Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Маргааш сумо эхэлнэ

Тавдугаар сарын 9-нд Токио хотноо эхэлж байгаа зуны башегийн эхний өдрийн барилдаанд шинэ озеки Баруто (Балтийн тэнгис) баруун жигүүрийн хоёр дахь маэгашира Точиношинтай хүчээ үзнэ гэж өнөөдөр Сумогийн холбоо зарлав.

Дөрөвдүгээр сарын 29-нд Когугикан ордонд бүх хүчтэй бөхчүүдийн албан ёсны дасгал сургуулийн тэмцээнд амжилтгүй оролцсоныхоо дараа Баруто бусад дэвжээгээр айлчлан барилдах бэлтгэл хийгээгүй зөвхөн өөрийн дэвжээндээ бэлтгэлээ бацаасан байна. Албан ёсны барилдаанд тэд хоёр удаа учраа таарахад Баруто ялж байжээ.

Ёкозүна Хакухогийн эхний өдрийн оноолт нь комусуби Точиозан болжээ. Озеки Харумафужи комусуби Котошогикутай барилдахаар болов. Энэ жилийн нацу башед зүүний тав дахь маэгишира Ивакиямагаас бусад бүх бөхчүүд оролцох гэнэ.


Баше эхлэхээс өмнө Японы лидер Юкио Хатояма озеки Кайод ерөнхий сайдын Онцлох цолыг гардуулжээ. Озеки Кайо дээд зиндаанд зуун башег барилдсан ойг нь үнэлэн энэ шагналыг гардуулсан байна. “Олон тооны саад бэрхшээлийг туулан жинхэнэ гавъяа байгуулж, үндэсний спортыг алдаршуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж Хатояма Кайог үнэлэн онцлов.

Ерөнхий сайдын онцлох шагналыг 1966 онд бий болгосон ба XXI зуунд ерөнхий сайдын шагналыг Кайогоос гадна Японы сансарын нисгэгч Коити Ваката авсан байна. Өнгөрсөн зуунд уг шагналыг 18 хүн авсан ба тэдний тоонд олимпийн олон аваргууд, сансрын нисгэгчид ба Японы хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч байсан Зико мөн онгоц барьцаалах гэсэн явдлыг таслан зогсоосон нисэгч оржээ.

Японы ерөнхий сайд нь Эзэн хааны адил мэргэжлийн сумогийн ивээгч болдог. Башед түрүүлэгч Эзэн хааны цомын дараа Ерөнхий сайдын цомыг гардан авдаг билээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж