Улаангомын цэцэрлэг хаагдахад хүрээд байна

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Улаангомын цэцэрлэг хаагдахад хүрээд байна

Улаангом сумын наймдугаар цэцэрлэг 2010-2011 оны хичээлийн шинэ жилээс үйл ажиллагаагаа эхлүүлж, шинэ байранд орсон ч түрээсийн төлбөрөө төлж чадахгүйн улмаас хаагдахад хүрээд байна. Тухайн цэцэрлэг нь сард метр квадрат талбайг 4500 төгрөгөөр  түрээслэдэг бөгөөд нийтдээ 615 метр квадрат талбайтай аж. Түрээсийн төлбөр нь сард 2,7 сая, жилдээ 28 орчим сая төгрөг. Өнгөрсөн жил аймгийн Засаг дарга болон Улаангом сумын Засаг даргын нөөц, Боловсрол соёлын газрын дэмжлэгээр түрээсийн төлбөрөө төлсөн байна. Гэтэл 2012 он гарсаар түрээсийн гэрээ байгуулсан ч төлбөрөө хийгээгүйн улмаас тус цэцэрлэгийн 22 багш ажилчид, 171 хүүхэд гудамжинд гарах дээрээ тулаад байна. Тухайн барилга нь анх 350 сая төгрөгөөр боссон ч цэцэрлгийн зориулалтаар ашиглах болсонтой холбогдуулан заал, агуулах нэмж барьснаар үнэ нь 450 сая төгрөг болж өсчээ. Одоогоор Улаангом сумын  захиргаанаас тухайн барилгын эзэн “Аривжих-Увс” компанийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Сүхбаатарт цэцэрлэгийг  зургадугаар сарын нэгэн хүртэл ажиллуулах хүсэлт тавиад байна. Хэрэв тухайн компанийхан өнөө маргаашгүй байр суллаж өг гэвэл цэцэрлэгийн багш, ажилчид сул зогсолтын мөнөө аваад гарах байх. Харин цаана нь 170 гаруй хүүхэд сурч хүмүүжих орчингүй үлдэх нь ээ. Жил бүр 28 сая төгрөгийн  түрээс төлж байснаас уг барилгыг төр худалдаж аваад тухайн цэцэрлэгт эзэмшүүлчихвэл болохгүй гэх газаргүй. Энэ жил Улаан гом сумын гуравдугаар багт шинэ цэцэрлэг барихаар зураг төсвийг хийсэн байгаа.Тэгэхээр түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгтэй зургадугаар багийнхан хүүхдүүдээ яах вэ гэдэг асуудал шүдний өвчин боллоо.

Б.Батхүү /Увс/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж