Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сонгуулийн Ерөнхий Хороо, Зэвсэгт хүчний Жанжин Штаб, Хил хамгаалах Ерөнхий Газар, Дотоодын цэргийн удирдлагуудтай санал солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтаар хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын сонгох эрхээ эдлэх боломжийг хангах, тэдгээрийн иргэний үнэмлэхийг бэлэн байлгах, нэрсийн жагсаалтыг үйлдэх зэрэг сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтай холбоотой асуудлаар санал солилцох юм.
Хүний эрхийн үндэсний комисс дөрөвдүгээр сараас эхлэн Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Энэ нь 18 нас хүрсэн иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэсэн МУ-ын Үндсэн хуулийн заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, түүнчлэн ээлжит сонгуулийн үеэр гардаг сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой зөрчлийг гаргуулахгүй байх зорилготой юм.
Д.ЖАРГАЛ