Эхийн харшламтгай байдал хүүхдэд удамшдаг

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Эхийн харшламтгай байдал хүүхдэд удамшдаг

Хаврын улирал эхлэнгүүт л зарим хүн "Яана даа өвс ногоо ургаж
эхэллээ" нөгөө хамар битүүрч, нус нулимстайгаа холилдон, толгой өвдөж,
нойргүй хонох нь энүүхэнд боллоо гэж халаглаж эхэлдэг.

Хүмүүсийг ийм байдалд хүргэдэг хүчин зүйл нь ургамлын болон тоосны
харшил юм. Манайд одоо бургас, хус, улиасны тоосоо гүвэх цаг эхэлж
байна. Энэ үеийг хаврын тоосжилт буюу ургамлын тоосны харшлын нэгдүгээр
үе гэдэг.

Энэ талаар ЭМШУИС-ийн багш, дэд профессор Н.Раднаахандтай ярилцлаа.
Тэрбээр Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшээд, дараа нь Австри,
Герман, Болгар, ОХУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн. Харшлын эмчээр 26
жил ажиллаж буй. Тэрбээр хүүхдийн харшлын эмч олныг бэлтгээд байгаа
туршлагатай нэгэн юм.

-Одоо ид харшлын улирал эхэлж байна. Мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-Улаанбаатар хотын хувьд харшлын өвчин багасах улирал бараг алга болж
дээ. Яагаад гэвэл өвлийн агаарын бохирдлоос болж ханиаж багтарч байгаад
арай гэж агаарын бохирдол багасч, зун болж зүлэг ногоорч, модод нахиалж
эхлэхэд ургамлын харшил эхэлдэг. Гэхдээ хүмүүсийн харшил хамгийн их
хөдөлдөг үе нь долдугаар сарын 20-ноос есдүгээр сарын эхэн хүртэлх
хугацаа юм.

-Мод ногоорч, зүлэг ургах нь тавдугаар сарын дундаас эхэлдэг байтал яагаад долдугаар сарын дундаас харшил ихэсдэг юм бол?
-Зуны харшлыг хөдлөлийн оргил үеэр нь хаврын, зуны, зун намрын гэсэн
гурван оргил үе байх боловч зуны сүүлч болох долдугаар сарын дундаас
шарилж луулийн тоосоо гүвэх үе эхэлдэг. Шарилж луулийн тоос харшил
үүсгэх чадвараар бусад ургамлаас илүү. Зүлэг ногоогоо тайрч торддоггүй
манай хотынхонд тохирсон, ер нь л арчилгаа голдоггүй ургамал болохоор
бусад ургамлыг бодвол их хэмжээгээр тархан ургаж харшил үүсгэдэг юм.
Улаанбаатар хотод эр улиасны тоос агаарт дээд цэгтээ хүрэх үе бол
тавдугаар сарын 20-ноос 30 хүрэх хугацаа юм.

Харин эм улиасны цэцэглэх үеэр гардаг "унгарил" буюу хөвөн нь
зургадугаар сарын сүүлчээр ихэснэ. Энэ "унгарил" харшил үүсгэх
чадваргүй, харин гудамжинд хог болдог. Яг энэ үеэр ерхөг согоовор мэтийн
үет ургамлууд тоосоо гүвдэг учир хүмүүсийн харшил хөдөлдөг. Манайхан
ерхөг согооврыг байрны хажуу талбай, цэцэрлэгт тариад цэцэглэх үеэр нь
тайран янзлахгүй, тариан талбай шиг найгуулан ургуулдаг учир харшил
үүсгэгч тоосоо ихээр гүвдэг. Харшлын гуравдугаар үе буюу намрын эх зуны
төгсгөлийн харшлыг шарилж лууль мэтийн хөл газрын ургамал үүсгэдэг.

Шарилж лууль нь ус чийг гололгүй хаа л бол хаа ургадаг учир нэг талаар
манай хотыг "ногоон хот" мэтээр "гоёх" боловч харшил үүсгэх чадвараар
хамгийн хүчтэй ургамал учир эдгээр ургамлын цэцэглэн тоосоо гүвдэг
долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20 хүртэл хүмүүсийн харшил
хамгийн хүчтэй хөдлөнө. Нэгэнт харшил авсан хүн бол зуны аль сард
хөдөлдөгөө мэдэж байгаа учир бололцоотой бол тэр үедээ амралтаа авч
нутаг солих хэрэгтэй.

Жишээ нь шарилж лууль нь Хөвсгөлийн тайга, Хэнтийн өндөр ууланд бараг
ургадаггүй. Зарим хүн хил даваад л харшил өргөс авсан мэт намдаж, Замын
үүдэд орж ирэнгүүт эхэлдэг тухай гайхан ярьдаг. Энэ ч бас нутаг сольж
харшилтай ургамлаасаа холдохын ач юм.


-Нэг гэр бүлийн хэд хэдэн хүмүүс адилхан харшилтай байх юм, харшил удамшдаг юм уу?

-Харшлын өвчин халдахгүй. Хүүхэд эхээс төрөхдөө харшламтгай байдлыг эцэг
эхээсээ удамлан төрдөг. Харшламтгай байдал нь хожим харшлын өвчин болж
илэрч болно. Өөрийгөө сайн хамгаалж явбал бага зэргийн харшлын урвал
илэрч, намдаад явж ч болно.

-Хүүхэд харшилтай байж болох анхны шинж тэмдгийг яаж мэдэх вэ?
-Хүүхэд төрөхдөө хөөнгө том төрөх, илүүдэл жинтэй байх, арьс нурамтгай
байх, толгой нь хагтах, хацар нүүрээр нь улайж туурах гэхчилэн шинж
илрэхээс гадна ханиад хүрэхээрээ "цээжээ барих, удаан ханиах, шөнө их
ханиах, гүйж тоглохоороо ханиах зэрэг шинж ажиглагдана. Хүүхдээ
харшилгүй байлгах, харшлаас хамгаалах гэдэгт хүүхдээ эрүүл чийрэг,
рахит, тураалгүй өсгөх, хөхөөрөө тэжээх, зөв хооллох, эм тариаг аль
болох бага хэрэглэх, гэртээ амьтан тэжээхгүй байх, эцэг эх нь тамхи
татахгүй байх, гэртээ тоос татах хивс, зөөлөн буйдан, үстэй тоглоом бага
байлгах хэрэгтэй.

-Ургамлын тоосны харшлын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Найтаах, хамраас ус гоожих, хамар битүүрэх, хоолой тагнай, чихэн дотор
загатнах, нүд улайх, нулимс гоожих, нүд загатнах, хорсох, нуухтах зэрэг
шинж илэрнэ. Нүд хамрын зовиур ихэвчлэн хамт явагдана. Хавар эрт зөвхөн
нүд улайж, хамар битүүрэхгүй бол нарны туяаны харшил байж болно.

-Тэгвэл зөвхөн хамар нүдний зовиуртай байсан харшил хүндэрвэл
ямар шинж гарах вэ. Юунаас харшилснаа мэдэхгүй хүмүүс дураараа эм уух нь
түгээмэл байдаг шүү дээ.

-Харшлаа ханиад гэж буруу эмчлүүлэх, эмчлэхгүй удах, дан ганц хамрын
дуслаар аргацааж удаах зэргээс манайхны хэлж сурснаар "астма" буюу
гуурсан хоолойн багтраа өвчин үүсэх нөхцөл бий болдог. Өвчлөөд удаагүй,
зөв эмчилж байхад ч багтрааны шинж илэрч болно. Энэ нь тухайн хүний хэт
мэдрэг байдлаас шалтгаалж, их шарилжтай газар ажиллах, машины цонхоо
онгойлж хол газар өвс ногоон дундуур удаан давхих зэрэгт амьсгал давчдан
багтрааны шинж үүсч болно.


-Шарилжны харшил эдгэх биш дээ гэж хүмүүс залхаж юу сайн гэсэн болгоныг хэрэглэж харагддаг. Энэ хэр хортой вэ
?
-Ургамлын харшил бол улирлын чанартай. Бүх ургамлын харшил авчихаагүй
ганцхан шарилжны харшил авсан бол долдугаар сарын 20-ноос есдүгээр сарын
арав хүртэл шарилжгүй газар амрах, нутаг солих зэргээр шарилжнаас хол
байж чадвал ганц ч эм хэрэглэхгүй эрүүл бөгөөд зовиургүйгээр өнгөрнө.
Харин эмчийн зөвшөөрөлгүй дур мэдэн хэрэглэсэн эм болгон ихэвчлэн хортой
байдаг. Зарим хүн Кеналог-40 , дексаметазон, преднизолон гэх мэт
дааврын бэлдмэл хэрэглэсээр биеэ маш ихээр хордуулах нь бий. Эдгээр
эмүүдийг ихээр хэрэглэвэл даралт ихэснэ, яс сийрэгжинэ, хөөж таргална,
ходоодны шарх ч үүсгэж болзошгүй. Зарим хүн ганцхан нафазолин дусаасаар
хамрын салстаа эдгэршгүй өөрчлөлт оруулан гэмтээсэн байдаг. Зарим хүн
ганц мэддэг хлорфенираминдаа дасал болж үйлчлэхээ байтал нь уудаг. Хүн
өөрийгөө хайрлахгүй бол өөр хүнд анхаарал халамж тавина гэдэг худлаа.
Бие махбодод хоргүй, орчин үеийн, харшлын эсрэг маш сайн үйлчилгээтэй
харьцангуй өндөр үнэтэй эмийг хэрэглэхээc зайлсхийж, үнэ хямдтайгаар нь
хлорфенирамин, нафазолин хоёрыг хор болтол нь хэрэглэдэг хүмүүс байдаг.

-Шарилж, луультай яаж тэмцэх вэ?
-Хотын айл өрх албан газар бүгд шарилж луулийг цэцэглэж үрээ цацахаас нь
өмнө үргэлж тайрч хаяж байх хэрэгтэй. Зарим айл, албан газар шарилжаа
устгаад зарим нь ургуулаад байвал тоос нь салхиар дамжин хаа ч хүрч
харшил үүсгэж болно. Тиймээс нэгэн жигд бүх хүн шарилжтай тэмцэх
хэрэгтэй.


-Харшилтай хүмүүс бага хэмжээний зовиуртай байхын тулд эмнээс гадна ямар арга хэмжээ авч байвал зүгээр вэ?

-Цонхныхоо салхивчийг өдөржин хааж, хүн машины хөл хөдөлгөөн зогсох шөнө
дунд онгойлгож, үүрээр хаах, гэр бүлийн бүх гишүүд гадуур явж ирээд
өмсөж ирсэн хувцсаа сольж, гэрийн хувцас өмсөн, үс толгойгоо угаах
хэрэгтэй. Гадуур өмсөж байсан гутал хувцсыг хаалгатай шүүгээнд хадгална.
Харшил хөдөлсөн үедээ архи, пиво, дарс, халуун ногоо, самар, жимс,
далайн хоол зэрэг харшил их үүсгэдэг хоол хүнсийг хориглох шаардлагатай.
Намар болж шарилж лууль хагдарч унасны дараа цонх болон гэрийн доторхи
тавилгаа маш сайн цэвэрлэж ургамлын тоосноос салах хэрэгтэй. Угаасан
хувцас, ор хөнжлийн даавууг гадаа хатаахад ургамлын тоос тундасжин
тогтох тул гадаа хатаах хэрэггүй. Ургамлын харшилтай хүнтэй айл гэртээ
амьтан тэжээх нь харшлаа өвөл зунгүй үргэлжилдэг болгоно гэсэн үг.

-Ургамлын тоосны харшилтай хүмүүс ямар эм уух нь зүйтэй вэ?
-Орчин үед нойр хүргэх гаж нөлөөгүй, 24 цагаар үйлчилдэг эм
үйлдвэрлэгддэг болсон байна. Хамрын харшлын үед дааврын бэлдмэлийг ууж
тарьж хэрэглэснээс хамартаа шүрших хэлбэрээр нь хэрэглэхэд маш өчүүхэн
тунгаар хамгийн их үр дүнтэйгээр үйлчилдэг. Хамартаа эм дусаасан ч 8-12
цаг үйлчилдэг орчин үеийн эмийг нь дусаана уу гэхээс 3-4 цаг үйлчилдэг
нафазолин дусаагаад байвал хамрын салст хатаж, шархлан цус гоождог
болно. Харшлын эмчийн хяналтанд орж, сорил тавиулж харшилтай ургамлаа
тодорхойлуулаад, харшлаа хэзээнээс хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэж,
тухайн үедээ ямар эм хэрэглэхийг заалгаж, жилдээ нэг үзүүлээд явах нь
зүйтэй.

-Ургамлын гаралтай хоргүй гэж сурталчлаад байгаа эм харшилтай хүмүүст таарах уу?
-Тэр болгон таарахгүй. Харшилтай ургамлаар нь хийсэн, эсвэл тэр ургамал
нь өчүүхэн ч гэсэн орсон бол харшлыг хүндрүүлнэ. Царвангаар хоолой
зайлах нь шарилжны харшилтай хүнд огт таарахгүй. Зөгийн бал ч ургамлын
тоосны бүтээгдэхүүн учир харшил үүсгэж магадгүй. Ихэнх ургамал солбих
урвалаар харшил үүсгэдэг. Жишээ нь хусны тоосонд харшилтай бол алиманд
харшилтай байх гэх мэт.

-Ургамлын харшил ямар насны хүмүүст үүсдэг юм бол?
-Ямар ч насны хүнд ургамлын харшил үүсч болно. Манай эмнэлгээр нэг
настай хүүхдэд ч ургамлын харшил оношлогдож байсан. Ихэвчлэн цэцэрлэгийн
ахлах анги, сургуулийн насанд эхлээд цааш үргэлжилдэг. Хотын оршин
суугчид, оюуны хөдөлмөр эрхлэгчдэд элбэг тохиолддог.

-Харшлын өвчнийг хэзээ эмчилж эхэлбэл сайн бэ?
-Харшил хөдлөхөөс өмнө эмчилгээ эхэлбэл үр дүнтэй байдаг тул хяналтын
эмчдээ үзүүлж зөвлөгөө авч зуныхаа эмчилгээг эхлэх хэрэгтэйг
анхааруулмаар байна. Харшлын өвчнийг хөдөлгөхгүй байж болох мембран
бэхжүүлэх эмчилгээг аль болох эртээс уйгагүй хийвэл маш сайн үр дүнтэй
байдаг. Гэвч огт зовиургүй байхдаа ихэнх хүн хайнга байдаг. Мембран
бэхжүүлэх үйлчилгээтэй интал гэдэг эмийг хүн хамар нүдэндээ өдөрт
дөрвөөс доошгүй дусаагаад байвал харшил хөдлөхгүй.

Д.Нэргүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж