Төгсөгчдийн төгөлтэй болох санаачлага гаргав

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Төгсөгчдийн төгөлтэй болох санаачлага гаргав

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Байгаль орчныг хамгаалах холбоо хамтран Төрийн ордны Их танхимд өнөөдөр “Экологийн хямралыг бууруулахад бидний оролцоо” сэдвийн дор хүүхэд залуучуудын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад ерөнхий боловсролын дунд сургуулийн 800 орчим сурагч оролцож байгаль орчныг хамгаалах чиглэлээр санал бодлоо уралдууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн зохисгүй ашиглалтаас болж байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж хамгаалах асуудал чухлаар тавигдаж буй юм. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Байгаль орчныг хамгаалах холбоо хамтран хүүхэд багачуудад байгалиа хамгаалах боловсролыг олгож энэ чиглэлээр хөдөлгөөн өрнүүлсэн цагт үр дүнд хүрнэ гэж үзэж дээрх арга хэмжээг зохион байгуулсан нь энэ аж. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “Хууль бусаар мод огтолж зардаг эцэг гэртээ ирэхэд хүүхэд нь “Аав аа хоёулаа маргааш хамтраад мод таръя” гэвэл тэр хүнд “Ерөөсөө ийм ажил хийхээ болъё” гэж бодогдох юм уу эсвэл зөвшөөрөл авч мод авдаг болъё гэсэн бодол төрж байвал байгаль хамгаалах зорилго маань хүүхдээр дамжиж хэрэгжиж байгаагийн нэг хэлбэр” гэж хэлсэн юм.

Мөн дээрх арга хэмжээнд оролцсон ахмад экологичид сурагчдад хандан өвөө, эмээтэйгээ хамтраад хашаандаа мод тарихыг зөвлөж байна. Мод тарьж сурснаар хүн ус, хөрсний чиглэлээр асар их мэдлэгийг олж авахаас гадна ажил хийж сурдаг. Сурснаа чи найздаа бас зааж өгнө. Ингэж чадвал чи эх орон ч хүн болж байгаагийн шинж гэж захилаа.

Ямар ч байсан дунд сургуулиуд экологийн боловсрол олгох чиглэлээр зарим нэг ажлуудыг эхлүүлсэн байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургууль нь туршилтын талбайтай гэнэ. Туршилтын талбайдаа тус сургуулийн сурагчид жил бүрийн тавдугаар сарын 15-20-ны хооронд багш нарынхаа хамтаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг. Сурагчид өөрсдийн гараар ургуулсан ногоо, жимс жимсгэнээ намар нь буюу есдүгээр сарын 15-20-ны хооронд хурааж түүгээрээ ургацын баяр хийдэг. Энэ нь сурагчдад байгалиа хамгаалах ухаанд сургаад зогсохгүй амьдрах ухаанд сургадаг сайн талтай тул ерөнхий боловсролын дунд сургуулиуд бүгд туршилтын талбайтай болох ёстой гэсэн санаачлага ч уг чуулга уулзалтаас гарч байлаа. Эцэст нь чуулга уулзалтад оролцогчид уриалга гаргасан юм. “Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлцгээе” уриан дор нэгдсэн энэхүү чуулга уулзалтад оролцсон сурагчид экологийн цагдаа ажиллуулах, их, дээд болон дунд сургууль төгсөгчид нь мод тарьдаг уламжлал тогтоож Төгсөгчдийн төгөлтэй болох зэрэг хэд, хэдэн санаачлагыг гаргалаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж