мэдээлэл хүргэх үүднээс бид БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний
төвтэй хамтарч, ерөнхий шалгалтын бүртгэл, элсэлтийн журмын талаар та
бүхний сонирхсон асуултад хариулж байгаа билээ.
-Элсэлтийн шалгалтад орохдоо юуг илүү анхаарах вэ?
-Шалгалтад орохдоо элсэгчид анхаарвал зохих хэд хэдэн зүйл бий.
Тухайлбал, элсэгчид бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайлан
луйврын гүйлгээ хийсэн тохиолдолд, мөн шалгалтад өөрийнхөө оронд хүн
оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тухайн
шалгуулагчийн бүртгүүлсэн бүх шалгалтыг хүчингүй болгож хоёр жилийн
хугацаагаар шалгалт өгөх эрхийг нь хасдаг.
Мөн шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны
хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, толь бичиг, компьютер
зэрэг бусдад саад болох зүйл авч орохыг хориглодог. Зарим хүүхэд үүнийг
мэдэхгүйгээсээ болж, шалгалт өгөх эрхээ хасуулдаг. Тиймээс эдгээр
зүйлийг санахад илүүдэхгүй.
Түүнчлэн шалгалт өгөхдөө хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл
цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөнө гэсэн
дүрэм, журам элсэлтийн шалгалтад үйлчилдэг.
Шар хуудсыг ирэх сарын 2-ноос тараана
-Элсэгчид шар хуудас буюу суудлынхаа хуваарийг хаанаас, хэзээ авах вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хамрагдсан хүүхдүүд суудлын
хуваарь, хаана ямар ангид шалгалт өгөх тухай мэдээллийг багтаасан шар
хуудсаа зургадугаар сарын 2-ноос авна. Одоо сурч буй хүүхдүүд Боловсрол,
соёлын газраар дамжуулж авна.
Харин өмнөх онд төгссөн хүүхдүүд манай төвөөс заасан газраас авна. Энэ
талаархи мэдээллийг бид тухайн үед нь хэвлэл мэдээллийн, хэрэгслээр
нийтэд мэдээлнэ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд мөн энэ хэлбэрээр шар
хуудсаа авна.
Иргэний үнэмлэх аваагүй бол лавлагаа авчирна
-Шалгалтад орохдоо хүүхдүүд ямар бичиг баримттай ирэх вэ?
-Шалгалт өгөхөөр ирэхдээ элсэгчид дараах материалыг бүрдүүлэн шалгалтад
орно. Үүнд иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, баталгаажсан
бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хаана ямар ангид
шалгалт өгөхдөө суудлын хуваарьтайгаа ирэх ёстой. Хэрэв иргэний үнэмлэх
авах насанд хүрээгүй буюу 2012 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16
насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа Засаг
дарга эсвэл сурч буй сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар
баталгаажуулсан зурагтай лавлагаа авчирна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин