Инновацийн хуулийг УИХ-аар батлах л үлдээд байгаа боловч энэ хооронд шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа. Хууль баталж болох хэдий ч үүнийг дагасан эрх зүйн шинэчлэлтүүд манайд хамгийн тулгамдсан асуудал болоод буй ажээ. “Инновацийг хэрхэн оюуны өмчид бүртгүүлэх вэ гэдэг дээр шийдлээ хүлээж байгаа зүйлсүүд бий. Хэдийгээр оюуны өмчид бүртгэж болох ч дэлхийд инновацийг оюуны өмчид бүртгүүлэх өөр стандарт байдаг юм” гэж Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат ярилаа.
Одоогийн байдлаар нанотехнологид суурилсан инновацийг Монголчууд Германчуудтай хамтраад хийсэн юм. Одоогоос арав гаруй жилийн өмнө шинэ технологиор даавуу гарган авсан нь Германы зах зээл дээр чамгүй их ашгийг олжээ. “Бидний зохион бүтээсэн даавуу өөрийгөө цэвэрлэх чадвартай байсан. Тухайлбал, барилгын будгыг шүршээд дараа нь усаар цэвэрлэхэд ямар ч толбогүй арилж байсан юм. Үүгээрээ бид 2005 онд патент авсан. Энгийн утсыг 10 нм-ын аксидын найрлагатай болгоход ус татдаг болж хувирсан юм. Германд яг энэ материалыг зарим нэг компаниуд ашиглаж байгаа. Даанч Монголд нэвтрүүлэх боломж одоохондоо алга” байгааг Р.Мядагмаа доктор ярив.
Инноваци гэдэг нь ямар нэгэн нээлт, бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулж мөнгө олох гэсэн санаа юм. Товчхондоо бол, техник, технологийн дэвшлийг ашиглаж, мөнгөтэй болно гэсэн үг. Одоогийн байдлаар манай орон ямарваа нэгэн бүтээлд зөвхөн патент олгохоос өөрийг хийдэггүй гэнэ. Энэ талаар ч олон улсын бага хурлын үеэр багагүй шүүмжлэл өрнөсөн. “Инновацийн технологийг газрын харилцаанд нэвтрүүлэх нь зөвхөн уул уурхайд төдийгүй байгаль орчин, экологи, хүрээлэн буй орчин цаашлаад бүх л зүйлст эерэгээр нөлөөлнө. Гадны орнуудад байнга шахуу ашигладаг техник, технологийн дэвшлийг Монгол оронд хэрхэн ашиглах вэ, хамгийн гол нь амьдралд хэр зэрэг ойр ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэгт нэгдсэн шийдэлд хүрэх нь энэ удаагийн хурлын гол зорилго. Өнөөдөр дэлхийн газрын гадаргыг нарийн технологиор тухайлбал, сансрын системээр, хэт авианы дуран, хэт авианы үелзэл зэрэг өндөр технологиор судалдаг болж. Энэ удаагийн хурлаар Монголд энэ технологиудыг нэвтрүүлж, мэргэжилтэн бэлтгэх талаар шийдэлд хүрэх юм” гэж одоогоос нэг жилийн өмнө Геодези, зураг зүйн холбооны ерөнхийлөгч Б.Энхтүвшин нэгэнтээ ярьж байсан юм.
Чили улс уурхай болоод хөдөө аж ахуйн салбартаа инновацийг асар их хэмжээгээр хөгжүүлжээ. Өөрөөр хэлбэл шинэ нээлтүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар борлуулдаг гэсэн үг. Зөвхөн хөдөө аж ахуйн салбарт л гэхэд хаягдлаар бордоо боловсруулж ургах хугацааг нь урагшлуулсан нэгэн бүтээгдэхүүн гарган авчээ. Одоо үүнийг Өмнөд Америкийн ихэнх улсууд хэрэглэж байгаа. Мөн уул уурхайн салбар дахь шинэ техник технологийг нутагтаа үйлдвэрлэх тендер боловсруулсан нь уул уурхайн инновацийг энэ улсад хөгжүүлэхэд асар их нөлөөлөл үзүүлжээ. Чили улс өнөөгийн байдлаар эдийн засгийн өсөлт, инновацийн хурдацтай хөгжил зэргээрээ дэлхийд тэргүүлэх улсуудын нэг болсон юм. АНУ, Япон, Сингапур зэрэг улсууд бүгдээрээ инновациас олох ашиг, шинээр зохион бүтээгдэж байгаа оюуны өмчийн бүтээлээрээ ч дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Эдгээр улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг тал хувийг зөвхөн инноваци л эзэлдэг ажээ.
Дэлхийн улс орнуудад ашиг олох боломж, олон жилийн туршлага зэргээрээ яах аргагүй бодлогын төвшинд очсон инновацийг бид “нутагшуулах” хэрэгтэй юм. Үүнийг гадны эрдэмтэд ч зөвлөж байна. “Танай оронд үүнийг нэвтрүүлэх хөрс суурь хангалттай бий. Харин чадварлаг боловсон хүчин, оюуны өмчийн бүтээлийг хамгаалах эрх зүйн тогтолцоо, урамшууллын арга барил нь л дэлхийн жишгээс хоцорч байна. Ази тивд БНХАУ-д сүүлийн үед инноваци асар хурдацтай хөгжиж байгааг онцлох хэрэгтэй. Тиймээс үүнийг нэвтрүүлэх тал дээр төрийн хэмжээний бодлого хэрэгтэй болов уу” гэж Германы эрдэмтэнд Херберт Хайнц ярьж байсан юм.
Ямар ч байсан улсыг хөгжүүлэх нэгэн тулгуур ойлголт гэж дэлхийн улсууд хүлээн зөвшөөрч байна. Манайд харин ямар байгаа билээ.