Анх Цагдаагийн ерөнхий газраас санаачлан МҮОНТ-ийн уран бүтээлчдэд санал болгосноор өнгөрсөн оны тавдугаар сараас тус киноны “мотор дуугарч” эхэлсэн юм. Тус киноны зохиолыг зохиолч, сэтгүүлч М.Наранцогт бичиж, ерөнхий найруулагчаар Н.Байгаль, ерөнхий зураглаачаар Н.Азжаргал, редактор Ч.Мөнхзул, гүйцэтгэх продюссер Л.Эрдэнэтуяа гээд телевизийн таван эмэгтэй уран бүтээлчийн удирдахуйн ур ухааныг сорьсон бүтээл болж буйгаараа онцлогтой. Эдгээр бүсгүйчүүд ард түмний амар тайван амьдралын энхийн манаанд амь биеэ үл хайрлан зүтгэж буй цагдаа хүмүүсийн ажил, амьдралын онцлог талуудыг голлон харуулахаас гадна, цагдаа хүний дотоод сэтгэл рүү илүү ойртсон, эмзэг талуудыг хөндсөн бүтээл болгохоор зорьжээ.
Киноны зураг авалтын 30 хувийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрыг түшиглэн хийсэн бөгөөд тус аймгийн Биндэр суманд киноны гол хэсгийн зураг авалтыг хийж, мөн Өмнөговь аймаг, Дархан хот зэрэг газруудад үлдсэн зураг авалтуудаа хийжээ.
Уг олон ангит киноны үйл явдал хотод төрж өссөн үе тэнгийн дөрвөн залуу Цагдаагийн академийг дүүргэж буйгаар эхэлдэг аж. Шинэхэн офицерууд ажил амьдралын гараагаа эхлүүлж аймгуудад хувааилагдана. Тэдний нэг нь Хэнтий аймагт ирснээр Цагдаагийн газрын даргаас үүрэг аваад Биндэр суманд ажиллахаар томилогдож киноны үйл явдал өрнөнө. Баримт түшиглэн уран сайхны аргаар баяжуусан уг кинонд “Хавтайн балгас” хэмээх зохиомлоор бий болгосон газраас соёлын үнэт өв, хэрэгсүүр алдагдаж түүний мөрөөр залуу цагдаа орсноор үйл явдал үргэлжилнэ. Сонирхуулахад, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн жинхэнэ утгаараа гүйцэтгэж байгаа ажил үүргийнхээ дагуу тухайн кинонд нэмэлт хүч болон оролцон тогложээ.