Нэр дэвшигчид ялалтандаа итгэв

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчид ялалтандаа итгэв

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт  өнгөрсөн ням гаригт явагдлаа. Урьдчилсан дүнгээр сонгуульд хэн ялах нь өнөөдөр тодорхой болчих юм. Сүүлчийн шатанд шалгарсан Николя Саркози, Франсуа Олланд хоёрын ширүүн өрсөлдөөн лхагва гаригийн оройн халз маргаанаар өндөрлөсөн юм.

Гурван цаг үргэлжилсэн халз маргаа­ны товыг өмнөөс тохиролцсон бөгөөд телевизийн 20 камерийн дор тэдний маргаан өрнөв. Ширээний өндөр, намаас эхлээд өөрийн агаарын хэмийг хүртэл нарийн тогтсон байна. Өмнөх сонгуулийн мэтгэлцээн үеэрх танхим хэтэрхий халуун байсан нь ноён д хүнд байсан гэх. Камерууд нь зөвхөн ярьж байгаа хүн дээр төвлөрнө, ноён Олландын толгойн халцархайг, ноён Саркозийн дэлдэн чихийг харуулахгүй хэмээн нэр юэшигчид тохиролцжээ. Маргааныг  телевизийн үзэгчид өөрөө сонгож үзэх боломжийг олгосон учраас эфирт тэдний ярианаас өөр сюрприз байсангүй. Нэр дэвшигчид ажилгүйдэл, улсын өр зээлийн өсөлт, цагаачлал, цөмийн эрчим хүч ба Европын эдийн засгийн талаар маргалдав. Франсуа Олландын гол санаа нь Саркозийн засаг барих үеэр улсын эдийн засгийн үзүүлэлтүүд муудсан гэдгийг харуулах харин Николя Саркози дэлхийн хямрал улс оронд нь илүү хүнд цохилт өгөхөөр  байсан ч Франц Европт өөрийн байр суурийг хадгалан үлдсэн, гол нь дайн дажингүй байсныг үзэгчдэд хүргэхийн тулд байдаг чадлаараа хичээсэн юм. Улс төрийн тогтвортой байдлаа тэр өөрийн гол ололт гэж үзэв. Хүн бүр өөрсдийн  арга барилаараа маргааныг хийж байв. Ноён Саркози студиэс тусгай тогтоосон богино хугацаанд  илүү ихийг ярихыг чухалчилсан ба яг цагаар бол тэр нэг секундээр түрүүлж байв. Нэг талаасаа бүгдийг тодорхойлж, бас өрсөлдөгчөө дайрч, илчилж, гомдоохоо мартаагүй юм. Арваад удаа “худал”, “гүтгэлэг” гэж давтсаны дараа Олланд тэвчээр алдан “та чинь юу гээд дайрч давшлаад байна” хэмээн гомдлоо илэрхийлсэн. Николя Саркозийн хоёр дахь цохилт нь  Марин Ле Пен ба төвийг сахигч Франсуа Байругийн сонгогчдод өгсөн аванс болов. Цагаачлалын асуудлыг ярихдаа тэрээр цагаач нарт орон нутгийн сонгуулийн эрх өгөх Олландын санаачлагын эсрэг маш эрчимтэй дайралт хийсэн юм. Дараа нь сонгогчдод хандан өөрийн мөрийн хөтөлбөрийг  танилцуулав. Мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудыг зүүний ба хэт зүүний үзэл баригч Олланд хэрэгжүүлэх аргагүй байв. Тэдэнд өөрс­дийн бэлтгэсэн бас бус зүйл ч байлаа. Николя Саркози “Нефть, байгалийн хийн үнэ нэмэгдэж байгаа энэ хүнд үед цөмийн эрчим хүчнээс татгалзах хэрэг бай­на уу” гэдгийг дахин, дахин сануулав.   Харин Франсуа Олланд өөрийн ерөнхий­лөгчийн амлалтаа бүхэл бүтэн яруу най­раг болгон “Би Бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн хувьд…” гэж байгаад л уран уншлага уншив. Тэрхүү яруу найр­гийн бүтээлийн  агуулга нь төрийн салбарт шинэ ажлын байр бий болгох, бензиний үнийг барих, цалингийн доод хэмжээг нэмэх зэрэг багтсан нь сонгогчдод илүү таалагдсан байх. Саркози “энэ бүгдийг хэн төлөх вэ?” гээд л хариу барьж байв.

Мэтгэлцээний дараах олон нийтийн санал асуулгаар тэдний чансаа Николя Саркозийн 46,5 хувьтай, Франсуа Олланд 53,5 хувьтай байна. Тэр хоёрын чансааны зөрүүгээс харахад  Саркози  чансаагаа хоёр хувиар өсгөж чаджээ. Тэдний хоорон дахь таван хувийн зөрөөнд  байр суурь нь тодорхойгүй үлдсэн 10 хувийн сонгогчид нөлөөлөх юм. Тэд Саркозийн төлөө санал өгвөл тэрээр хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр үлдэнэ. Гэтэл ноён де Голлийн хэлж байсан “бяслаг гэхэд л 325 сорттой” орны сонгогчдын тэр 10 хувь бүгд л нэг хүний төлөө санал өгөхгүй биз. Нэр дэвшигчдийн халз маргааныг 10 сая хүн телевизээр харсан тооцоо гарав. Халз маргаан тэдэнд нөлөөлсөн үү? гэх асуултад 89 хувь нь үгүй, 11 хувь нь нөлөөлсөн гэж хариулжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж