
Арлын оронд мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ Монгол орныхоо нэрийг дуурсгаж яваа өнөө цагийн хүчтэнүүд үндэсний бөхийн аварга, арслангуудын эсрэг сагсан бөмбөгийн талбайд “тулалдах” гэж байна. Их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын тэргүүтэй сумочид тавдугаар сарын башё өндөрлөмөгц эх орондоо ирэх юм. Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын барилдаан 6-20-нд болох бөгөөд сумочид 21-нд Монголд ирж, 23-нд сагсан бөмбөгийн талбайд үндэсний бөхийн цолтнуудтай өрсөлдөх ажээ. Энэ өдөр зөвхөн сагсан бөмбөгийн өвөрмөц тоглолт болоод зогсохгүй улстөр, бизнес, нийгэм, урлаг соёл, спорт гээд бүхий л салбарын шилдгүүдийн холимог оддын тоглолт зохион байгуулах юм. Түүнчлэн тэмцээнд оролцогчдын дунд слэм данкийн тэмцээн, мөн сумочид болон үндэсний бөхчүүдийн хэн нь хурдан бэ зэрэг сонирхолтой шоу, тэмцээн болохоос гадна үзэгчдийн дунд сюрприз дагуулсан олон тэмцээн хүлээж байна. Ялагчдад домогт сагсан бөмбөг Майкл Жорданы гарын үсэг бүхий сагсан бөмбөг, Двейн Уейдийн гарын үсэгтэй өмсгөл дурсгах гэнэ.
“Их Монголын алтан одод-2” тэмцээнийг “TLG-13” Төрийн бус байгууллага, “Хакухо” сан, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Мон лаа” компани хамтран зохион байгуулна. Ингэхдээ тэмцээнээс олсон орлогыг 100 хувь буяны үйлст зориулах ажээ. Мөн нийслэлийн хүүхэд залуучуудын төвтэй хамтран эмзэг бүлгийн, халамжийн 1800 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх юм байна.
Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй хүчтэнүүд өмнө нь 2005 онд “Их Монголын алтан одод” нэртэй сагсан бөмбөгийн шоу тоглолтыг зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаагийн тоглолтыг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40, Монгол хүн мэргэжлийн сумогийн дэвжээнд барилдаж эхэлсний 20 жилийн ойд зориулж байгаа ажээ. Шоу тоглолт тавдугаар сарын 23-нд Бөхийн өргөөнд болно.
С.Цэлмэг