
Өнгөрөгч долоо хоногт “Ардын эрх” сонин хамгийн том хууль зөрчигчөөр УИХ-ыг тодруулсан билээ. Хууль тогтоогч нь ингэж шалгарах болсон хэд хэдэн шалтгаан байсан болоод тэр. Үүнээс нь дурдвал, хэлэлцэх асуудлыг хуулийн хугацаанд багтаж хэлэлцээгүй хэдэн удаагийн давтан үйлдэл, ашиг сонирхлын зөрчлөөр хуулийн төслийг дардаг, гацаадаг, дутуу ирцээр хуралддаг гэх шалтгаан уг болзлыг хангахад хүргэсэн. Өнгөрөгч хэдэн жилийнх нь үр дүнгийн үзүүлэлт ч шаардлагыг бүр ч баталж өгсөн. Эргэн саная.
2007 он: Ц.Нямдоржийг хуулийг зассан гээд Үндсэн хуулийн цэцээс хууль зөрчсөн гэх шийдвэр хүртэл гарсан. Найруулгын засвар хийх эрхтэй болохоос агуулгын засвар хийх эрхгүй. Мөн УИХ-аар хууль батласны дараа гурав хоногийн дотор УИХ-ын дарга баталгаажуулах ёстой байдаг. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийг бүтэн хоёр сарын дараа баталгаажуулсан. Нэгэнт батлагдсан хуулийг ингэж удаан хугацаагаар хав дарж огт болохгүй. Хууль тогтоох ажиллагааны процедурыг ноцтой зөрчсөн зүйлийг ийн гардан гүйцэтгэсэн. Тухайн үед Цэцийн хуралдаан дээр, Ашигт малтмалын тухай хуулийн 240 гаруй заалтаас 130-д нь агуулга, бодлого, зарчмыг нь өөрчилсөн шинжтэй засвар хийж, уг хуулийн 55 хувийг өөрчилсөн гэж яригдаж байсан.
2008 он: Эрүүгийн хуулиас хоёр заалт алга болж орхив. Буцаан оруулах хүртэл энэхүү гээгдсэн заалтын ачаар нэлээдгүй хүн хариуцлагаас мултарч чадсан.
2010 он: АТГ-ын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ажлын 14 хоногт шийдэх хуультай ч УИХ мөн л зөрчсөн.
2012 он: Дахиад л Ц.Нямдоржийн асуудал. Найман гишүүн ХЗДХ-ийн сайдыг огцруулах тухай өргөдөл гаргасан. Буруутай эсэхээс үл шалтгаалан асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх хуультай. Мэдээж энэ хугацааг өнгөрөөн байж хэлэлцсэн. Хэн нэгэн буруутанд хариуцлага хүлээлгэхгүй байх нь, түүнийг илчлэхгүй байх нь өөрөө тэр буруутай зүйлд оролцож байна гэсэн үг гэх сургаалийг бодсон ч УИХ яалт ч үгүй буруутан болж таарлаа.
Гэвч УИХ ийнхүү тодорсон ч дутахааргүй нэгэн хүнд гарын хууль зөрчигч бас бий. Тэр нь Засгийн газар.
Эдгээр жилүүдэд УИХ-ын гишүүдээс ямар шүүмжлэл гарч байсныг шүүж үзвэл лавтай “Засгийн газар хууль биелүүлэхгүй байна” гэдэг байна биз. УИХ-ын 39-р тогтоолыг зөрчиж гадныхантай гэрээ хийсэн тухай, Оюутолгой, Тавантолгой дээр УИХ-ын шийдвэрийг гажуудуулсан, “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлээгүйгээс гол мөрний эхэд олборлолт, ашиглалт хийгдсээр байгаа тухай яриа эцэс төгсгөлгүй мэт хөвөрсөөр. Харин Засгийн газрын төлөөлөгч нь “Манай яаманд уул уурхайн инженер дутмаг байна. Иймд үнэлгээ, шинжилгээ хийж чадахгүй, нэг хүнд хэт их ажил ногдож байна” гээд л. Хуулийн асуудал эрхэлсэн сайд нь хүртэл, хэзээ хойно “За нөхөр минь чиний но-г дэлгэхгүй байсан шүү, чи ингэж байгаа юм бол дэлгэнэ дээ” гэж нэг гишүүнээ сүрдүүлээд л. Монгол Улсын Үндсэн хуулинд “Засгийн газар нь төрийн хуулийг биелүүлнэ” гэж заасныг ийн умартаж. Эрүүгийн хуулинд захиалагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй зөрчин гүйцэтгэсэн бол захиалагчид биш гүйцэтгэгчид хариуцлага ногдуулах тухай заалт бий. Үүнээс санаа аваад бодвол, УИХ-ын баталсан хуулийг өөрийн дураар өөрчилж, хэрэгжүүлэх эсэхээ үзэмжээр шийдвэл мөн л зөрчин гүйцэтгэгчид хариуцлага ярих болох нь.
Шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг нь Засгийн газарт бий. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ үүрэг бий. Гэтэл хэрэгжүүлэх үүрэгтэй газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлдэгүйн жишээ болсоор. Хамгийн сүүлийн тохиолдол болох цагдаагийн байгууллагын удирдлагууд шүүхийн шийдвэрийг зөрчин “цагдан хорих газар руу биш, эмнэлэг рүү хүргүүлсэн” энэ жишээг хангалттай ярьцгаасан тул түр орхиё. Үүний өмнөх тохиолдол мөн л Засгийн газар дээр бууж байх юм. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан тухай нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэв. Шүүхээс Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байтал Засгийн газар тоосонгүй. Нөгөө л “жингэрийн ноход хуцаж бай, жингийн цувуу явдгаараа явдаг юм” гэх маягтай, шүүхийн шийдвэрийг үл гүйтцэтгэх. Үүгээр зогсохгүй Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Х.Оюунтуяаг үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан, ажилд нь эргүүлэн томилох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нэрийдлээр ажилд буцаан томилж, хэд хоногийн дараа ажлаас нь дахин чөлөөлсөн, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар н.Цогоо, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтэн н.Баатар, Нийслэлийн ЗДТГ-ын ажилтнуудыг ажилд нь эргүүлэн томилохтой холбоотой 30 орчим шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй гэх ангилалд багтсаар буй аж.
2008 онд байгуулагдсан УИХ үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд бие даасан нийт 104 хууль батлагдсанаас тухайн хуульд нь Засгийн газар журам, дүрмийг нь батална, тогтооно гэж заасан 32 хуулийн 78 заалт бий аж. Эдгээрээс давхардсан тоогоор 26 хуулийн 47 заалтыг хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гарсан боловч 13 хуулийн 30 заалтыг хэрэгжүүлэх шийдвэр гараагүй байна. Мөн УИХ-ын нийт 63 тогтоолын 213 заалтаар Засгийн газарт тодорхой үүрэг өгөгдсөн байна. Давхардсан тоогоор 22 тогтоолын 50 заалт бүрэн хэрэгжиж, 45 тогтоолын 163 заалт буюу 76,5 хувь нь хэрэгжих шатандаа явж буй гэнэ. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нэгэн хэлэлцүүлгйин үеэр энэ талаар шүүмжилж, “та нар “хууль хэрэгжих шатандаа явж байгаа” гэдэг “уутнаасаа” хэзээ гарах вэ, ийм тайлбар бүхий тайланг жилдээ хоёр удаа УИХ-д ирүүлсээр байгаадаа дүгнэлт хийх нь зүйтэй” гэж хатуухан шүүмжилж байсан ч удаа бий. УИХ-аас хууль баталсны дараагаар Засгийн газарт журмаа гаргаж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон ч зарим журам гаралгүй мартагдах нь ч байдаг гэнэ. Тухайлбал, журам гарах ёстой байтал нэг жил 9 сараас 2 жил 8 сарын хугацаа өнгөрч байхад сураг ч гараагүй ба УИХ-аас 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан Нотариатын тухай хуулийн 10.2-т: “Нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн сумын Засаг даргын Тамгын газрын тамга, тэмдгийг хэрэглэнэ” гэж зааж. Гэтэл “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар батлах тухай” Засгийн газрын тогтоолоор тамга хэрэглэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байхаар тогтоосон байгаагаас шалтгаалж сумын Засаг даргын Тамгын газрын дарга тамга хэрэглэх эрхгүй /уул нь дээрх хуулиар энэ эрхийг олгосон/ тул нотариатчийн үүргийг гүйцэтгэхдээ Засаг даргынхаа тамгыг хэрэглэж байгаагаас шалтгаалан шат дамжлага дамжих, улмаар цаг хугацаа алдах зэргээр иргэдийг чирэгдүүлдэг аж.
Иргэд ийн хүндрэл чирэгдэлтэй тулсаар, харин тайлан дээр, хууль хэрэгжих шатандаа явсаар.
Засгийн газрыг мартдаг зуршилтай гэлтгүй бид ч мөн мартамхай болчихож. Оны өмнөхөн Ерөнхийлөгчөөс Засгийн газрыг хууль бус тогтоолуудаа хүчингүй болгохыг удаа дараа шаардаж байсныг мартсан л байлгүй. Хууль бус үйлдлийнх нь автор нь өнөөх л сайд. Нэрийг нь энэ удаад хэлээд яах вэ, нэр төрд халдлаа гэж заргалдах ч юм бил үү. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2011 оны долдугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургуулийг байгуулахаар шийдвэрлэснээрээ Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн. Ямар заалтыг зөрчсөн гэвэл, Засгийн газар цэргийн анги, байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөлгүйгээр татан буулгасан. Зөвшилцөх нь эсэх нь процессийн жижиг алдаа гэж бодоход “хоорондоо ялгаатай гурван үндсэн чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагуудын хүний нөөц бэлтгэх тогтолцоог нэгтгэсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үр нөлөөтэй, боловсронгуй болгох төрийн бодлогод нийцэхгүй байна” гэх Ерөнхийлөгчийн тайлбарыг зүгээр орхичихож боломгүй санагдана. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт болон УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Засгийн газрын хууль зөрчсөн 229-р тогтоолыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг хүсч албан бичиг илгээж байж. Гэтэл Засгийн газар нь алдаагаа засахын оронд өмнөх шийдвэрээ бүр ч баталгаажуулсан дараагийн шийдвэр гаргачихаж байгаа юм даа.
Энэ удаагийн Засгийн газарт одоо биелүүлэх ёстой ганц том үүрэг л үлдлээ. Ядаж үүнийгээ цэвэрхэн хийж үз. Сонгуулийг бүү будлиул.
