Монгол Улсын төр зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоонд нийцүүлэн улс орноо бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалаа тодорхойлсноос хойшхи өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бүсчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг цогцоор нь бүрдүүлж, түүнийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр багагүй хүч чармайлт гарган, тодорхой ахиц дэвшил гарч байгааг зориуд тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд төв, орон нутгийн төр засгийн байгууллагууд, иргэдийн хичээл зүтгэл, идэвхи санаачилга дээр манай эрдэмтэн, судлаачдын хувь нэмэр нэмэгдэх болсон нь сайшаалтай. 2009 оноос хойш жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүсчилсэн хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, бүсүүдийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүд, түүнийг даван гарах арга замыг тодорхойлох талаар бүтээлчээр шүүн хэлэлцэж байна.
Энэ удаад Монгол Улсын бүтээн байгуулалтын өргөн талбар болж байгаа Төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн зангилаа асуудлуудыг хэлэлцэхээр тус бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Хүндэт зочид оо,
Монгол Улсын өнөөгийн хөгжилд тулгамдаж буй олон зангилаа асуудал, тухайлбал хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хүн амын зохисгүй бөөгнөрлийг задлах, төврүү чиглэсэн хөдөлгөөнийг зогсоох, хөгжлийн түвшинг ойртуулах зорилтуудыг шийдэхийн тулд бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг улам гүнзгийрүүлэх шаардлагатай байна.
Бүс нутаг, түүний баялаг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхид тулгуурлан бодлого, зорилтоо оновчтой төлөвлөн, хэрэгжүүлж чадвал бүс бүрийн болон түүнд багтаж буй аймгуудын хөгжлийг түргэтгэх өргөн боломж байгааг бид Төвийн бүсийн жишээн дээр харж болохоор байна.
Төвийн бүс нь хамрах аймгийн тоо, Монгол улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр, эзэлж байгаа байр сууриараа ихээхэн онцлогтой.
Энэ бүс нутагт дэлхийд данстай томоохон уул уурхайн үйлдвэрүүд байгуулагдаж, тэдгээрийг дагалдсан шинэ шинэ бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна.
Төвийн бүсэд Монголын түүхэнд анх удаа нүүрс, төмөр, зэс, молибден олборлох, болосвруулах аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх гэж байна. Сайншандад энэхүү аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдснаар дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, эдийн засгийн төрөлжилт бий болох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахаас гадна гадаад зах зээлд нийлүүлэн, бүсийн төдийгүй, үндэсний хэмжээнд өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм. Эцсийн дүнд эндээс Монголын эдийн засаг өсөх, цаашдаа ард иргэдийн амьжиргаа дээшлэх өргөн боломж, үүд хаалга нээгдэж байгаа юм.
Төвийн бүсийг шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан хөгжүүлэх, бие даасан, нээлттэй хамтын ажиллагаатай, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүс болгоход тухайн бүсийн аймгуудын удирдалгуудын санаачлага, сэтгэл, зүтгэл, зориг самбаагаас ихээхэн шалтгаалах болно.
Нөхдөө, хөгжлийг дагаж Та биднээс шинэ хандлага, шинэ бодлого шаардсан олон асуудал шинээр гарч ирж байна.
Төвийн бүсийн бүтээн байгуулалтыг зарим аймагт Би газар дээр нь очиж өөрийн нүдээр харсан.
Бахрахмаар ч зүйл олон байна. Сэтгэл эмзэглүүмээр ч зүйл багагүй байна.
Эдгээр сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудын цаана нарийн учир шалтгаан байгаагаас гадна шийдвэрлэх өвөрмөц онцлог, гарах гарц байгаа нь ойлгомжтой.
Шийдлээ хүлээж байгаа асуудлуудыг тунгаан хэлэлцэж оновчтой арга замыг олж тодорхойлоход тус эрдэм шинжилгээний хурал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.
Эрдэм шинжилгээний хуралд өндөр амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ