Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авахад нэг том бэрхшээлтэй тулгардаг. Тэр нь зээл авахад шаардагдах баталгаа хөрөнгө. Баталгаа хөрөнгөгүйгээс төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй зээл тусламжид тэр бүр хамрагдаж чадахгүй “ганзага хоосон” буцах нь цөөнгүй. Өнгөрсөн 2011 онд гэхэд зээл авахыг хүссэн 200 өргөдөлд арилжааны банкууд “үгүй” гэж хариулсан байна лээ. Үүний гол шалтгаан нь нөгөө л барьцаа хөрөнгө байхгүй, барьцаалсан хөрөнгө нь авч байгаа зээлийнхээ баталгаа болж чадаагүй явдал. Зарим нэг нь өөрсдийнхөө бичсэн тодорхойгүй төслөөс болж төрөөс олгож буй хөнгөлөлтэй зээлд хамрагдаж чадаагүй болохоос ихэнхэд нь тохиолдсон гол бэрхшээл нь барьцаа хөрөнгийн асуудал байж.
Монгол Улсын хэмжээнд 73822 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 40921 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж. Үүний 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрүүд. Тэгэхээр Монголын аж ахуйн нэгжийн 90 гаруй хувийг хөгжүүлэх, тэдний үйлдвэрлэлийг дэмжих, тэднийг жижгээс дунд руу, дундаас том руу шилжүүлэхийн тулд УИХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Зээлийн батлан даалтын санг байгуулахаар шийдвэрлэсэн. Хууль батлагдсанаас хойш өнгөрсөн хугацаанд Засгийн газраас Зээлийн батлан даалтын санг байгуулах журмаа боловсруулж, холбогдох газрууд нь бэлтгэлээ базаагаад дуусч байгаа гэнэ. Тодруулбал, санг ямар хэлбэрээр байгуулах, хэдэн төгрөгийн хөрөнгөтэй байх зэргийг нь боловсруулж, ирэх зургадугаар сар гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөөд буй аж. Санг байгуулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн бөгөөд тус сан нь бие даасан томоохон агентлаг байх гэнэ. Хуульд зааснаар зээл авахыг хүссэн иргэд арилжааны банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд “Зээлийн батлан даалтын сан”-д хандаж хүсэлт гаргах юм байна. Хэрвээ ”Зээлийн батлан даалтын сан” зөвшөөрвөл 60 хувийнх нь барьцааны баталгааг тус сангаас гаргаж, үлдсэн 40 хувийнхаа барьцааг үйлдвэрлэгч өөрөө гаргах аж. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд төр 100 хувь баталгаа гаргагч болохгүй гэсэн үг. Учир нь төрийг барьцаалж байгаад арилжааны банкнаас хэдэн арван сая зээл аваад алга болохгүй гэсэн баталгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд байхгүй болохоор тэр. Хадгаламж зээлийн хоршоодоос эхлээд “Зоос”, “Анод” гээд бусдын идэж уусан хөрөнгийг төрөөс, татвар төлөгчдийн халааснаас гаргадаг гашуун сургамжийг Монголын төр цөөнгүй амссан.
Бизнес бол тэр чигээрээ тооцоо, эрсдэл гэдгийг захын хүн ч ойлгоно. Тэр эрсдлийн 60 хувийг нь төр хариуцна гэдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд томоохон боломж гэхээс өөрөөр яах билээ. Сэргэлэн нь дэндчихсэн нөхдүүд энэхүү боломжийг эргээд авлига, залилан болгоод хувиргачихгүй л бол шүү дээ. Энэ өнцөгөөс харвал асуудал бас байна. Төрөөс хөнгөлөлттэй зээл аваад, түүнийгээ үрэн таран хийчихээд дараа нь төрөөр төлүүлчихийг хэн байг гэх вэ. Үүнээс яагаад айгаад байна вэ гэвэл УИХ-аас баталсан Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тухайн жилд Зээлийн батлан даалтын сангийн гаргахаар төлөвлөсөн нийт батлан даалтын дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг болзошгүй өр төлбөрийг төлөхөд зориулан бэлэн мөнгө хэлбэрээр дансандаа байршуулна гээд заачихсан бий.
Гэхдээ албаны хүмүүс зээл, тусламж авахыг хүссэн хүн бүхэнд зээл олгохгүй, банкны үр ашигтай гэж үзсэн зээлд 60 хувийн батлан даалт гаргана гэдгийг онцолно лээ. Энэ ч бас үнэхээр авч болох арга хэмжээ. Тэгэхгүй бол төрийг өрөнд унагачихаад зээлээ төлж чадахгүй “хоосон хүний хоёр чихийг огтлоод авбал ав” гээд гэдийчихвэл яах уу. Эцсийн эцэст, жижиг ч байна уу, дунд ч байна уу хамаагүй, хэн нэгэн бизнес эрхлэгчдийн эрсдэлийг төр даана гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр өрийг нь төлнө гэсэн үг шүү дээ.