Хуулиас дээгүүр үйлчлэх намын хамгаалалт

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Хуулиас дээгүүр үйлчлэх намын хамгаалалт

Өнөөгийн Монголд нам гээч мундаг хамгаалалттай, “бурхан” бий. Энэ “бурхан”-ы ачаар эд мөнгөтэй болно. Энэ “бурхан”-ы ачаар эрх мэдэлд хүрнэ. Энэ “бурхан”-ы ачаар эрүүгийн хэргээс мултарна.

Хийморийн дарцаг дээр нь хэрээ суучихсан нөхөр ч энэ л “бурхан”-ы ачаар эсэн мэнд үлдэнэ. Нам гээчийн хамгаалалтад багтаж, нирваан дүрийг олоод хүний гэдсийг ч хүүлсэн хүчтэй, шидтэй “хувилгаан”-ууд одоо олон болжээ, цаана чинь. Нэгэн цагт намын нөлөөгөөр “бурхан” болоод намаасаа гармагцаа “чөтгөр” болох нь энгийн л үзэгдэл.   Ямартаа л Монголын нэгэн намчирхсан нөхөр гадаадад ихэд мэдэмхийрч балар эртний европчуудыг “Танай сүмүүд гэмт хэрэгтнийг хамгаалах, тэднийг өршөөн хэлтрүүлэх чухал газар байжээ…” гэж хэлээд халаас хоосон, хөөгдөх шахан хөгөө чирээд иржээ. Амьхандаа манай хүн өнөөгийн Монголд нам гээч хууль, журмаас ч гадуур ямар аугаа, ямар хэрэгтэй зүйл болохыг тайлбарлахыг хичээж, түүнийгээ ганц нэг кино төдийхнөөс авсан сэтгэгдлээрээ сүмтэй зүйрлэсэн хэрэг.

Түүний өмнө төрийн хууль ч хүчин мөхөс

Шүүхийн шинэчлэлийг хийх гэж буй Ерөнхийлөгчид сануулж томроход, эрх барьж буй намын хамгаалалтад “хуяглагдан” амьдарч буй нөхдүүдийг одоо зохих газар руу нь илгээж эхэлбэл ямар вэ. Даргыг нь амжихгүй гэхэд дундчуудаас нь дээш өгсөх байдлаар хийвэл яаж байна. Н.Энхбаярыг эвгүй баривчилсан шигээ одоо даварсан эрх баригчдыг байх ёстой газарт нь аваачвал яагаад болохгүй гэж…

Ингээд олныг үл нуршин зарим нөхдүүдийг нь заагаад өгсөн ч болж байна.

Өнөөгийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа Эрүүгийн хуулийг орондоо засч байгаад 272 дугаар заалтыг нь арилгачихсан. Үүнээс болоод 15 хүний амь насыг авч одсон “МИ-8”-ийн гэх хэргийн буруутнууд ямар ч ял гэмгүй үлдсэн. Монголд эрх барьж буй намын гишүүн насаараа төрийн албанд ажилласан хэрнээ хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байж болдог. Түүнийгээ төсвөөс хулгайлсан уу, татвараас бултуулсан уу, авлига авч уу, албан тушаалаа ашиглаж олсон уу гэдэг нь огт падлийгүй. Намын батлах байхад л болно. Энэ л хамгаалалтаар хэдэн зуун хүн ял завшсан бэ гэдгийг тооцоход ч бэрх.

Намын хамгаалалтаар Ц.Нямдоржийн засдаг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийг хулгайлаад ял завшуулсан. Өнөөгийн МАН /тухайн үеийн МАХН/-ны гишүүн н.Батнаран гэгч намынхаа хамгаалалтаар ингээд л завшсан. Энэ зүйл, заалтаар маш олон албан тушаалтан хэргээс мултарч үлдсэнийг л сайн мэдэх юм. Намын хамгаалалт гэгчээр далайлгаж олон арван хэрэг замхарсан явдлыг тооцвол бишгүй олон бий. Хоёргүй сэтгэлээр төрд зүтгэж ирсэн гээд байгаа Ц.Нямдорж сайд л гэхэд хэдэн зуун саяар үнэлэгдэх орон сууцыг хэрхэн авсан шалтгаанаа өнөөг хүртэл тайлбарлаагүй л байгаа. Гэвч хэрэг нь нөгөөх л намын хамгаалалтаар хаагдсан бөлгөө. Тэгвэл авлигачдаараа дуудуулсаар ирсэн М.Энхболд нарт өнөөг хүртэл нэг ч хэрэг үүсгэхгүй, тэд ч хэнийг ч шүүхэд өгдөггүй нь бас л хачирхалтай явдал. Шалтгаан нь ердөө л намын нөмөр нөөлгөнөөс нь айгаад хууль хяналтынхан шалгаагүй явдал. 

Монгол Улсад бас нэгэн хачирхалтай зүй тогтол үйлчилдэг. Тэр нь хууль хяналтын байгууллагад нам нь өөрсдийн нөхрөө шалга гэвэл шалгадаг. Боль гэвэл зогсоодог явдал. Цор цор хийснийг нь шалгуулна. Шалдаа буугаад “багш аа, байя аа” гэхээр нь өршөөдөг, тийм хууль. Түүнээс хууль хяналтынханд маань өөрсдийн дураар идсэн, уусан гэх нөхдүүдийг шалгах эрх байдаггүй юм гэсэн.

Намын хамгаалалтад орж ялаас мултардаг нөхдүүдийн жагсааглтйг Засаг дарга нараар үргэлжлүүлж болно. Жендерчдийг хүндэтгээд хамгийн түрүүнд хатагтай Л.Амгаланг дурдая. Баянгол дүүргийн Засаг дарга гэдгээр нь андахгүй биз ээ. Түүнийг хөрөнгө орлогоо нуун далдалсан, хуучраагүй хайсыг шинээр сольсон, төсвийн мөнгөнөөс сая саяар нь зарцуулсан гэх олон баримт ил болдог ч өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр л яваа.

Дээр нь Архангайн Ё.Баатар­билэг, Булганы М.Оюунбат, Говь-Алтайн Ш.Амгаланбаяр, Говьсүмбэрийн Ж.Баянмөнх, Дорнодын Ц.Жанлав, Өвөрхангайн Д.Тогтохсүрэн, Увсын Э.Цасчихэр, Ховдын Г.Нямдаваа, Хөвсгөлийн Л.Цэрэнжав гээд олон Засаг дарга байна. Ц.Жанлавыг гэхэд л хоёр жилийн өмнөөс шахуу шалгаж эхэлсэн ч өнөөг хүртэл яаж ч чадаагүй. Тэгвэл Э.Цасчихэрийг хамаатных нь байцаагч байцаасан болоод хэргийг нь хаасан гэж байгаа.

Дунд шатнаас дээр шат руу шилжвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар бий. Түүнийг “тендерийн наймаачин” гэж хүртэл хочилдог ч өнөөг хүртэл намын гишүүний халдашгүй эрх нь үйлчилсээр ирсэн учраас шалгаж эхэлсэн ч шанаа аваад болих жишээтэй. АТГ-ын дэд даргын албыг хашиж буй Б.Хурцын хэлснээр гаалийн Х.Баатарын гэх тодотголтой хэрэгт холбогдсон дөрвөн ч нөхөр УИХ-д бий гэж байгаа. Тэдний нэг нь Ч.Улаан байсан нь өнгөрсөн долоо хоногт ил болсон. Ингэх болсон шалтгаан нь МАН-ын хамгаалалтаасаа гарснаас үүдэлтэй. Намаасаа гарч МАХН-д элсээд буй учраас одоо намынх нь хамгаалалт нэгэнт түүнд үйлчлэхээ больжээ. Ч.Улаантай санаа сэтгэл нийлэн МАХН-аа хаяж МАХН руу “шилэрсэн” УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нарын хувьд ч бас намын хамгаалалт байхгүй болсон гэдгийг санахад илүүдэхгүй.

МАН-ын генсек У.Хүрэлсүх. 2008 оны гуравдугаар сарын 17. “УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нь Ц.Чимэдцэрэнтэй үгсэн хуйвалдаж, бүлэглэн онц их хэмжээний хохирол учруулсан тул хоёр жил нэг сарын хорих ялаар шийтгэсүгэй” хэмээн алх цохьсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар “Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй” болдог. Гэвч У.Хүрэлсүх шүүх танхимаас гавлуулаад гарсангүй. Гавлуулаагүй төдийгүй шорон руу ачигдсангүй. Зүгээр л гэр рүүгээ, эсвэл хаашаа ч юм эрх чөлөөтэй алхаад одсон. Намын хамгаалалт гээч энэ. МАН-ын дарга С.Батболд гэхэд л “Чингис” зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан тухай яриа гардаг ч өнөөг хүртэл хамгаалалтаас нь болоод хэн ч шалгаж зүрхлээгүй. Одоо мань хүн олигархийн тогтолцооноос иргэний тогтолцоонд шилжинэ л гээд байгаа. Өөрөө өөрийгөө тооцсон л юм байлгүй.

Энэ мэтээр дурдаад байвал дуусахгүй. Намын хамгаалалтгүй иргэдэд харин хууль яаж үйлчилдэг вэ гэдгийг долдугаар сарын 1-ний гэх хэргээс төвөггүйхэн харж болно. Намынхаа байрыг шатсаны дараа хэдэн зуун залуусыг хувилж олшруулсан, үг үсэг нь ижил шүүхийн нэг захирамжаар ялласныг иргэд мэднэ. Буудсан иргэдийнхээ хохирлыг барагдуулаагүй байгаа нөхдүүд өнөөдөр намынхаа байрыг төсвийн мөнгөөр засчихсан яваа.

Энэ мэтээр намын хамгаалалт гээч Монголд бүхнийг эрхшээлдээ хүлцэнгүй захирагч дүрэм журам үйлчилж байна. Намын хамгаалалтан дор улсын хөрөнгийг идэж болно, намын хамгаалалтан дор гэмт хэрэг үйлдэж болно, намын хамгаалалтан дор ялаас мултарч болно. Ерөөс юуг ч энэ нүсэр хамгаалалтын дор хийж болдог бусармаг тогтолцоо. Үүнийг үгүй хийгээгүй цагт хууль тэгш бус үйлчилсээр л байх болно. Шинээр барьсан тансаг шоронд зай, талбай хангалттай бий гэнэ лээ. Саалиа бэлдэхээс өмнө саваа бэлдчихсэн улс одоо юуг хүлээх ёстой гэж…

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж