“Челси” FA Cup-т түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

“Челси” FA Cup-т түрүүллээ

ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович 2003 онд “Челси”-г эзэмших болсноос хойшхи хамгийн тааруу улирал гэгдэж байсан энэ улирлын тоглолт эцэстээ энэ багийн түүхэнд үлдэх гайхалтай цаг үе болж хувирах бололтой.

Хөлбөмбөгийн спортын түүхэнд хамгийн эртний тэмцээн гэгддэг FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолт өчигдөр болж, Премьер лигийн “Ливерпуль” болон “Челси” багууд алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд нүүр тулав. Тоглолт 2:1 харьцаатай Лондонгийн багийн ялалтаар өндөрлөж, “Челси” сүүлийн зургаан жилд FA Cup-ын дөрөв дэх цомоо гардлаа.

Бразили хагас хамгаалагч Рамирес 11 дэх минутад тооны харьцааг нээсэн. Харин тоглолтын хоёрдугаар хагас эхэлснээс хойш долоон минутын дараа Дидье Дрогба тооны харьцааг 2:0 болгосон бол Английн шигшээ багийн ирээдүй гэгдэж буй залуу тоглогч Энди Карролл 64 дэх минутад гоолын зөрүүг ойртуулжээ. Гэхдээ тоглолтын цаг өндөрлөтөл дахин гоол орсонгүй, “Челси” ялагчаар тодорсон байна.

1997 болон 2000 оны FA Cup-ын финалд “Челси”-гийн төлөө гоолдож байсан Ди Маттео тоглолтын дараа “Бид энэ улиралд маш их шүүмжлэлд өртсөн. Ямартай ч бид цомтой боллоо, дахиад нэг цом авах ч боломж байна” хэмээжээ. Тэд тавдугаар сарын 19-нд /Монголын цагаар 20-ны шөнө/ Аваргуудын лигийн аваргын цомын төлөө Германы “Байерн Мюнхен” багтай тоглох билээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж