”Япончууд маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан”

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

”Япончууд маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан”

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Найдандорж хэд хоногийн өмнө Б.Галааридын
зохиол "Эсрэг дурлал" жүжгийг найруулж үзэгчдийн хүртээл болгосон билээ.
1000 гаруй жилийн өмнөх Японы соёл, ёс заншлыг харуулсан хариуцлага
шаардсан жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьсан нь түүний
хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Тиймдээ ч уг жүжиг үзэгчдээс өндөр
үнэлгээ аваад байна. Энэ талаар найруулагч Ч.Найдандоржтой ярилцлаа.

-Та Японы романаас сэдэвлэн монгол хүний бичсэн жүжгийг найруулж
монголын тайзнаа анх удаа тавилаа. Энэхүү эртний японы зан заншил,
соёлыг итгэл үнэмшилтэй найруулан тавьсан танд талархах хүмүүс олон
байна. Хүнд хийгээд гайхамшигтай жүжгийг найруулах санаа хэрхэн төрөв?

-Гурван жилийн өмнө Тунгалаг гэж манай театрт байсан менежер бүсгүй
Жаргалсайхан орчуулагчийн орчуулсан эхний дэвтрийг надад уншуулсан юм.
Тэр үедээ япон жүжиг хийвэл та сонирхох уу, бид төслийн хэмжээнд хийх
гэсэн юм, төсөл хийгээд хөөцөлдөх юм бол болохгүй юм байхгүй гэсэн санал
тавьсан юм л даа. Тэгээд зохиолыг унштал тухайн үед надад маш хүнд
санагдсан. Яагаад гэвэл их эртний Японы жүжиг учраас би барахгүй, харин
жүжгийн зохиолчдод хандаад зохиол болгоод аваад ирвэл уншиж үзэж байгаад
шийдье гэсэн хариу өгсөн.

Гэтэл өнгөрсөн жил Б.Галаарид зохиолчийн бичсэн "Гэрэлт гэнжийн дурлал"
романаас сэдэвлэж бичсэн зохиолыг бариад ирсэн. Бид жүжгийн зохиол
болгочихлоо, төсөлдөө үнэнч явж байгаа, бас таниар найруулуулна гэсэн
санал дээрээ үнэнч байгаа, та энэ жүжгийн зохиолыг уншаад үз гэлээ.
Бахархууштай нь манай Галаарид үнэхээр жүжгийн зохиол болгож чадсан
байсан. Тэгээд Монгол Японы хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 40
жилийн ой тохиож байгаа учраас биднийг дэмжих хүн олдох байх, хамтдаа
хийе гэхэд нь би зөвшөөрсөн. Урлагийн салбарт япон шиг хөрөнгө оруулсан
улс байхгүй.

Манай монголын урлагийн байгууллагууд техник тоног төхөөрөмжийн хувьд
маш их хоцрогдсон байсан. Гэтэл драмын театр, хүүхэлдэйн театр болон
бусад урлагийн байгууллагын техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, XXI
зууны түвшинд авчрах тал дээр японы засгийн газар ямар их туслалцаа
үзүүлснийг бид мартаагүй. Тиймээс энэ ойн хүрээнд манай урлагийн
салбарынхан чимээгүй өнгөрч болохгүй гэдэг саналыг надад удаа дараа
хүмүүс тавьсан. Нэгэнт Галааридын зохиол надад таалагдсан учраас энэ оны
нэгдүгээр сарын 5-нд дүрийн хуваарилалтаа хийгээд анхны жүжгийн
зохиолоо уншаад ажлаа шуурхайлсан даа, Жүжиг дээр ажиллах дөрвөн сарын
хугацаанд ивээн тэтгэгч хайсан, уран бүтээл дээрээ судалгаа задаргаа
хийсэн.

Энэ жүжиг УДЭТ-ын хувьд хугацаа шаардсан том сорилт байлаа. Дорно дахины
мэдрэмж шаардсан том бүтээлийг хийнэ гэдэг театрын хувьд хариуцлагатай
ажил. Уран бүтээлчид маань ч эрэл хайгуул хийж зохиол дээрээ ажилласан.
Зохиолоо хэд хэдэн удаа зассан. Хамгийн сүүлд гуравдугаар сарын сүүлээр
Б.Галааридад гурван хоногийн дотор энэ засварыг хий гэж тулгасан чинь
Б.Галаарид намайг машин гэж бодсон юм уу гэсэн шинжтэй их гайхсан.
Тэгээд мань эр чадлынхаа хэрээр бичнэ гэсэндээ хүрээд бичээд ирсэн. Тэр
бүхэн нь сэтгэлд хүрсэн.

Нөгөөтэйгүүр тайз хувцас, жүжигчдийн судалгаа, япон соёлыг эзэмших ажил
үндсэндээ жигдэрч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд жүжгээ хүлээлгэж
өглөө. Энэ жүжгийг амилуулахад Японы Элчин сайдын яам бидэнд маш их
дэмжлэг үзүүлсэн. Ийнхүү хамтын бүтээл маань үзэгчдэдээ хүрлээ.

-Энэ жүжгээс үзэгчид юуг таньж мэдэх вэ?
-Энэ жүжгээс Монголын үзэгчид Японы соёлын өвтэй танилцах, тэр дундаа
одоогоос 1000 гаруй жилийн өмнө манай Монголын нууц товчооноос 200 гаруй
жилийн өмнө бичигдсэн дорно дахины хүн төрөлхтөний оюуны том өмчтэй
танилцана гэдэг манай үзэгчдийн хувьд маш том аз завшаан гэж хэлж болно.
Үүний гүүр болж байгаа гэдгээрээ манай театрын уран бүтээлчид маш
хариуцлагатай хийх ёстой. Ялангуяа өөр үндэстний сонгодог бүтээлийг
хийнэ гэдэг маш хэцүү. Яагаад гэвэл Японы ард түмний соёл заншлыг
мэдэхгүй байж бид энэ жүжгийг тавих эрх байхгүй. Наад зах нь япон хүн
орж ирээд сэтгэл дундуур гарч болохгүй шүү дээ.

Япон хүн үзээд хүлээн зөвшөөрөхөөргүй бүтээл өчүүхэн ч хийж болохгүй.
Энэ бол энэ уран бүтээл дээр ажилласан уран бүтээлчдийн хамгийн анхны
шаардлага байсан. Дээр нь олон жилийн өмнөх япон хүний соёлыг маш
нарийнаар гаргаж өнөөдрийн XXI зууны үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдтөл хийнэ
гэдэг нь ч адармаатай асуудал. Өнөөдрийн Японы театрын түвшин ямар
хэмжээнд тэд ""Гэрэлт гэнжийн дурлал"" туульс романаараа юу хийсэн юм,
тэр болгоныг олж мэдэж, юуг нь бид тэндээс харах ёстой юм, юуг нь илүү
хийх ёстой юм бэ гэдгээ хамгаас илүү мэдрэх ёстой.

Тэгээд ч манай театр академик театр учраас судалгаа шинжилгээ цаашилбал
уран бүтээлийн оюунлаг тал нь давамгайлж байх ёстой. Түүнээс зөвхөн
авьяасаар асуудлыг шийддэг газар биш. Тийм учраас энэ нэрийг хадгалж
ажиллах нь өнөөдрийн уран бүтээлчдийн хариуцлага байх ёстой. Тэгж ч
бодож энэ хугацааг уран бүтээлдээ зориулсан. Энэ утгаар уг жүжгийг японы
хөрөнгө оруулалттай Монголын урлагт элэгтэй пүүс, компаниудын
дэмжлэгээр УДЭТ дорно дахины сонгодог бүтээлийн урын санд оруулж чадлаа.
Үүнийг том алхам, том амжилт гэж бодож байна.

-Мэргэжлийн хүмүүс болон үзэгчдээс ямар үнэлгээ авсан бэ?
-Жүжгийг маань Японы Элчин сайд, Элчин сайдын яамны ажилтнууд ирж үзсэн.
Бидний найз япончууд ч ирж үзсэн. Тэд "Гэрэлт гэнжийн дурлал" жүжгийг
өөрийнх нь биш үндэстэн драмын жүжиг болгож хийж байгаа анхны тохиолдол
гэдгээ хэлсэн. Үүгээр бид бахархах ёстой. Монгол зохиолч жүжгийн
зохиолыг бичсэн гэдэг утгаараа гайхамшигтай. Ийм зохиомж хаана ч
байхгүй. Хоёр ард түмний соёлын харилцаа, бие биенээ таньж мэдэхэд үүрэг
гүйцэтгэхээс гадна бусад уран бүтээлчдийнхээ өмнөөс нүүр улайхааргүй
бэлэг барьжээ гэж бодож сууна. Тиймээс энэ уран бүтээл дээр ажилласан
баг тухайлбал хөгжим маш сайхан болсон.

Хөгжим дээр япончууд маш өндөр сэтгэгдэлтэй байна лээ. Бас уран
бүтээлчид болон үзсэн үзэгчид өндөр сэтгэгдэлтэй байгаа. Тайзны шийдэл
сайн болсон гэж бидний Япон зөвлөх "Үүнээс илүү жүжгийн тайз бий гэдэгт
би итгэхгүй" гэж маш томоор үнэлсэн. Дүрүүд маань ч сайхан болсон учраас
найруулагч хүний хувьд сэтгэл хангалуун байна.

-Манай үзэгчдийн хувьд Японы анхны үндэсний түүхэн жүжгийг эх орондоо үзнэ гэдэг асар том боломж шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Япон зан заншил, хүний араншин онцлогийг сайн судалж
хийсэн учраас үзэгчдэд сонин санагдсан нь уран бүтээлч бидэнд
мэдрэгдсэн. Энэ байдал тоглолтын дараа жүжигчид амсхийгээд байж байхдаа
ярьж байгаа ярианаас нь ажиглагдаж байсан. Үзэгчид өрнийн, монголын
жүжиг үзэхэд нижигнэтэл алга ташдаг. Гэтэл алга ташмаар байсан ч алгаа
ташихгүй анхаарал нь төвлөрч сонирхож үзэж байсан учраас өөр мэдрэмж
үзэгчдэд байна гэж уран бүтээлчид маань ярьж байна лээ.

Энэ нь тийм байхаас ч аргагүй, Яагаад гэвэл япон хүний дотогшоо хийж
байгаа бясалгал, сэтгэлгээ нь 100 хувь батлагдсаны дараа амаараа дамжиж
гадагш гардаг жүжигчдийн тоглолт үзэгчдэд тэгтлээ нөлөөлж байгаа байхгүй
юу. Эндээс үзэгчдийн хүлээн авалт амьд, жүжгийнхээ үйл явдалд тэгтлээ
уусан орж анхаарал нь төвлөрч байна гэдэг бидний зорьсон хүсэл биеллээ
оллоо гэж үзэж болох юм.

-Энэ жүжиг нэлээд удаан хугацааны ажиллагаа шаардсан. Таныхаар
жүжгийн хугацаа шаардах үгүй нь зохиолын хүнд хөнгөнөөс шалтгаалах уу?

-Жүжгийнхээ хүнд хөнгөнөөс шалтгаална. Дэлхийн театрын түүхэнд зарим
жүжгийг бүтэн жил ч хийх тохиолдол бий. Мэдээж жүжгээ бэлтгэх бүх график
гарсан байх ёстой. Энэ нь тухайн уран бүтээлийг чанартай болгохын төлөө
хийгдэж байгаа шаардлага юм.

-Энэ жүжигт ихэвчлэн залуу жүжигчид тоглосон. Бүр тодруулбал
зарим жүжигчид анхны гол дүрээ бүтээлээ гэж бахархалтай ярьж байсан.
Магадгүй энэ нь залуу жүжигчдээ дэмжиж байгаагийн нэг илрэл байх. Нөгөө
талаар сэтгэлдээ багтах жүжигчдийг найруулагч хүний нүдээр сонгосон уу.
Бас өнөөдөр залуучууд нэг гайгүй жүжигт тоглоод олонд танигддаг болж.
Энэ найруулагч хүний ажлын үр дүн үү?

-Уг жүжиг өөрөө бичиглэл ихтэй, насны хувьд манай театрын дунд болон
түүнээс хойшхи үеийг хамарсан зохиолтой юм л даа. Ийм насны уран
бүтээлчдийг хамарсан том хэмжээний сонгодог бүтээл тэр болгон театрт
олддоггүй. Тийм учраас энэ боломжийг театр ашиглах ёстой. Нэг талаас
ямар ч уран бүтээлийг уран бүтээлч өөрөө дурлаж сонирхож байж үр дүнд
хүрдэг жамтай.

Нөгөө талаас манай театрын найруулагчдын групп 2012 оныг жүжигчдээ
дээдлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд би жүжигчдээсээ энэ жүжгийн аль
дүрд тоглох сонирхолтой байна гэдэг саналаа цаасан дээр бичиж өг гэсэн
юм. Тэр саналыг би нэлээн сайн нягталж байж уран бүтээлчдээ сонгосон.
Хоёр тусдаа групп зэрэг бэлтгэж ажилласан. Ингэж ажиллахад найруулагчийн
хувьд маш том хүнд ачааг үүрч байлаа. Өөрөөр хэлбэл нэг ажлаа хоёр
хийсэн гэсэн үг.

Зөвхөн найруулагчийн төдийгүй манай тайз, гэрэл хувцас бүх арын албаны
ажилтнууд ч их ачаалалтай ажилласан. Гэлээ гээд манай уран бүтээлчид,
ажилчдаас ажлаа бэрхшээж хэн ч гомдол гаргаагүй. Тийм ч учраас энэ уран
бүтээл үнэ цэнэтэй болж чадсан. Сэтгэлээсээ дурлаж хийсэн болохоор уран
бүтээл чанартай болохын үндэс ч болсон гэж бодож байгаа. Энэ хэмжээгээр
уран бүтээлийн маань чадвар ч өссөн.


-Таны "Сарны цагаан хус" жүжиг нэг үе үзэгчдийг шуугиулж байсан. Энэ
утгаар та драмын олон жүжгийг амилуулж үзэгчдийн хүртээл болгосон
байдаг. Энэ бүхэн танд омогшил догдлолыг авчирдаг болов уу гэж бодох юм?

-Найдандорж гэдэг хүний хийж байгаа бүтээл тухайн цаг үеийнхээ шаардлага
хэрэгцээг хангаж мэргэжлийн түвшинд байна гэдэг нэр төрийн хэрэг юм.
Хэрэв тэр түвшинд хийж чадахгүй бол миний хувьд гутрал болж хувирна.
Түүнээс омогшоод цээжээ дэлдээд байдаггүй. Хүмүүс уран бүтээлийг сайнаар
хүлээж авах бүр эргээд надад тэжээл болдог. Тэр тэжээл маань надад
хариуцлага үүрүүлдэг. Басхүү дараагийн уран бүтээлийг Найдандоржоо чи
үүнээс муу хийж болохгүй шүү гэсэн аймшгийг авчирдаг. Энэ үүднээс би
өөрт байгаа мэдлэг, оюуны авьяасын бүх нөөц, эрч хүчээ хийж байгаа уран
бүтээлдээ бүгдийг нь шавхаж байж сэтгэл амардаг хүн. Ер нь бидэнд уран
бүтээлээрээ өвчлөнө гэж үг байдаг. Шөнө унтахдаа ч бүтээлээ зүүдэлж,
өглөө босоод үргэлжлүүлэн бодож, үргэлж тархиндаа эрэл хайгуул хийж,
түүгээрээ амьдарч, амьдралын туршид бодож явахыг уран бүтээлээр өвчлөх
гэдэг юм.

Д.Нэргүй
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж