– Аймаг "Өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулбал?
– Аймгийн Засаг даргын 133 тоот захирамжаар зургаан бүлэгтэй 48 ажил, арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна. Сум болгон зарласан жилийн ажлын төлөвлөгөөтэй байгаа. Бид сумдын Засаг дарга нар болон сумын нийгмийн ажилтнуудыг хамруулсан “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулах сургалт зохион байгуулж, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг дуусгасан. Жилийн ажлын хүрээнд өрхүүдийн дунд явуулсан судалгааг үндэслэн энэ онд амьжиргааг дээшлүүлэх шаардлагатай 478 өрхийг сонгон зорилтот бүлгүүдийг дэмжин ажиллаж байна.
-Энэ ажлын хүрээнд он гарсаар ямар ажил амжуулаад байна вэ?
-Төлөвлөсөн ажлууд эхнээсээ амжилттай хэрэгжиж байна. Ажил олгогчоос ирүүлсэн 88 ажлын байранд 88 хүнийг ажилд зуучлан ажлын байртай болголоо. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж авах шаардлагатай 662 иргэнд 25.2 сая төгрөг олгосон. Жавхлант, Хэрх, Номгон суманд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээгээр үхэр өсгөх, хүнсний ногоо тариалах, боловсруулах төсөлд найман өрх хамрагдан 3.4 сая төгрөгийн санхүүжилт олгож, 23 өрхийн амьжиргааг дээшлүүллээ. Аймгийн хэмжээнд хишиг, хувь хүртээх ажилд нийт 109291 иргэнд 7038.8 сая төгрөг олгогдоод байна.
– Аймаг өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр нилээдгүй ажил арга хэмжээ авч байгаа…
– Сэлэнгэчүүдийн хувьд өрхийн үйлдвэрлэл гэдэг брэнд болчихсон зүйл. Аймгийн хэмжээнд “Үйлдвэрлэгч өрх-2012” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөл ирүүлэх тухай аймгийн Засаг даргын албан бичгийг бүх суманд хүргүүлэн, ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг хийж байна. Аймгийнхаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгааг нарийвчлан гаргах ажлыг эхлүүлсэн.
“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд сумдаасаа мөн л төсөл авч, сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа. Төмс, хүнсний ногоо тариалагч иргэдэд зориулсан ”Итгэлийн зээл” олгох судалгаа тооцоог гаргаж, урьдчилсан дүнгээр 400.0 сая төгрөгийг сумдад хуваарилахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
“Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар суманд чацаргана тариалах хүсэлтэй иргэдийн төслийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аймгийн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас нэгдүгээр улирлын байдлаар 84 иргэн, аж ахуйн нэгжийн төсөлд 1.3 тэрбум төгрөгийн зээлийг олголоо.