Чуулганд УИХ-ын дэд дарга, Монголын шинэ тосгон хөдөлгөөний Хүндэт ерөнхийлөгч Г.Батхүү, БНСУ-ын Кумин хотын Шинэ тосгон хөдөлгөөний тэргүүн Ким Ён Жун, хөдөлгөөний санаачлагч, тус улсын хөдөлмөрийн баатар Ха Са Ён тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. УИХ-ын дэд дарга, Монголын шинэ тосгон хөдөлгөөний Хүндэт ерөнхийлөгч Г.Батхүү чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Хамтарч, хөдөлмөрөө хоршвол эгэл энгийнээс аугаа том зүйлийг бүтээж болно гэдгийг Шинэ тосгон хөдөлгөөний туршлага харуулдаг. Өнөөдөр Зүүнхараачууд “Хараа нутгаа хөгжүүлэх” шинэ тосгон холбоогоо бие даан байгуулж байгааг их хөдөлмөрлөж, илүү сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилготой гэж харж байна” гээд “Хүн сайхан амьдрал, ирээдүйгээ өөрөө бүтээдэг. Хэн нэгэн ирээд сайхан амьдрал өгөхгүй. Тиймээс иргэд хамтдаа сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж амжилтад хүрэх ёстой. Боломж гэдэг хязгааргүй. Гэвч ашиглаж чадахгүй бол хэчнээн аугаа боломж байгаад үр дүнгүй. Харин Зүүнхараачууд ийм боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, амжилтад хүрэх үлгэр жишээг харуулж чадсан”-ыг онцоллоо.
Тэрбээр Монголын баг, сумдын үндэсний холбоог санаачлан байгуулж, Ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хорооны хөгжил, тэнд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэхгүйгээр улс орны хөгжлийн асуудлаар шийдэлд хүрнэ гэдэг бэрх. Төрийн бодлого, төрийн үйлчилгээ баг, хороо, суманд байгаа айл өрхийн хаалгаар орж, иргэн бүрийн амьдралд наалдах учиртай. Монголын баг, сумдын холбооны хувьд энэ зорилгод чиглэн ажиллаж байгааг энэ дашрамд дуулгамаар байна.
Чуулганы үеэр Монголын шинэ тосгон хөдөлгөөний Хүндэт тэмдгээр Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэчимэг, Засаг дарга Б.Цээпэлдорж нарыг шагнасныг гардуулсан юм. Зүүнхараа хотынхон 2007 онд БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөнийг нутагтаа өрнүүлж эхэлжээ. Үүнээс хойш өөрсдийнхөө хандив, хүчээр 13 км бетонон зам тавьсан байна. Мөн энэ жил 20 км явган хүний зам тавихаар төлөвлөжээ. БНСУ-ын Инчон хотын Шинэ тосгон хөдөлгөөнөөс Мандал суманд 2007 онд 10, 2008 онд 13 мянган ам.долларын хөрөнгө оруулсан нь бүтээн байгуулалтын эхлэлийг тавьсан аж. Түүнчлэн шинэ тосгон хөдөлгөөний дэмжлэгээр 4950 өрхөд тус бүр 20-25 жимсний мод өгөхөөр болжээ.
БНСУ-ын Кумин хотын хувьд Шинэ тосгон хөдөлгөөнийг өрнүүлснээр хөгжлийн өндөр төвшинд хүрснийг хүндэт зочин Ким Ён Жун өгүүлээд цаашид “Хараа нутгаа хөгжүүлэх” шинэ тосгон холбоонд төрийн дэмжлэг чухлыг хэлсэн юм. Кумин хот өдгөө 2000 гаруй үйлдвэртэй, 450 гаруй мянган оршин суугчтай, жилд 350 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог, хүн амынх нь дундаж орлого 40 мянган ам.долларт хүрчээ.