Н.Энхбаярыг шөнийн цагаар эмчид үзүүлэхийг хориглосон гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг шөнийн цагаар эмчид үзүүлэхийг хориглосон гэв

Төв аймгийн хорих ангид өлсгөлөн зарласан МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муудсантай холбогдуулан ар гэрийнхнийх нь гаргасан хүсэлтийг үндэслэн түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Түүнийг гэр бүлийнхэнтэй нь уулзаагүй байгаа ажээ. Тиймээс түүний хүү Э.Батшугар, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Н.Энхбаярын туслах Б.Тулга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх н.Эрдэнэжамъян нар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Э.Батшугар ШШГЕГ-ын дарга М.Ганхүүд хандан “Бидний эцэг хүүхэд байх хувь тавиланд ч хагацал тохиолдож мэдэхээр байна. Бид аавдаа хайртай. Хүүгийнх нь хувьд би аавыгаа нэг харая гэж бодсон юм. Би аавыгаа хамгийн сүүлд дахиад л хэвтээ хүнээр дамжуулж явж байгааг нь харлаа. Аавтай минь уулзуулж өгөөч” хэмээн өргөдөл гаргасанаа танилцуулсан юм. Тэрбээр амь нас нь хутганы ирэн дээр байгаа аавд минь нэг минут ч гэсэн үнэтэй гэсээр өргөдлөө өгөхөөр хурлын танхимаас яаран гарсан юм.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Н.Энхбаяр даргын өлсгөлөн зарлаж байгаа нь ард түмэнд хүндээр тусч байна. Маш олон хүн уйлж утсаар ярьж, түүний төлөө санаа зовж байгаагаа мэдэгдсэн. Улс төрийн захиалгаар Н.Энхбаярыг цагдан хорьсон нь нэгэнт тодорхой болсон. Мөн баттай эх сурвалжаар Монгол орны өнцөг булан бүрт байгаа МАХН-ын гишүүдийн нэр, хаяг, утасны дугаарыг нэг бүрчлэн цуглуулж байгаа гэсэн. Тэр цагдаагийн газрын ажилтнаас тодруулахад, МАХН-ын гишүүдийг жагсаал цуглаан хийж, үймээн самуун тарихаас урьдчилан сэргийлж байгаа юм гэсэн. Бид энэ тухай асуудлыг ХЗДХЯ болон ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир нарт мэдэгдэх болно” гэсэн юм.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэжамъян “Өнөөдөр Монголд ямар ч хууль үйлчлэхгүй байна. Эргэлт, уулзалт оруулахгүй байгаа нь манай улсад улс төрийн дарамт хэр хэмжээнд байгааг харуулж байна. Н.Энхбаяр даргыг үзэхээр очсон эмч нарыг гурван цагийн турш хүлээлгэсэн. Үүнийгээ шөнө дунд хорих ангид эмчийн үзлэг хийж болохгүй гэж хуульд заасан хэмээн тайлбарлаж байгаа юм. Бужигнаан болоод эхлэхээр үүрийн гурван цагийн үед эмч нарыг оруулсан гэсэн. Хүн ажлын цагаар үхэх ёстой, ажлын цагаар л эмчид үзүүлэх ёстой гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Манай улсад л байдаг юм шиг байна” гэв.                                       

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж