол идээгүй 72 цаг болоод байна. Мөн хуурай өлсгөлөн зарлаад 51 цаг болж байна. Би аавыгаа хүнээр дамжлуулан явааг хоёр дахь удаагаа харлаа. Шударга ёсны төлөө амиараа дэнчин тавьж байгаа аавынхаа зоригоор бахархаж байна. Аавтай минь уулзуулж өгөөч” гэсэн хүсэлтийг ШШГЕГ-т хүргүүлсэн ажээ.
Хуурай өлсгөлөн зарлах нь өлсгөлөн зарлах хамгийн хүнд хэлбэр бөгөөд цаашид удаан үргэлжилбэл эрүүл мэнд, амь насанд аюултай гэдгийг эмч нар хэлж буй. Түүний ар гэрийхэнд эмчилгээ хийж байгаа эсэх талаар мэдэгдээгүй байгаа юм байна. Дугаар шилжих мөчид түүнд ямар нэг эмчилгээ хийж эхлээгүй байсан юм.