АНУ-д Монголын соёлын төв хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

АНУ-д Монголын соёлын төв хэрэгтэй

Парламентын сэтгүүлчдийн холбооны хэсэг сэтгүүлч АНУ-ын Юта мужид зочлоод буцахдаа замдаа Сан-Франциско, Оакланд хотуудаар орж тэндэх монголчуудын ахуй байдалтай танилцсан юм.

Америкийн баруун эрэг дэх Сан-Франциско, Оакланд, Сан Хосе зэрэг олон хотыг хамарсан Сан-Францискогийн булан орчимд албан бус тоогоор 10 мянга орчим монголчууд төвлөрөн суурьшдаг ажээ.

Энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс Сан-Францискод Монгол Улсын Ерөнхий консулын газар ажиллаж эхэлсэн нь тэдгээр монголчуудад үйлчилгээ үзүүлэх чухал төв болжээ.

Оакланд хот нь Улаанбаатартай эгч дүү хот юм байна. Тэнд монголчуудын төв үйл ажиллагаа явуулж, Ажаа гэгээний төв хэмээх жижиг хийд байгуулсан нь Америк тив дэх буддын мөргөлийн цөөн газрын нэг болжээ. Бэй Аэриагийн монголчууд хэмээх ТББ үйл ажиллагаа явуулж монголчууддаа тусламж дэмжлэг үзүүлдэг юм байна.

Сан-Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консул Н.Анхбаяртай уулзахад УИХ-ын сонгуульд монголчуудаа оролцуулахаар ид бэлтгэж байлаа. Гадаадад байгаа монголчууд энэ жил анх удаа намын нэрсийн жагсаалтаар санал өгөх гэж байгаа юм.

Баруун эргийн монголчууд дор дороо ажилтай сайн явж байгаа ч нийгмийн даатгалгүй, хөдөлмөрийн гэрээгүй гэсэн бэрхшээл байдгийг Ерөнхий консул хэлж байсан юм. 1990-ээд онд анхлан АНУ-д очиж байсан монголчууд тэтгэвэрт гарах насанд дөхөж байгаа ч нийгмийн даатгалгүй, тэнд төрсөн хүүхдүүд бараг 20 нас хүрч буй ч монгол хэл, соёлоосоо хөндийрч байгаа зэрэг асуудал байгааг Ерөнхий консул хэлж байлаа. Тиймд баруун эргийн хотуудад Монголын соёлын төв, дунд сургуульд монгол хэлний анги нээх шаардлагатай байгаа гэсэн юм. Аризона зэрэг зарим мужид цагаачлалын хууль чангарах гэж байгаа нь монголчуудад амьдрах нөхцөл хатуурч мэдэхээр байгаа аж.

Ерөнхий консулын зүгээс хууль бусаар АНУ-д амьдарч буй иргэдээ хууль бус гэсэн нэрээр бус хөдөлмөрийн цагаач гэсэн нэрээр нэрлэж Америкийн холбогдох газруудад ойлгуулдаг гэж байлаа.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж