Жил бүр БСШУ-ны сайдтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж ирсэн бөгөөд энэ жил боловсролын салбарт тулгамдсан 34 асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байгаа гэнэ. Тус яамнаас санаачлан хөөцөлдөж буй боловсролын салбарын албан хаагчдын “5000 айлын орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс бүх талаар дэмжин тусалж, газрын асуудлыг шийдэхээр болсон байна. Удахгүй “Багшийн хөгжлийн ордон”-ыг ашиглалтад хүлээн авснаар нийслэлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, хөгжих, чадваржих нөхцөл бололцоо эрс дээшилж, багш нарын ажлын чанарт ахиц дэвшил гарна гэдэгт итгэж буйгаа ч хотын дарга илэрхийлжээ.
2012 онд нийслэлийн боловсролын салбарт 45,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс дөрвөн сургууль, гурван сургуулийн өргөтгөл, нэг спорт заал, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэх юм байна. Мөн 2,94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 34 сургууль, 33 цэцэрлэг, хоёр спорт заалны засварын ажил хийх ажээ.