Зургаан дүүрэгт замын ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Зургаан дүүрэгт замын ажил эхэллээ

Замын ажил Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим байршилд энэ долоон хоногт эхэлсэн юм. Харин бусад дүүрэгт хийх замын ажил өнөөдөр эхэлж байна. Нийт зургаан дүүргийг хамрах замын ажлыг хийж тендерээр шалгарсан 22 компани хийж гүйцэтгэнэ. Энэ жил Хөгжлийн банкны санхүүжилттэй нийлээд 114 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар зам барилгын ажлыг хийх юм байна.

Харин нийт 144 км-ын замын ажлыг хийх бөгөөд 37 км замыг шинээр, 107 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн энэ жил хоёр уулзварыг өргөтгөн шинэчлэх, нэг нүхэн гарц шинээр барьж,  38 замд 25 мянган шоо метр талбайд нөхөөсийн ажлыг хийх гэнэ. Ерөнхийдөө 2014 он хүртэл баригдах замын ажил нийтдээ 60 байршлыг хамрах ажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр замын ажлыг хийхтэй холбогдуулан гүйцэтгэгч компаниудад хөдөлмөр хамгаалал, замын чанаржилтыг замын барилгын ажилдаа сайтар анхаарахаас гадна нийслэлийн иргэдийн тавтай тухтай байдлыг харгалзан үзэж, замын ажлыг аль болох шөнийн цагаар хийж байхыг үүрэг болгосон юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж